
Энэ онд нийслэлд хийж байгаа зам засвар, бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг бол Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам юм. Тус замын ажил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны тавдугаар сарын 9-нөөс эхэлсэн бөгөөд гэрээнд заасан хугацаанаас 10 хоногийн өмнө буюу өнөөдөр нээлтээ хийлээ. Тус замын ажлыг “Экспресс зам” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд хуучин авто замын зорчих хэсгийн өргөн долоон метр, нийт далангийн өргөн 10 метр байсныг өргөтгөн шинэчилснээр далангийн өргөн 21 метр, зорчих хэсгийн өргөн 14 метр болж, дөрвөн эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай, дөрвөн цэгт ус зайлуулах төмөр бетон дөрвөлжин хос хоолойтой, гадаргуугийн ус зайлуулах лоткитой, хоёр талдаа гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн авто зам болгон өөрчилж шинэчилжээ.
Уг замыг өргөтгөн шинэчилснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар 50 хувиар дээшилж, суурьшлын бүсийн өнгө үзэмж нэмэгдэж, амьдрах орчин сайжирч, иргэд тав тухтай зорчих боломжоор хангагдаж байгаа юм. Энэхүү замын ажлыг нийт долоон тэрбум 565 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө уг замыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн “Экспресс зам” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Замын ажилтай танилцаж байхад хяналт тавьж байсан инженерүүд чанартай зам болж байгаа гэдгийг хэлж байсан. Бид сонгуулийн үеэр Баянхошууны иргэдтэй уулзаж, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг татсан бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэж ярьж байсан. Өнөөдөр Баянхошууны иргэд энэ бүхэн зөвхөн сонгуулийн амлалт төдий биш, үнэхээр ажил хэрэг болж байна гэдгийг ойлгож, баярлаж байна. Ирэх хавраас бид Азийн хөгжлийн банктай хамтран хотын захиргааны барилгын ажлыг эхлэх гэж байна. Энэ бүхэн Баянхошууг хотын гол төв болгох ажлын нэгээхэн хэсэг юм. Энэ зам бол Баянхошууны иргэдийн амьдралыг хөнгөвчилж, амьдрах орчинг дээшлүүлж байгаа юм. Тийм ч учраас энэ замыг “Ард түмний зам” гэж нэрлэвэл зохилтой” гэв.
Баянхошууны зам нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.