Шууд Chart

Хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн заримыг сэргээлээ

2014-10-29 16:46:52

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” мөрдөгдөж байх хугацаанд 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг шүүхээс тогтоосон байдаг. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд хүчингүй болгосон юм. Эдгээрийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан гэх мэдээлэл бий. Тэд тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэгддэг.

Гэтэл гэнэт тусгай зөвшөөрлийг нь цуцалсан учраас нөхөн төлбөрөө төрөөс нэхэхэд хүрчээ. Гэвч үүнийг төсвөөс гаргах бололцоогүй.  Тйимээс өнгөрсөн хаврын чуулганаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор, тэдэнд нөхөн төлбөр өгөхгүйгээр, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан талбайг нь эргүүлэн олгох бололцоотой болсон юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр  “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын дагуу гаргасан. Гэвч 106 тусгай зөвшөөрлийн талаас илүү хувьд нь сонгон шалгаруулалт зарлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Эдгээрийн 18 нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 32 нь урт нэртэй хуульд хамаарах бүстэй, 9 нь тусгай хэрэгцээний газартай, 1 нь стратегийн ордтой давхцсан байгаа учраас тэр юм. Харин давхцаагүй, сонгон шалгаруулалт явуулах боломжтой ердөө 46 талбай байна. Эдгээрээс босго үнэ нь баталгаажсан 14 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас, 3 талбайд огт санал ирээгүй. Харин санал ирсэн 11 талбай эзэнтэй боллоо. Тухайлбал, “Ногоон тал”, “Довцог худаг”, “Хашаатын хөндий”, “Хөх толгой”, “Цогт хайрхан уул”, “Улаан эрэг”, “Бага хөх цав”, “Хөх хошууны худаг”, “Хонхор дэрс”, “Товцог хайрхан уул”,  ”Хар ат уул”  гэсэн нэр бүхий 11 талбайд сонгон шалгаруулалт хийгдэж тусгай зөвшөөрлийг нь олгож эхэллээ. 

Давхцалгүй талбайнаас ийнхүү 11 талбайд хайгуулын зөвшөөрөл олгосон бол, зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон дараагийн ээлжийн 10 талбайн сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарласан байна. Эдгээр нь 55 орчим мянган га талбайг эзэлж байгаа бөгөөд таван аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа юм. Сонгон шалгаруулалтанд оролцох саналыг ирэх сарын 29-нийг хүртэл авна гэж Ашигт малтмалын газраас манайд мэдээллээ. Дашрамд дурдахад,тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтанд тэнцвэл, “босго үнэ”-ээс дээшхи төлбөрийг төлнө. Харин бусад аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруултанд тэнцвэл, өмнөх лиценз эзэмшигчид “босго үнэ”-ийг төлж, үүнээс дээшхи төлбөрийг төрд төлөх юм байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

Хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн заримыг сэргээлээ   
Үзсэн: 1666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй