Шууд Chart

Ноён байтугай нохой ч бол өмөг

2014-10-30 10:34:24

Нэгэнтээ говийн догшин ноён хутагт Данзанравжаа ийн сургамжилсан байдаг. Өнөөдөр энэ мэргэн зөвлөмжийг дагах цаг болсон мэт. Төр засаг тогтворгүйтэж, түмэн олон сэтгэл зовнин буй. Асуудлын гол нь ард түмний амьдрал доройтсонд биш, бас инфляци гэх үзүүлэлт хоёр оронтой тоонд шилжсэнд ч бус болохыг ойлгож ядах юмгүй. Мэдээж энэ хоёр хүчин зүйл нөлөөлөх нь нөлөөлсөн л байх. Яахав сөрөг хүчин энэ хоёр тоон үзүүлэлтээр шалтаглан тоглолтоо хийх нь буруутгахаар хүчин зүйл биш л дээ. Хийх ёстой л улс төрөө сулавтархан шиг гүйцэтгэж байгаа нь тэр.

Асуудлын гол нь Ардчилсан нам гэх том “тос” дотроосоо өтөж эхэлсэнд л оршин буй. Энэ талаар иргэд ч, АН-ынхан өөрсдөө ч сөрөг хүчнээрээ хэлүүлэлтгүй ойлгохын дээдээр ойлгоод хэлж яриад эхэлчихсэн. Уг нь тэдгээр “өт”-ийг өөрсдөө л сайн хэлэлцэж, зөвлөлдөж байгаад ухаад хаячихмаар л хөндлөнгөөс харагддаг. Тийм хүч, боломж, оюун ухаан, сэтгэлийн тэнхээ, иргэний зориг 25-ны жилтэйгээ золгож, ноён нуруу тэгшрэх үедээ шилжин буй энэ намд дутсан гэвэл итгэмгүй. Гагцхүү хэлцэж мэтгэлцэх боломж л бүрдэхгүй байна уу даа. Бүрдүүлэхийг хүсэхгүй шалтгаан буй ч байж мэднэ. Бодвол хэлцэх ёстой “ноёд” нь өмөг болохоосоо илүү “өр өшиглөөд” болдоггүй гэх.

Аль аль талдаа л буруутайг өмгөөлөх нь утгагүй. Мөнөөх Равжаа хутагт иймэрхүү үйлдлийг зэмлэсэн нь буй “Сайн морь үхэр мэт мөөрвөл тун зүдэг, Сайн ноён юмны түрүүнд аашилбал ичгэвтэр” гэж. 25 жилийн тэртээ өнөөдрийн ардчилсан нийгмийг байгуулалцах гэж хэрэндээ л бие сэтгэл чилээн, ажил амьдралаараа ад шоо үзэгдэн тэмцсэн мань мэтийн “партизан”-уудаас эхлээд олон мянган жирийн гишүүд өөрсдийн байгуулсан төр засгаа цагаас нь өмнө бужигнуулахыг түвдэхгүй л байна санж. Дээгүүрээ хэл амаа ололцохгүй, сандал ширээ булаацалдан хэмлэлдэх нь тун тоогүй. “Үзэл явдал, санаа таарвал ганц хүн ч нөхөр, үг үгээ эс дагавал олон хүн ч бол дайсан” гэдэг л Ардчилсан намд маань нүүрлээ юу даа. 2014.10.29-нд Засгийн газраа огцруулах эсэхийг хэлэлцэнэ гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Магад ч үгүй сөрөг хүчний 28 дээр манай 15 \элсний 13 давтагдаж байна гэлтэй\ нийлж байгаад  унагааж ч магадгүй. Ингэсэн тохиолдолд Ардчилсан намд олдсон хамгийн өндөр боломж дахин хэзээ ч заяахгүйгээр алдагдах магадлалтайг үгүйсгэх аргагүй. Засгийн газраа үзэн ядах шалтгаан нь Н.Алтанхуяг гэгч муу муухайн цогц бүрдсэн \хэвлэлээр бичигдсэнүүд үнэн гэж үзвэл шүү дээ\ Ерөнхий сайд бололтой юм. Тиймэрхүү тал ч бий л дээ. “Сайн ноён юмны түрүүнд аашилбал ичгэвтэр”-ийн  үлгэрээр болчимгүй хөдөлсөн хоёр, гурван баримтыг бүх хүн цээжилчихсэн, ялангуяа сөрөг талынхны амны уншлага болсон нь “даравч дардайх”. Ядаж байхад “...нохой ч бол өмөг” гээд МАХН \үнэндээ бол Н.Энхбаяртай \-тай гэрээ хэлцэл байгуулаадахсан чинь  “бүр морийг нь унуулчихсан” байх. Залруулаад ч тусыг эс олов.

Үүнээс өөр хувилбарыг зөвлөсөн хүн байгаагүй учраас л сонголтоо хийсэн болов уу. Э.Бат-Үүл баатарт илүү сайн санаа байсан л биз, дэд даргын хувьд даргадаа хэлээгүй л болохоос. Цаад нөхөр \Н.Энхбаярыг хэлж байна\ нь “үүргээ гүйцэлдүүлж” аваад “нутаг” буцах шив дээ. АН-ын нэр хүндийг ийм л үед нь хатгаад өгөх өөр тохиролцоо хийгдсэн байсан ч юм билүү хэн мэдлээ. Яагаад гэвэл МАХН-ынхан өөрсдөө ч уг гэрээ гэгчийг эсэргүүцээд мэдэгдэл хүртэл гаргасан байсан. Хоёр барын зодооныг уулын орой дээрээс хараад эгзэгтэй мөчийг хүлээж байх тухай Күнзийн сургаал байдаг даа. Тэр л санаанд буугаад болдоггүй. Үйлийн үртэй Ерөнхий сайд бөгөөд АН-ын дарга зайлуул хоёр жил гаруйхны дотор долоо дахь удаагаа огцруулах тулаанд орж байна. Царцаа Намжил шиг л аз таарахгүй бол хүчин мөхөсдөж мэдэх. Н.Алтанхуяг гэдэг хувь хүн ч дүүрч.

УИХ-ын гишүүнээ хийгээд л үлдэнэ биз. Харин Ардчилсан нам яах билээ. Намын даргадаа дургүй хэсэг цөөнгүй ч нам нь төр засгийн бүх эрх мэдлийг үндсэндээ бүрэн атгаж, гишүүд дэмжигчдэдээ нөмөр нөөлөг болсон, бас сэтгэл өег, нуруу гэдгэр алхах боломж бүрдсэн энэ цаг үеийг бусниулахыг хүсээгүй нь илүү олон гээд мөрийцсөн ч алдахгүй. Засгаа унагаахыг хүсэгчид болохоор манай Засгийн газар юм чинь манай л хүн Ерөнхий сайд болно ялгаа байхгүй л гэж ухуулж байна. Ялангуяа сөрөг \МАН-ыг хэлж байна\ талынхан ч ингэж л ятгаж байхыг өдөр бүр сонсож буй. Үнэний хувь ч бий л дээ. Харамсалтай нь тэд өнөөдрийг биш 2016 оны сонгуулийг л харж ийнхүү жүжиглэж байгаа нь нууц биш. Яахав тэдний бас манай намын зарим бүлэг, фракцийн хүсэл биелж, шинэ Ерөнхий сайд томилогдлоо гэж бодъе.

Жил гаруйхны дотор эдийн засгийн хямрал арилж, ард түмний амьдрал суга дээшлэх тийм аугаа төсөл, хөтөлбөр, мөнгө төгрөг, итгэл үнэмшил байгаа юу. Дараагийн Ерөнхий сайд Амаржаргал ч юм уу, Баярцогт боллоо гэж бодъё. Муу ч сайдууд биш л дээ. Гэхдээ л “Би хийх байсан. Н.Алтанхуяг бүгдийг нь идчихсэн байна. Уучлаарай” гэвэл яах вэ. “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гэж мэргэн үгийг мэдэхгүй хүн үгүй. Тайлбарлах нь илүүц биз. Одоо яая гэхэв. Оросуудын хэлдгээр “галт тэрэг хөдөлчихсөн” бол хожмоо бодсон нэг алхам байна аа.

Сайн, муу хоёр мэдээний алийг нь сонгох вэ гэдэг шиг муу талаасаа 2016 оны сонгуулиар АН ялагдал хүлээвэл “засгаа, унагаасан” товчлуурын эзэдтэй хариуцлага ярихын тулд, сайн талаасаа засгаа намын даргаа сольсон нь зөв болж сонгуульд дахиад ялчихвал зөв товчлуур дарсан гишүүдээ шагнахын тулд гэсэн үндэслэлээр товчлуур дарсан хурууны эзнийг мэдэх нь чухал. Мэдээж зөвхөн АН-ын гишүүдийнхээ шүү дээ. Одоо ч бараг тодорхой болчихсон л доо. Гэхдээ цаг нь тулахаар эсрэг болон эерэг товчлуур дарсан эзэн олдохгүй байж магад. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ЕНБД нар хэвлэлээр сүрхий дуугарсан байна лээ. Оройтсон ч гэсэн оргүйгээс дээр.

Уг нь аль хэдийнэ дуугарч, гишүүд дэмжигчидтэйгээ уулзан төр засгийн хийж буй сайн ажлуудыг дэмжүүлэх, өөрсдөө ч нэмэр болох гээд хийх ажил мундахгүй байлаа. Даанч олигтой хөдөлсөнгүй таг чиг шахам байсаар өдий хүрчихэж. 2000 онд АН нэг суудалгүй ялагдсан байх үедээ бүх аймаг сумдад явж “Ардчилсан нам ард түмнээ сонсож” байсныг гишүүд мартаагүй. Өдгөө сөрөг хүчнийхэн тэр туршлагыг хэрэглэж байх шив дээ. Нам доторх бүлэг, фракцууд орон нутагт цугларалт, хуралдаан хийснийг үгүйсгэх гэсэнгүй. Зорилго нь арай өөр, магад ч үгүй өнөөдрийн мухардмал байдлыг бий болгоход чиглэсэн болов уу гэлтэй ч гадна талдаа ойлгогдож байсан гэдгийг нуугаад ч яахав. Ерөнхийлөгч ийм үед дуугарсангүй гэх шүүмжлэл явдаг л юм. Ерөнхийлөгч бол АН-аас нэр дэвшиж гарсан болохоос АН-ын гишүүн биш, хуулиараа.

Тиймээс нэг намын бужигнаанд оролцож болохгүй, тийм эрх ч байхгүй. Гэхдээ л төр засгаа тогтвортой ажиллуул, давхар дээлийг тайлах хуулийг 2016 оноос хэрэгжүүл, төрийн данхар бүтцээ тана, төсвөө зөв зарцуул гэхчилэн хамгийн ойлгомжтойгоор үзэл бодлоо илэрхийлсээр л ирснийг дурдах нь зүй. Ингээд харахаар төрийг тогтворгүйтүүлсэн гол эзэд нь УИХ, тэр тусмаа олонхийг бүрдүүлж буй АН-ын гишүүд болохыг бүгд л мэдэж, шүүмжилж байгаа. “Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй” гэх ёжлол АН-д хаяглагдсаар удаж байна. Ардчилсан намын мянга мянган гишүүд “муу нохойн ходоод” байхыг хүсэхгүй. Шар тосыг тогтоо л доо, эрхэм гишүүд минь. Фракц мракцаа түр царцаагаад намаа бодох иргэний зориг баймаар л юм.

Олхонууд ШААБАР

Нийтэлсэн: Олхонууд ШААБАР

Ноён байтугай нохой ч бол өмөг  
Үзсэн: 3137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2014-11-02 11:54
баатар. Таны хэлдэг үнэхээр зөвдөө. энэ төрд хэн ч гарсан өөрийнхөө төлөө, ямар хэлбэрээр идэж ашиглах вэ гэдгээ урдаа барихаас биш ард түмэн,улс орноо гэх хүн үнэндээ алга болсон байна даа.
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-11-01 20:09
АН-ын гишүүдээ та нар өнөөдөр 2016 оны сонгуулийг бодоод Засгийн газраа хэвээр нь байлгахыг хүсч байна. Тэгвэл ард түмэн чинь энэ байдлаараа 2016 оныг байтугай 2 хоногийнхоо хоолыг яаж олох тухай толгойгоо базаж сууна. Та нарт 2 жилийн дараагийн сонгууль, сандал ширээ хэрэгтэй байгаа ард түмэнд 2 хоногч гэсэн хийх ажил, идэх хоол хэрэгтэй байна. Гэтэл энэ засаг чинь ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн. Одоо та нарын сандал суудлын төлөө энэ засаг хэвээрээ байвал 2 жилийн дараа ард түмэн мөлхөж чадахгүй байдалд хүрнэ. Ард түмнээ бодоод наад Алтанхуягаа сольж өгөөч дээ гуйж байна.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-30 21:47
АН-ынхны ходоодонд шар тос цутгагч нь үнэхээр Алцанхуяг байх нь. Тэгээд шар тос цутгуулсан хэд нь өмөөрөөд хашигчаад байна аа даа.
103.10.20.xxx [103.10.20.xxx] 2014-10-30 19:28
битгий хор найруулж дарь нух чамайг мэднэ шүү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-10-30 17:02
бийл ес болохгүй бол а хуяг байж болохгүй баабараас иш татав

Бидэнтэй нэгдээрэй