Шууд Chart

Түүх давтагддаг л юм

2014-11-07 14:09:56

1996-2000 онд Ардчилсан нам /АХЭ нэртэйгээр/ төр барьж билээ. Улс орон ч ядуу, ардчилсан хүчин ч залуу байж дээ. Нийтийн тээврээр голдуу зорчдог, хувийн машин байтугай гар утас ч барьж үзээгүй хөдөөгийн голдуу тэдгээр залууст улс орны эдийн засаг, гадаад харилцаа, мөнгөний бодлого, байгаль орчин, ашигт малтмал гээд алсыг харсан тодорхой цэгцтэй бодлого бараг байгаагүй гэвэл арай хэтрүүлэг болох биз. Гэхдээ л асуудал тулгарах бүр хэрхэн шийдэхийг урьдчилан тооцсон бодлого байгаагүйн цөөнгүй жишээг мэдэх болохоор хэлж байгаа юм л даа.

Яагаад гэхээр Ардчилсан Холбоо Эвсэл /АХЭ/ сонгуулиар үнэмлэхүй олонх болж, төр засгийн эрхийг атгана гэж  тооцоолоогүй, үнэн хэрэгтээ бэлтгэлгүй ялалттай золгосон гээд хэлчихэд хол зөрөхгүй. Мэдээж ялчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл байлгүй л яахав. Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд бүх сайд дарга нарыг өөрсдөө дотроосоо бүрдүүлэх чинээ бодоогүй л байхгүй юу. 20-30 гишүүнтэй мундаг сайн сөрөг хүчин болох байх гэсэн таамаг олонх нэр дэвшигчийн дотор төсөөлөгдөж байсан болов уу. Ямар сайндаа л хэн УИХ-ын дарга, хэн Ерөнхий сайд, хэн хэн яамдын сайд болох тухай төлөвлөгдсөн “хар хайрцаг” байгаагүй гэдэг юм.

Тэгээд М.Энхсайхан Ерөнхий сайд болж, танхимаа хэрхэн бүрдүүлсэн, дараа нь удалгүй унасан /өөрсдөө унагаасан гэвэл зохино/ дараагийн Засгийн газар гурван сар гаруйхан болоод үүрэг гүйцэтгэгч болж, арван сар шахам оромдсоны дараа гуравдугаар ээлж “хоолондоо орж”, дөрөвдүгээр ээлжийнхэн санаа байсан ч өмнөх ээлжийнхэн байраа тавьж өгөхийг хүсээгүй учир Ерөнхий сайдынхаа эсрэг гарын үсэг зурцгааснаар сайдын суудалдаа үлдэж зөвхөн тэргүүнээ сольсноор АХЭ-ийн засаглал дууссан шүү дээ. Дуусах дуусахдаа дараагийн сонгуулиар нэг ч суудалгүй үзэн ядагдталаа дууссан юм. Ийнхүү юм үзэж нүд тайлж амжаагүй ч Засгаа ойр ойрхон солиод байвал нэг л өдөр өөрөө сайдын суудалд заларч магадгүй гэж мөрөөдсөөр дөрвөн жилээ орхисон байх. Харамсалтай нь засаг нураахад гол үүрэг гүйцэтгэсэн нөгөө хэд /“элсний 13” гэдэг дээ/ -ийг үндсэндээ хаячихсан гэхэд болно.

Өөрөөр хэлбэл “Одоо та нарын хэрэг байхгүй” гээд л түлхчихсэн учир тэгэсхийгээд мартагдсан. Ийнхүү тэд намын нөхдөдөө ч  ад үзэгдсэн байдалтай, цаад эзэддээ ч тээр шаагдсан байдалтай явсаар хувь заяатайгаа эвлэрсэн биз ээ, сураг алдарсан. Урвагчид гэсэн хочноос салаагүй гэсэн үг. Хичнээн гашуун ч гэлээ энэ түүх өнөөдөр мөн л Н.Энхбаяр гэдэг хүний оролцоотойгоор дахин давтагдаж байна. Яасан ч хууртаж ханадаггүй юм. Хэлсээр сануулсаар байхад л өөрсдөө шидсэн цалманд нь харайгаад орчих юм. Одоо 2017 онд 2000 оны сонгуулийн үр дүн бүү давтагдаасай л гэж залбирах үлдэж. Байдлыг ажваас АН дотроо хоёр гурав /арай ч гурав биш байх/ хуваагдаж болзошгүй нь.

Дүрмийн дагуу намынхаа эсрэг санал өгсөн хэдийг намаас хөөнө. Ингэсэн тохиолдолд УИХ дахь олонхийн бүлэг байхгүй болж, МАН бараг олонх болох нөхцөл бүрдэнэ. Харин бие даагчид арав гаруй гишүүнтэй албан бус бүлэглэл болно гэсэн үг. Нөгөө талд нь АН-ын, ИЗНН-ын, МАХН-МҮАН-ны эвслийн гэсэн цөөнхүүд ялгарна. Тэгээд бүгдээрээ МАН-ын өмнө хадаг дэвсэн царайчилна даа. Цаадуул нь ёстой үнэрхэж тунирхахыг үзүүлж өгөх байлгүй. Хэнийх нь хадгийг авч хамтарсан засаг байгуулах нь тэдний л мэдэлд хүссэн ч эс хүссэн ч очино доо. Хадаг барьсан хэдээс мэдээж арай дээр нь АН. Ийнхүү шүүмжлэлийн бай болсоор ирсэн МАНАН /АНМАН ч биш шүү/ дахин татах болно.

Ер нь энэ намаржин бужигнасан жүжгийн зорилго тайлал нь энэ байсан юм биш үү. Өнгөц харвал эрх баригч АН-ынхан л өөрсдөө дотроо хагаралдаад байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ нэлээд эртнээс бэлтгэж, сайн найруулсан тоглолт явагдаж байж гэж харагдаад байна. Бурууг бусдаас хайгаад яахав. Яах ч аргагүй хэргийн эзэд нь буюу гол дүрд тоглогчид нь АН-ын бүлэг фракцууд буюу “элсний 13” мөн. Фракцууд ч гэж дээ, тэр фракцыг үүсгэн байгуулж, ивээн тэтгэж, өмнөө бариад ар талаас нь юу ч болоогүй мэт номын дүр эсгэн суугчид гэдэгтэй маргаад яахав. Одоо хоёрдугаар ээлж хоолондоо орох марафон эхэлчихсэн явж байна. Долоон голтой Н.Алтанхуяг тийм ч амар зайгаа тавиад өгчихгүй нь тодорхой.

Нөгөө талаар түүхэндээ анх удаа /магадгүй сүүлийнх ч байж мэднэ/ төрийн бүх эрх мэдлийг дангаараа барьж буй боломжийг самарсан хамгийн муу үр дагаврыг зах зухаас нь ойлгож эхэлсэн ҮЗХ-ны гишүүд үгээ хэлж шийдвэрээ гаргах байх. Тэд нам, засгаа самарсан /Эрдэнэбат даргын хэлсэнчлэн их буугаар буудсан/ нөхдийг “хоолонд оруулах” нь юу л бол. Тэр тусмаа “сэлэм эргүүлсэн” баатар, тулга нарыг бүр ч халгаахгүй л болов уу. Хэвлэлүүд бичээд байгаа шиг фортунаг ЕС болговол ёстой “сахил хүртээд шал дордох” гэгч болох биз, ард түмэн хүлээж авахгүй.

Ёстой тэр зүгийн тэнгэр мэдэж дээ гээд л орхихоос. Харж л байгаарай нөхцөл байдлыг ингэж эргүүлсэн гол тэмцэгчид намаасаа хасагдаж, журмын нөхдөдөө хараалгаад л үлдэх вий. Өнөө үгүй юм гэхэд 2016 оны сонгуулийн дараа. Байдал хэрхэн өрнөх бол. Ямар боловч МАН-тай хамтарсан засаг /нийгмийн шаардлагаар гэсэн тодотголтойгоор/ байгуулагдах биз. Улс төрийн намууд дугуй ширээнд сууж таарна. Зорилго нь Үндсэн Хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулна. Дагаад Улс төрийн намуудын тухай Хууль, Ерөнхийлөгчийн тухай Хуульд өөрчлөлт орох байх.

Намууд гишүүнчлэлгүй болох, төрөөс санхүүжилт авдаг болох /улс төр, бизнесийн бүлэглэл үүсдэгээс сэргийлэх зорилгоор/ гэхчлэн байнга шүүмжлэгддэг санаануудыг хуульчилж таарна. Магад ч үгүй эхний удаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох, эсвэл нэг хүн хэдэн ч удаа нэр дэвшиж болох гэхчлэн өөрчлөлтүүд орохыг үгүйсгэхгүй. Чухамдаа бол 2017 оны сонгуулиар өдгөө эрх барьсаар ирсэн хоёр том нам /АН, МАН/ ямар ч тохиолдолд олонхийг бүрдүүлэх боломжтой байхаас гадна “элсний 13”-ууд УИХ-д орж ирэх боломжийг хаасан заалтууд тусгагдах биз. Иймэрхүү л дүр зураг төсөөлөгдөж байна. Үгүй ч байж болно л доо. Таамаглалаа л хэлж буй маань энэ. Тэс өөрөөр эргэхийг хэн мэдлээ. Алин боловч ард иргэдийн амьдралд сөрөг нөлөөлөхгүй байвал боллоо. Яг өнөөдрийн хувьд АН-ын ҮЗХ-ны гишүүд л түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэг ойлгомжтой. Найруулсан жүжиг одоохондоо дэс дарааллаараа л явж байна.

Олхонууд ШААБАР

Нийтэлсэн: Олхонууд ШААБАР

Түүх давтагддаг л юм  
Үзсэн: 3488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.98.xxx [183.177.98.xxx] 2014-11-10 15:21
yun MAN-iig tsaraichlah ve..harin odoo l UIH -g taraadag tsag...UIH TSEVERSHIH BOLNO....
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-11-10 10:48
АН хэзээ нэг томоожиж, юм үзсэн хүн шиг энэ улс орноо авч явнаа ... 2016 онд дахиад ганцхан суудалтай үлдэх вий дээ. Хэрэв ганц суудалтай үлдэж чадвал их юм шүү ...
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-09 16:28
Хуцмалаа их хуцдаг болжээ
202.179.0.xxx [202.179.0.xxx] 2014-11-08 11:26
ЭРХЭМСЭГ ШААБАРТАН ТА ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООЧ
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-07 16:28
ene neg sha.batbayar gj neg onigoo baabariig duuriaj shaabar gj ner uurtuu ugsun ineedtei amitan shuu
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-07 15:34
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй