
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө иргэн Л.Цэрэнноров 50 сая төгрөг нэхэн Баянзүрх дүүргийн 13 хороололд баригдаж буй “Баянхайрхан трейд” компанийн 12 давхар барилгын кран дээрээс үсэрч, амиа хорлоно хэмээн сүрдүүлсэн хэрэг гарч шуугиан тариад байгаа.
Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр “Баянхайрхан трейд” компани болон гүйцэтгэгч “УБУ” компанийн зүгээс албан ёсоор тайлбар хийлээ.
“Баянхайрхан трейд” компанитай гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан “УБУ” дотоод заслын компани нь иргэн Л.Цэрэнноров болон өөр есөн бригадтай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан аж.
Болсон явдлын талаар тодруулбал иргэн Л.Цэрэнноров өнгөрсөн тавдугаар сарын 27-нд “УБУ” компанитай гэрээ хийж, зургадугаар сарын 3-наас ажилдаа орсон. Анх гэрээ байгуулахдаа 70-80 ажилтантай баг наймдугаар сарын 1-ийг хүртэл нийт найман давхрын засал чимэглэлийн ажлыг хийхээр хоёр тал харилцан тохиролцсон байна. Гэтэл иргэн Л.Цэрэнноровын бригад 5-20 хүнтэй ажиллаж байсан учир ажлын явц нэлээд удаашрах төлөвтэй болсон байна. Түүнчлэн гэрээний хугацаа дуусахад ажлынхаа 50 хувийг ч гүйцэтгээгүй байсан аж.
Тиймээс “УБУ” компани иргэн Л.Цэрэнноровын бригадын нийт хийсэн ажлыг 10 сая төгрөг гэж үзээд 6 сая 972 мянган төгрөг олгосон бөгөөд үлдэгдэл мөнгийг 8 дугаар сарын 5 буюу өчигдөр олгох ёстой байсан ч дээрх амиа хорлоно хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Гэтэл иргэн Л.Цэрэнноров өөрийн багийнханд ажил гүйцэтгэх явцдаа хувиасаа 15 сая төгрөгийг цалин хөлс болгон өгсөн хэмээсэн ч “УБУ” ХХК энэ хэмжээний мөнгө өгөхгүй гэсэн учраас дээрх үйлдлийг хийхэд хүрсэн бололтой. Энэ тухайгаа тэрээр 50 сая төгрөг дансанд нь орсныг мэдмэгцээ кран дээрээс бууж ирээд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ““УБУ” компаниас манай бригадын хийсэн ажлыг шалгаад гүйцэтгэл нь дутуу байна гээд мөнгөө өгөөгүй. Иймд манай бригадын ажилчид ажлаасаа гарч эхэлсэн. Тэдний цалинг би өөрийхөө мөнгөнөөс тооцон өгсөн” хэмээн хэлсэн байна.
Хамгийн гол нь “УБУ” компани 70-80 ажилтантай гэх хувь хүний бригадтай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан нь өнөөдрийн нөхцөл байдал үүсгэхэд хүргэсэн мэт. Хууль эрхзүйн хүрээнд бол “ажилтан” гэх ойлголт нь хуулийн этгээдийн гэрчилгээ бүхий албан байгууллагад хамааралтай баймаар. Харин барилгын салбарт сайн дураараа бий болсон “Халтуур”-ын бригад буюу “Хувь хүний ажилтан” гэх буух эзэнгүй, буцах хаяггүй, хариуцлага, хяналт тавих боломжгүй хүмүүстэй гэрээлэн ажил гүйцэтгүүлдгээс дээрхтэй төстэй хэргүүд гарсаар байдаг бололтой юм.
Дээрх хэргээс харахад хувь хүнээр ахлуулсан бригад барилгын ажлын аль хүнд, болох болохгүйг нь хийдэг бөгөөд гэрээлэгч байгууллагын зүгээс тооцоо нийлэх үед түмэн шалтаг гаргаж, анх тохиролцсон хөлснөөсөө буцах тохиолдол их байдаг. Улмаар бригад ахалсан иргэн шат шатандаа тоногдож хасагдсан хэдхэн төгрөгөө аваад багийнхандаа цалин болгон өгч, өөрөө хоосон хоцрох тохиолдол ч их гардаг байна.
Ийм хэрэг цаашид ч давтагдахгүй гэх газаргүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр барилгын компаниуд мэдсээр байж “Хувь хүний ажилтан”-тай гэрээлж, эцэст нь гэрээлсэн мөнгөнөөсөө элдэв шалтгаан тоочин, хумсалж, ядарсан иргэдийн амьжиргаагаар тоглодог барилгын салбаруудын даамлууд энд нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй буй за.
Тус хэрэг одоогийн байдлаар шалгагдах шатандаа яваа бөгөөд иргэн Л. Цэрэнноровт хамаг буруугаа тохсон “УБУ” компанийн удирдлагууд барилгын салбарынханд “өөрсдийнхөө шидсэн дэгээнд эргээд унах аюул”-ын дүр зургийг харуулж өгөв бололтой.
Барилгын салбарынхан нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нь болжээ | ||
Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.