Шууд Chart

Сургууль, цэцэрлэгийн засвар нэрээр хэтэвчээ түнтийлгэгчдийн арга нарийссаар

2013-08-08 09:45:11

Жил жилийн намар сургууль, цэцэрлэгийн  засварын ажил дуусаагүй гэх  яриа гарсаар байдаг. Хичээлийн шинэ жил өнөө маргаашгүй эхлэх гээд байхад будаг нь хатаагүй шал бүхий  шохой бужигнасан саарал орчинд  “Засварын ажил дууссан” гээд сууж байдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэвшил болсон ажлын арга барилаа  өөрчлөнө гэж үгүй.

Зунжингаа наадамлаж, хөдөө хээрээр явж ирээд,  найман сар гарчхаад байхад ажилтай гэдгээ гэнэт  санадаг төрийн албаныхны балгаар хүний нялх үрс химийн хортой будаг, шохойны үнэрт хэд хоног толгой нь өвдөн суудаг нь нэгэнтээ энгийн үзэгдэл болсон мэт.
 
Энэ жилийн хувьд мөн л  яг иймэрхүү байдалтай хичээлийнхээ шинэ жилийг угтах нь уу гэмээр дүр зураг ажиглагдсаар. Зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажлын гэрээг өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн гэх мэдээлэл ч бий. Нийслэлийн боловсролын газрын мэдэгдэж буйгаар  засварын ажил одоогийн байдлаар  40 хувьтай явагдаж байгаа аж. Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр аймаг сумдын 122, нийслэлийн 53   сургууль, цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийхээр батласан байна.  Тус засварын ажлын нийт өртөгт гурван тэрбум 670 сая төгрөг төсөвлөсөн байна.
 
Холбогдох албаныхан “Энэ жилийн хувьд төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг саяхан үзэглэсэн тал бий. Үнийн дүн нь 80 сая төгрөгөөс бага хэмжээтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдрээд явж байна. Харин  80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй засварын томоохон ажлын тендерийг нээлттэйгээр зарлан наймдугаар сарын 1-ний өдөр нээсэн.” хэмээн мэдэгдсэн байх юм.
 
“Төсвийн задаргаа нь оройтож ирсэн байг л дээ. Тэр нь яахав.” гэх иргэний нүдээр харахад энд том нэг НО байгаа биз. 80 сая төгрөгнөөс бага зардалтай засварын ажлыг долоодугаар сарын 15-наас эхлүүлсэн мөртлөө түүнээс дээш үнийн дүнтэй засварын ажлыг яагаад ийм хожуу эхлүүлж байгаа юм бол? Бас л төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотой юу?
 
Үгүй байх аа. Дүндээ дүн, бандаа бан гэдгийн үлгэрээр яг бодит байдал дээр хаа газрын засварын ажил ханандаа шохой түрхэн, шаландаа үнэр ихтэй хужаа будгаар давхарлагаа хийгээд л болчихдог гэхэд хилсдэхгүй. Дээвэрлэгээ, сантехникийн засвар ч мөн адил. Хаанаас хямд төсөр муу зүйл олж болохоор байна, түүгээрээ гурилдаад өнгөрдөг.
 
Мэдээж дээш доошоо явуулж байгаа бичиг тооцооны асуудал бол өөр шүү дээ. Тэнд эдгээр засварын ажлууд өндөр өртөг бүхий чанартай материалаар хийгдсэн талаар л тусгагдсан байгаа.
 
Энэ жил гэрээнд заасан хугацааны дагуу наймдугаар сарын  20-25-ны хооронд засварын ажлыг хүлээж авна гэж нийслэлийн боловсролын газрынхан мэдэгдсэн. Гэтэл  өнгөрсөн долоо хоногт үзэглэгдсэн 80 саяас дээш засварын ажлууд амжих уу? Тэдний хэлж буйгаар  гадна засвар, шугамын ажлыг 10 сарын 1 хүртэл үргэлжлүүлэх боломжтой юм байх. “За тэгдэг юм байж” гэж бодъё.  
 
Гэтэл тэдгээр арван сард дуусах  ажлыг үнэндээ хэн ч нарийвлан үзэж, хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл хичээл сургууль гээд ид бужигнаж байдаг анхаарал султай цагаар ажлаа дуусгасан болоод, баяртай. Ажил ийн өрнөхийг тооцоолсон мэт. Эцэст нь засварын ажил гүйцэтгэгч компани, сургууль, цэцэрлэгийн удирдлага дээшлээд яамны холбогдох мэргэжилтнүүдийн хэтэвч  түнтийгээд хоцорно. Дараа жил нь өнөөх засвараа дахиад л хийх шаардлага гарна. Жил жилийн засварын ажил нэг иймэрхүү өрнөнө.
 
Өөрөөр хэлбэл төсвийн задаргаа хойшилсон, санхүүжилт орж ирэхгүй байна гэх улиг болсон шалтгаанаар засварын ажлуудыг хойш нь чангаасаар, өч төчнөөн тэрбум хөрөнгийг үр бүтээлгүй цацаад өнгөрдөг хэвшил улам гүн бат тогтсоор байна. Эдгээр засварын ажлууд алив бүхэн цаг хугацааны аясаар  боловсрон төлждөг тэр л замаар төрийн мөнгөөр гараа угаагчдын арга ч мөн нарийссаар байна уу гэсэн хардлаа төрүүлнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сургууль, цэцэрлэгийн засвар нэрээр хэтэвчээ түнтийлгэгчдийн арга нарийссаар   
Үзсэн: 2726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-08 19:30
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2013-08-08 11:23
яг үнэн.дээр нь зарим нэг цэцэрлэг улсаас засварын мөнгө нтр авсаар байж намар хаварт нь анги засварын мөнгө нэхэж авна. хэлээд болиулах гэхээр яг тодорхоы арга хэмжээ авдаг газар байхгүй. тэгсээр байгаад давраад жил бүр авдаг.энийг нэг цэгцэлдэг,эргээд хариуцлага тооцдог болгох хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй