Шууд Chart

“Алтан Дорнод Монгол” компани 4 сая ам.доллартай холбоотой юу...

2014-12-08 16:14:42

ОХУ-ын иргэн С.В.Паушок 1999 онд манай улсад хөл тавьж, “Алтан Дорнод Монгол" компанийг байгуулж, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Баянгол, Булган аймгийн Бүрэнхангай, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд алтны эрэл, хайгуулын ажил эхлүүлсэн байдаг. Ингэхдээ Төв аймгийн Заамар сумын нутагт орших алтны ордод төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан юм. Эндээс 1999-2007 оны хооронд 26 орчим тонн алт олборлосон гэж яригддаг ч, зарим эх сурвалжууд 28 тонн алт олборлосон гэж хэлдэг.

Ямар ч байсан үүний 9.5 тонныг нь “Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш олборлосон байгаа юм. Энэ алтаа тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу төвбанкинд худалдах ёстой байлаа. Харин татварын байгууллага энэ алтнаас “Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар авах ёстой байсан юм. Ингэхдээ, Лондонгийн металлын биржийн унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулах ёстой байв. Ийм байдлаар 2006 оноос хойш олборлосон 9.5 тонн алтанд “Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулах ёстой байсан юм.

Гэтэл тус компани дээрх татвар гарснаас хойш олборлосон алтныхаа тодорхой хувийг төвбанкинд хадгалуулж, татвараас зайлсхийсэн дуулиант хэрэг тухайн үед мандсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжих хугацаанд олборлосон 9.5 тонн алтныхаа 3 орчим тонныг нь төвбанкинд хадгалуулчихсан байсан юм. Үүнийг ч  төвбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат өнгөрсөн жил манайд ярилцлага өгөх үеэрээ бататгасан. Тэрбээр, “Алтан Дорнод Монгол" компанийн эзэн С.В.Паушок 68 хувийн татварыг хүчингүй болохыг хүлээж олборлосон алтныхаа тодорхой хувийг төвбанкинд хадгалуулсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Татвараас зайлсхийсэн учир төвбанкинд хадгалуулсан 2.8 тонн алтыг тухайн үеийнх нь ханшаар худалдаж манай улс 23.3 тэрбум төгрөгийн татвараа хожим авч байсан гэгддэг. Харин цаана нь үлдэх 6.6 тонн алтанд 53 гаруй тэрбум төгрөгийн татвар авах ажил үлдлээ. Үүнээс гадна, татвараа цаг хугацаандаа төлөөгүйн алданги 5 орчим тэрбум төгрөгийг “Алтан Дорнод Монгол” компаниас авах ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, тус компаниас 60 орчим тэрбум төгрөгийг Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар авах ёстой байсан юм.

Үүнээс гадна тус компани 20 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ч авах ёстой байлаа. Эдгээрийг оролцуулж тооцвол тус компани 80 орчим тэрбум төгрөгийн татварын өртэй байсан юм.  Манай улс энэ татварыг нэхтэл, “Алтан Дорнод Монгол” компанийнхан зөрүүлээд манай улсыг олон улсын арбитрийн шүүхэд өгч, дааж давшгүй мөнгө нэхэмжилсэн удаатай. Азаар шүүхийн шийдвэр манай талд гарсан юм. Манай улс хойд хөрштэй Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг 1995 онд байгуулсан байдаг.

Энэ гэрээнд хөрөнгө оруулагчийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандаж, ямарваа нэг маргаан үүсвэл олон улсын арбитрийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг байна. Үүнийг үндэслэн “Алтан Дорнод Монгол” компани “Бороо голд” компаниас 68 хувийн татвар аваагүй. Харин биднээс авах гэлээ. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг алагчилж үзлээ” гэж дааж давшгүй их хэмжээний мөнгө Засгийн газраас нэхэмжилж, олон улсын арбитрийн шүүхэд хандсан хэрэг. Гэхдээ шүүхийн шийдвэр азаар манай талд гарч, “Алтан Дорнод Монгол” компаниас 68 хувийн татвараа нэхэмжлэх эрхтэй болсон.

Гэхдээ энэ өрийг тус компанийн өнөөгийн эзэд төлж байгаа юм. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар хэрэгжиж эхэлсэн цагаас татвараас зайлсхийж, тэр ч бүү хэл манай улсыг арбитрийн шүүхэд өгч байсан “Алтан Дорнод Монгол” компанийн хуучин эзэн С.В.Паушок хэдэн жилийн өмнө “Эрээн цав”-ын хилээр хууль бусаар гарч, нутгийн зүг хүлгийн жолоо залсан гэдэг. Тэрбээр манай улсын хилээр хууль бусаар гарсан ч, компаниа өр зээлтэй нь манайханд худалдаад амжсан юм. 300 сая ам.доллараар зарсан гэж яригддаг ч, хэрхэн худалдсан нь өнөөдрийг хүртэл нууцлаг байсан.

Тэгвэл сүүлийн үед энэ компанийн ерөнхий захирал Т.Ганболдтой холбогдох 4 сая ам.долларын дуулиантай зэрэгцэн, энэ компанийг хахууль өгч худалдаж авсан байх магадлалтай гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл өнөөдөр хэвлэлийн хурал хийж, манай компани 4 сая ам.доллартай хамаагүй. Энэ 4 сая ам.долларын талаар Т.Ганболд өөрөө мэдээлэл хийх байх гэсэн юм. Тэрбээр мөн “Алтан Дорнод Монгол” компанийг хэрхэн худалдаж авсан талаараа баримт дэлгэсэн юм.

 “Алтан Дорнод Монгол” компанийн өнөөгийн гүйцэтгэх захирал Т.Ганболд ОХУ-ын иргэн С.В.Паушоктой 2011 оны есдүгээр сарын 9-нд хувьцаа худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан байна. Хувьцааны төлбөрт С.В.Паушокт 18 сая ам.доллар төлсөн нь одоогийн яригдаад байгаа 4 сая ам.доллартай холбоогүй. Хувьцааны төлбөрөөс гадна, хуучин эзний үед хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, ажилчдын дөрвөн жилийн цалингийн өр, арилжааны банкуудад төлөх өр, 68 хувийн татварын өр, “Иточу” болон “Газпром” компанид төлөх өрийг давхар төлөхөөр болсон гэж мэдэгдсэн юм.

Хувьцааны төлбөр болон дээрх өр төлбөр нийлээд 300 сая ам.доллар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Алтан Дорнод Монгол” компанийн энэ өрийг төлөхөөр болж, хувьцааг нь 18 сая ам.доллараар худалдаж авсан байна. “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авахад зориулсан бэлэн мөнгийг Т.Ганболдын багын найзууд хамтран гаргасан. Энэ  нь бохир мөнгө биш гэж “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл өнөөдөр мэдэгдсэн юм. Ингээд түүний хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.











Нийтэлсэн: А.Энхтуул

“Алтан Дорнод Монгол” компани 4 сая ам.доллартай холбоотой юу...  
Үзсэн: 3552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-12-09 11:39
За энэ үнээн Хамар хочит Ганболдын багын найз Нью-комын захирал асан Болд Салхитаас унагасан доллараа энд оруулж угаасан гэдэг

Бидэнтэй нэгдээрэй