Шууд Chart

Жижиглэнгийн үнэт цаасны эрэлт цаашид нэмэгдэнэ

2014-12-11 16:32:43

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа хүүгийн хамт эргүүлэн төлөхийг баталсан үнэт цаасыг өрийн бичиг гэж нэрийддэг. Засгийн газар 1998 оноос хойш дотоодын зах зээлд өрийн бичиг гаргаж эхэлсэн юм. Ингэхдээ эхний хоёр жил нэр бүхий төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор өрийн бичиг гаргасан бол, үүнээс хойш төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байж. Харин 2011 онд нэр бүхий төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор дахин өрийн бичиг гаргасан юм.

Тухайлбал, 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 72 тэрбум төгрөгийн, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн, ноос болон ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. Ийнхүү нийт 372 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан ч, 237 тэрбум төгрөгийн үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан гэх тоон мэдээлэл байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржэд арилжигдсан Засгийн газрын үнэт цаасны оргил үе байсан юм.

Гэвч энэ оргил үеэс хойш Монголын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа бараг хийгдээгүй гэхэд болно. Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны сүүлчээр төвбанкны системээр арилжаалж эхэлснээр, Монголын хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо цөөрсөн юм. Үүний нэг нотолгоо бол, 2003-2011 оны хооронд хөрөнгийн биржэд 352 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжигдсан бол, сүүлийн хоёр жил бараг арилжаа хийгдээгүй нь дараах тоо баримтаас харагдаж байна.

Засгийн газрын үнэт цаасыг төвбанкаар дамжуулан арилжаалах журам 2012 оны аравдугаар сарын 25-нд гарсан. Энэ цагаас хойш Сангийн яам Засгийн газрын үнэт цаас арилжаалах хуваарийг төвбанкинд хүргүүлдэг болсон юм. Харин төвбанк Засгийн газрын үнэт цаасны дуудлага худалдааг зохион байгуулдаг болсон. Арилжааны банкуудын тухайд дуудлага худалдаанд оролцох саналаа ирүүлэхээс гадна, иргэд ахуйн нэгжүүд засгийн газрын үнэт цаас авахад зуучилж байгаа юм. Ингэхдээ Засгийн газрын үнэт цаасны арилжаа дараах байдлаар явагдаж байна.

Улсын төсвийн алдагдал, улирлын чанартай орлогын дутагдал, зарим зорилтот хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар төвбанкаар дамжуулан үнэт цаас гаргаж байгаа юм. Энэ оны гуравдугаар улирлын өрийн тайланд тусгаснаар Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 96 хувийг дотоодын арилжааны банкууд, 4 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид авсан байна.

Монголын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагддаг байхад иргэд, аж ахуйн нэгжүүд брокерийн компаниар дамжуулан өрийн бичиг авдаг байсан. Харин Засгийн газрын үнэт цаасны арилжаа төвбанкинд очсоноор иргэд, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаар дамжуулан өрийн бичиг худалдаж авдаг болсон юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийг уналтад ороход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн захад чанартай бүтээгдэхүүн үгүйлэгдэж байхад, Засгийн газрын үнэт цаасыг биржээс холдуулсан нь энэ салбарыг уналтад оруулахад нөлөөлсөн юм. Тэгвэл брокер, дилерийн компаниуд өнгөрсөн сараас эхлэн бирж дээр арилжаалах бүтээгдэхүүнтэй боллоо. Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сард 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал 169 тоот тушаал гаргаж, Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг бирж рүү авчирсан учраас ингэж хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаасны арилжаа төвбанкин дээр үлдсэн ч, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жижиглэнгийн үнэт цаасны арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр ирсэн юм. Сангийн яам өнгөрсөн сард 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг арилжаалахаар Монголын хөрөнгийн биржэд бүртгүүлсэн. Нэг ёсондоо, 100 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан ч, 12.2 тэрбум төгрөгийн үнэт цаас л арилжигдсан юм.

Тиймээс үлдэгдэл үнэт цаасыг энэ сард үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржэд арилжих шийдвэрийг Сангийн яам өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан. Өөрөөр хэлбэл, 87 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаасыг энэ сард арилжаалахаар тогтсон. Үүнээс одоогийн байдлаар 2.6 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдаад байна. Үүнийг оролцуулж тооцвол өнгөрсөн хугацаанд 15 орчим тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаас арилжигдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хүү арилжааны банкуудын хадгаламжийн сертификатаас өндөр. Мөн Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн орлого албан татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаа учраас цаашид эрэлт өснө гэсэн хүлээлт брокер дилерийн компаниудын дунд байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

Жижиглэнгийн үнэт цаасны эрэлт цаашид нэмэгдэнэ   
Үзсэн: 2869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй