Шууд Chart

Оросын валютын нөөц 90 тэрбум ам.доллараар буурлаа

2014-12-19 14:48:41

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ зургаадугаар сараас хойш тасралтгүй уруудаж байна. Тухайлбал, нэг баррель “брент” маркийн газрын тос зургаадугаар сард 114 ам.доллараар арилжигдаж байсан бол одоо 61 ам.доллараар худалдаалагдаж   байна. “Брент” төрлийн газрын тосны үнэ Оросын “уралс” төрлийн нефтийн үнийг тодорхойлдог гэж ойлгож болно. Тэр ч утгаараа “брент”-ийн үнэ унасантай зэрэгцэн Оросын “уралс” төрлийн нефтийн үнэ дэлхийн зах зээлд мөн унаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын дундуур нэг баррель “уралс” маркийн газрын тос 109 ам.доллараар арилжигдаж байсан бол одоо 58 ам.доллараар худалдаалагдаж байна.


Оросын уралс төрлийн нефтийн үнэ сүүлийн зургаан сарын дотор 46 хувиар буураад байна. Энэ нь рублийн ханш сулрах гол шалтгаан болж байгааг Оросын төвбанкныхан хэлж байна. Тус улс энэ онд газрын тос болон байгалийн хийн экспортоос 530 тэрбум ам.доллар олохоор төлөвлөсөн ч, үнэ буурсантай холбоотойгоор энэ төлөвлөгөө тасалдаад байгаа юм. Тухайлбал, газрын тосны үнийн бууралтаас болж, 90-100 тэрбум ам.долларын орлогоо алдаж байгааг Оросын сангийн сайд өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Үүний улмаас хойд хөршид америк доллар ховордож, сүүлийн зургаан сарын хугацаанд рублийн ханш огцом унасан гэж ойлгож болно.


Оросын төвбанк өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд нэг америк долларыг 34 рублийн ханшаар зарлаж байсан. Тэгвэл энэ сарын 18-нд нэг америк долларыг 67 рублийн ханшаар зарласан юм. Америк долларын эсрэг рублийн ханш сүүлийн зургаан сарын хугацаанд бараг хоёр дахин сулраад байгаа нь энэ юм. Тиймээс ч, рублийн ханшийг тогтворжуулахын тулд Оросын төвбанк сүүлийн өдрүүдэд валютын нөөцөөсөө их хэмжээний интервенци хийж байна. Ингэснээр тус улсын валютын нөөц он гарснаас хойш 90 гаруй тэрбум ам.доллараар хорогджээ. Манай хойд хөршийн валютын нөөц оны эхэнд 510 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол, энэ сарын эхээр 418 тэрбум ам.доллар болж буурсан үзүүлэлт гарлаа.


Долларын ханшийн өсөлт, рублийн ханшийн уналттай холбоотойгоор инфляци хурдтай өсч байгаагаас гадна, цаашид инфляци өснө гэсэн хүлээлт өндөр байгааг Оросын төвбанкныхан онцлож байна. Ер нь энэ онд тус улсын инфляци жилийн 10 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс инфляцийн өсөлтийг хязгаарлах үүднээс Оросын төвбанк бодлогын хүүгээ энэ жил зургаан удаа өсгөлөө. Энэ сард л гэхэд хоёр удаа өсгөсөн. Тухайлбал, энэ сарын 12-нд бодлогын хүүгээ жилийн 10.5 хувийг болгосон бол, 16-нд дахин өсгөж 17 хувьд хүргэсэн юм. Тус улс бодлогын хүүгээ ингэж өсгөсөнтэй холбоотойгоор Оросын арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүгээ өсгөж байгаа гэх мэдээлэл ирсээр байна. 

Нийтэлсэн: А.Энхтуул

Оросын валютын нөөц 90 тэрбум ам.доллараар буурлаа  
Үзсэн: 2229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй