Шууд Chart

Тавантолгойд хөрөнгө оруулагчид ирж, гэрээт олборлогчид явах уу...

2014-12-26 17:53:22

“Эрдэнэс-тавантолгой” компанийн эзэмшилд Тавантолгойн ордын зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бий. Үүний хоёр тэрбум тонн нь зөвхөн цанхийн талбайд тогтоогдсон юм. Ийм нөөц бүхий талбайг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос дөрвөн жилийн өмнө гарч байлаа. Энэ дагуу баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын найманд зарласан. Харин зүүн цанхид гэрээгээр нүүрс олборлох компанийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд зарлаж байлаа. Ийнхүү дөрвөн жилийн өмнө хоёр тендер зарласан ч, стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй.

Уг нь баруун цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерт тухайн үед 15 оролцогч санал ирүүлснээс, хураангуй жагсаалтад  “Пибоди Энержи”, “Шэнхуа энержи”, “Оросын төмөр зам”, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” зэрэг зургаан оролцогч тунаж үлдсэн юм. Гэвч хэлэлцээрийн явцад эдгээр зургаан оролцогч хувь дээрээ тохирч чадаагүйн улмаас стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн явц гацаанд орсон. Харин зүүн цанхид гэрээгээр нүүрс олборлох компанийг сонгон шалгаруулах тендерийн ялагч зөвхөн тодорч байлаа. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирүүлснээс Австралийн “Макмахан” шалгарч, зүүн цанхиас гэрээгээр нүүрс олборлож эхэлсэн юм.

Харин гаргасан бүтээгдэхүүнийг “Эрдэнэс-Тавантолгой” компани өөрөө экспортолж ирсэн. Гэхдээ тус компани өнгөрсөн хугацаанд зүүн цанхийн борлуулалтаас нэг ч төгрөгийн ашиг олоогүй гэхэд болно. Энэ нь “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй шууд холбоотой. Манай улс зүүн цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн компаниас энэ мөнгийг зээлсэн ч, 310 сая ам.долларыг нь хүний хөгжил санд төвлөрүүлж эх орны хишиг олгоход зарцуулчихсан тал бий. “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан зүүн цанхийн нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлж, “Чалко” компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулах ёстой байлаа.

2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн компанид нүүрс нийлүүлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулсан. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрын үед нүүрсний экспортыг зогсоох замаар, гэрээний үнийг нэмэх гэсэн биш бүр дордуулж орхисон. Өөрөөр хэлбэл, 70 ам.доллараас доош үнээр нүүрсээ нийлүүлэхэд хүрсэн юм. Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гэдгийн үлгэрийг үзүүлсэн гэсэн үг юм. Ийм л шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл “Чалко”-гийн өрөөс хагацаж чадаагүй л сууна. Одоо манай улс Хятадын төрийн өмчийн “Чалко” компанид 110 сая ам.долларын үндсэн, 20 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх үлдээд байна.  “Эрдэнэс-Тавантолгой” компани зүүн цанхийн нүүрсийг ийнхүү өрөнд ачиж байсан учраас ямар ч ашиггүй ажиллаж ирсэн юм.

Тиймээс арилжааны банкуудаас 140 сая ам.доллар зээлж, үйл ажиллагаагаа санхүүжүүлж байжээ. Гэхдээ үүнийг хэдийнэ барагдуулсан. Тухайлбал, 2012-2013 онд хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлээр дээрх  өрийг барагдуулсан юм. Харин үлдэх хэдээр нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ, арилжааны банкуудаас нэмж 80 сая ам.долларын зээл авсан байгаа юм. Энэ зээлийг графикийн дагуу хугацаанд нь барагдуулж байгаа гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгдсэн. Харин хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ мөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн давуу эрхийн хувьцаанд шилжүүлэхээр төлөвлөж байгаа ч, хараахан шийдэгдээгүй байна.

Энэ талаар тус банктай үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа ч, нааштайгаар шийдвэрлэж чадахгүй бол хүний хөгжил сан руу оруулсан 310 сая ам.доллараа Засгийн газраас авч, хөгжлийн банкны өрийг барагдуулах гарц байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан ийнхүү “Чалко”-гоос гадна, дотоодын банкуудад багагүй өртэй сууна. Энэ байдлаасаа гарахын тулд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан баруун цанхид өнгөрсөн онд гэрээт олборлогч оруулсан. Тодруулбал,  “Хишиг арвин индустриал”, “Үндэсний олборлогч”, “Мега” компаниудын хамтарсан “Монгол уурхайчин түншлэл”-ийг гэрээт олборлогчоор оруулсан юм. Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлүүлж, есдүгээр сард экспортоо албан ёсоор эхлүүлсэн.

Ингэж л цанхийн баруун, зүүн хэсэг хоёулаа гэрээт олборлогчтой болсон юм. Гэрээт олборлогчид энэ онд 4.5 сая тонн нүүрс олборлосон. Өнгөрсөн онд олборлосон бүтээгдэхүүнийг оролцуулж тооцвол, “Эрдэнэс-Тавантолгой” компани одоогоор 5.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг тонныг нь 32-36 ам.доллараар худалдсан тухай компанийн удирдлагууд мэдэгдсэн. Нүүрсний үнэ он гарснаас хойш 30 гаруй хувиар буурсан өнөө үед, “Макмахан”-ы олборлолтын зардал өндөр байгаа нь асуудал дагуулж байгаа гэнэ. Манай улс энэ компанид 500 сая ам.доллар төлж, таван жилийн хугацаанд нүүрс олборлуулах гэрээ байгуулсан гэгддэг. Тиймээс “Макмахан” компанитай олборлолтын зардлыг бууруулах талаар дахин хэлэлцээр хийж байгаа гэх...

Энэ шалтгааны улмаас өнгөрсөн долоодугаар сард зүүн цанхийн экспортыг дахин зогсоосон байна. Нөгөө талаас үнэ унасантай холбоотойгоор баруун цанхиас ч ашиг олох нь багасчээ. Манай улс баруун, зүүн цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулсан ч, энэ мэт хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа. Тиймээс төр цанхийн талбайгаас холдож, стратегийн хөрөнгө оруулагч оруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байгаа юм. Энэ шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргасан. Тодруулбал, “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолыг өнгөрсөн наймдугаар сарын 20-нд гаргаж,  цанхийн баруун, зүүн талбайд хоёуланд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар болсон юм.

Ингэхдээ дөрвөн жилийн өмнө зарлагдсан стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн хураангуй жагсаалтад үлдсэн “Пибоди Энержи”, “Шэнхуа энержи”, “Оросын төмөр зам”, “Вале”, “Арселор металл”, “Экстрата” гэсэн зургаан оролцогчийг цанхийн талбайд өрсөлдөх эрх олгосон. Эдгээр оролцогчдод дараагийн шатны шалгаруулалтад оролцох урилга явуулахад, хоёр нь тендерт үргэлжлүүлэн оролцох санал ирүүлжээ. Тодруулбал, “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компанийн түншлэлээс гадна, “Пибоди Энержи” компани тендерт оролцох санал ирүүлсэн байна. Манай талаас цанхийн талбайн 51 хувьд дотоодын, 49 хувьд гадаадын компани оруулах болзол тавьсан. Гэтэл америкийн “Пибоди Энержи” компани энэ болзлыг хангаагүй байна.

Тиймээс ч Хятадын “Шэнхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компанийн түншлэл Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгаруулсан байна. “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолд хөрөнгө оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулж, хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьсан. “Шэнхуа энержи” компани Хятадад өөрийн гэсэн ложистикийн сүлжээ, төмөр замтайгаас гадна, нүүрсний томоохон зах зээлтэй.  Тухайлбал, энэ компанийн  төмөр зам хятадын “Ганц мод”-ны боомтоос цаашаа далайд гардаг байна. Тиймээс уг компанийн төмөр замыг ашиглаж, Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна, Японы зах зээлд хүргэх бололцоотой гэж үзжээ.

Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг Японы Сумитомо корпораци хариуцна гэдгээ ч илэрхийлээд байгаа юм.  Ийнхүү манай улс Тавантолгойн нүүрсийг Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдээс гадна, гуравдагч орны зах зээлд хүргэхийн тулд Монгол, Хятад, Японы түншлэлийг ийн сонгоод байна. Зорилтод зах зээлдээ хүрэхэд манай талын гэхээс, гаднын дэд бүтцийн хувьд асуудалгүй. Тиймээс ч, хөрөнгө оруулагчид  “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих ёстой. Төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм.

Анх энэ төмөр замыг барихаар “Энержи ресурс” компани концессийн гэрээ байгуулж байсан удаатай. Гэвч төмөр замын ажилд зарцуулсан 94 орчим тэрбум төгрөгийг буцаан өгөхөөр болж, “Зам тээврийн яам”, “Төрийн өмчийн хороо”, “Монголын төмөр зам”, “Энержи ресурс” компаниуд хооронд байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд гэрээг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан энэ төмөр замын гэрээг цуцлаж, төр дундаас нь орж ирсэн гэсэн үг юм. Тиймээс ч “Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барихад шаардлагатай 800 орчим сая ам.долларын тодорхой хувийг хөгжлийн банкнаас гаргаж ирсэн.

Тэгвэл энэ төмөр замаас төр эргээд гарах ёстой болох нь... “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниуд төмөр замыг үргэлжлүүлэн барьж, гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх ёстой учраас тэр юм.  Үүнээс гадна, Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгараад байгаа “Шэнхуа”, “Энержи ресурс” компаниуд “Тавантолгой”, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хил хооронд 18 км төмөр зам барихаар болсон. Тэд хамтран өнгөрсөн гуравдугаар сарын долоонд “Гашуун-сухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулж, 51 хувийг “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд, 49 хувийг Хятадын “Шэнхуа” компани эзэмшихээр болсон юм.

“Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 киллометр төмөр зам, “Гашуун сухайт –Ганцмод” чиглэлийн 18 км төмөр зам баригдвал, Хятадын гүнд орших гангийн үйлдвэрүүдэд хүрэхээс гадна, гуравдагч зах зээлд хүрэх гарц улам нээлттэй болох юм. Төмөр зам, баяжуулах үйлдвэр зэргийг барихад зориулж хөрөнгө оруулагчид 4 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэсэн санал ирүүлээд байна. Үүнийг гадаадын томоохон банкуудаас зээлж, хөрөнгө оруулалт хийх байх гэсэн таамаг байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулагчид руу шилжүүлэхгүй учраас, дээрх компаниуд гадаадын банкуудаас зээл авахад лиценк барьцаалах боломжгүй гэсэн тайлбарыг ч ажлын хэсгийнхэн өгөөд байна.

“Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд манай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаас гадна, 200-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгөхөөр ярилцаж байгаа гэнэ. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн өмнөөс “Чалко”-д өгөх 130 сая америк долларын өрийг ч хариуцахаар болжээ. Ийм болзлоор Тавантолгойн баруун, зүүн цанхид стратегийн хөрөнгө оруулагчаар “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” орох гэж байна. Эндээс баруун, зүүн цанхийн гэрээт олборлогчидтой хийсэн гэрээг цуцлах уу гэсэн асуулт гарч байна. Стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан “Шэнхуа энержи” компани өөртөө 20 жилийн 1 тэрбум тонн нүүрс нийлүүлэх үү гэсэн асуулт ч мөн ургаж байна.

Энэ талаар Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханаас тодруулахад, ирэх оны нэгдүгээр сарын таванд “Шэнхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудтай хэлэлцээр эхлүүлнэ. Энэ үеэр эдгээр асуудлыг хэлэлцэнэ гэсэн юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Тавантолгойд хөрөнгө оруулагчид ирж, гэрээт олборлогчид явах уу...  
Үзсэн: 3260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
175.195.171.xxx [175.195.171.xxx] 2015-01-02 14:47
Маш сайн асуужээ. Сэтгүүлчид амжилт хүсье.
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2014-12-31 10:18
Enhsaihand itgej baigaa shuu, amjilt husie!!!
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-29 10:20
dabhar sonsood zugeer ym setguulchid ajiliin amjilt

Бидэнтэй нэгдээрэй