Шууд Chart

С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах компанийг одоогоор зарлахгүй...

2015-01-05 14:39:57

Урт нэртэй хууль гаргаж, алтны тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон зэргээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байсан цаг саяхан. Гэвч, араас нь 2012 оны тавдугаар сарын 17-нд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гаргасан нь хөрөнгө оруулагчдыг дахин үргээхэд хүргэсэн гэхэд болно. Тодруулбал, энэ хуулийг дагаж мөрдөх журам огт гараагүй учраас хөрөнгө оруулагчид Монголыг орхиход хүрсэн юм. Үүний нөлөөгөөр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан гашуун түүх бий. Тухайлбал, хууль гарахын өмнөх жил манай улсад 4.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь түүхэн дээд рекорд байсан бол, үүнээс хойш тасралтгүй уруудлаа.
Тодруулбал, 2012 онд манай улсад 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол, 2013 онд 2.1 тэрбум ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Тиймээс ч, манайхан алдаагаа залруулахын тулд хөрөнгө оруулагчдыг үргээсэн дээрх хуулийг хүчингүй болгож, оронд нь Хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасан. Шинэ хууль 2013 оны арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлснээр 2008 оноос хойш хөрөнгө оруулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манайд оруулсан мөнгөнөөсөө хамаарч, 5-18 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварыг өнөөгийн түвшинд төлөх бололцоо бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, хожим холбогдох хуулиудад өөрчлөлт орсон ч, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”, “Гаалийн албан татвар”, “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг өнөөгийн түвшинд тогтвортой төлөх хууль эрхзүйн орчин бүрдсэн юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын газар үүнийг баталгаажуулсан тогтворжуулах гэрчилгээг хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гэтэл хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад нэг ч компанид тогтворжуулах гэрчилгээ олгоогүй байх юм.  Манай улсад 1990 оноос хойш 12 мянган гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдснаас, өнөөдөр 8800 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 300 нь өнгөрсөн онд байгуулагдсанаас 10 нь тогтворжуулах гэрчилгээ авахаар бэлтгэлээ базааж, Хөрөнгө оруулалтын газраас зөвлөгөө авч  байгаа гэнэ. Харин дотоодын зургаан компани тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт гаргасан ч, нэг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах санал тавих болжээ. Тэдний нэрсийг албаныхан нууцлаж байгаа ч, “МАК”, “Энержи ресурс”, “Алтайн хүдэр”, “Эрэл” зэрэг компаниуд тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт тавьсан тухай хэвлэлүүд бичиж байгаа юм.
Эдгээрээс “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хамгийн магадлалтай компани. Тавантолгойн ордын баруун, зүүн цанхийн хөрөнгө оруулагчаар Хятадын “Шэнхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компанийн түншлэл шалгарсан учраас тэр юм.  Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар цөмийн энергиэс бусад салбарт 500  тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж тусгасан байдаг. Энэ шалгуурыг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байна. Тиймээс ч, дээрх зургаан дотоодын компаниас “Энержи ресурс” компани хөрөнгө оруулалтын гэрээ хийх хамгийн магадлалтай гэж үзэх хүмүүс байгаа юм. Энэ болон бусад асуудлаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа.



 

Нийтэлсэн: А.Энхтуул

С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах компанийг одоогоор зарлахгүй...  
Үзсэн: 3697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй