
НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяртай ярилцлаа.
-Өмнө нь НИТХ төсөв хэлэлцэх үеэр л хуралддаг байсан. Харин энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд АН олонх болсноор сар бүр хуралддаг болсон. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаасаа товч танилцуулаач?
-НИТХ-д АН олонх болсноос хойшхи багагүй хугацаанд иргэд, сонгогчид юу хийж бүтээв гэж асуух байх. НИТХ-ын хувьд ерөнхийдөө байнгын үйл ажиллагаатай болсон. НИТХ-ын дэгд өөрчлөлт оруулж сар болгон тогтмол хуралддаг, шаардлагатай тохиолдолд ээлжилт бусаар хуралдуулж байна, цаашлаад ажлын хороод, бүлэг байнгын хуралдаж нийслэлд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, өнгөрсөн онд НИТХ нэгдсэн чуулганаа12 удаа хуралдуулж “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар”, Гэр хо¬роол¬лын дахин төлөвлөлт, Бичил бизнесийг хөгжүүлэх зэрэг томоохон хөтөлбөрүүдийг баталж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
-Эдгээр хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт олны анхааралд байдаг шүү дээ?
-Өнгөрсөн онд 211 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарт зарцуулсан. 24 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгууллаа. Эдгээр байршилд газар зохион байгуулалт, газрыг чөлөөлөх, иргэдээс худалдаж авах, иргэдтэй харилцан тохиролцож шилжүүлэн нүүлгэх ажлуудыг дуусч байна. Нэлээд хэдэн байршилд орон сууц барьж эхэлсэн. Өнгөрсөн онд 462 айлын орон сууц ашиглалтад оруулснаас ойролцоогоор 1687 иргэн шинэ байрандаа орсон. Тэр дундаа 142 ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд дулаан, тохилог байранд орсон байна. Цаашид энэ хөтөлбөр үргэлжилнэ. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд зөв зохион байгуулалт, менежмент, санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд эдийн засгийн бололцоо тааруу байлаа. Энэ онд мөн нийслэлийн төсөв багагүй хэмжээгээр танагдсан. Гэхдээ бид төсөв байхгүй гэдэг шалтгаанаар зүгээр суух эрхгүй. Нэгэнт гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдээ сайхан амьдруулна гэж амалсан бол түүнийгээ хийнэ. Тиймээс энэ онд нийслэлийн төсвийн нэлээд хувийг Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар тусгасан.
-“Өөрийнхөө газрыг зарахгүйгээр хаус бариад халуун, хүйтэн устай орон сууцны нөхцөлд амьдарна” гэж Э.Бат-Үүл дарга хэлж байсан. Иргэд газраа заавал зарахгүйгээр байрны нөхцөлд амьдрах ажил ямар хэмжээнд явна вэ?
-Иргэдийн хамгийн их сонирхдог зүйл энэ. Гэр хорооллын да¬хин төлөвлөлтөд энэ хөтөл-бөр багтаж байгаа. Орон сууцны хөтөлбөрийг бид дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэхээр томъёолсон. Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт, хоёрдугаарт, газрыг шинээр зохион байгуулж иргэдэд олгох, гуравдугаарт, амины орон сууц, дөрөвдүгээрт, бага орлоготой иргэдийг орон сууцанд хамруулах юм. Амины орон сууцыг өнөөгийн нөхцөлд гэр хороололд барих боломжгүй болоод байна. Учир нь манай ИТХ болон Засаг даргын барьж буй зарчим нь иргэдээс асууж олонхийн саналаар асуудлыг шийдэх юм. Иргэдээс санал асуухад олонх нь орон сууцанд амьдармаар байна гэж хариулсан. Харин цөөн хувь нь амины орон сууцанд амьдаръя гэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд газрыг шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарч байгаа бөгөөд өнөөгийн гэр хорооллуудад амины орон сууцны асуудлыг шууд шийдэх боломжгүй болсон. Иймд 11 мянган иргэнд дэд бүтцийг нь төлөвлөсөн газар олгож байна.
-Та НИТХ-ын төлөөлөгч, мөн намын бүлгийг удирддаг. Өөрийн тань зүгээс нийслэлийн ямар бүтээн байгуулалтад илүү анхаарч ажиллав?
-Аливаа ажлыг хийхэд бодлого төлөвлөлт нэн тэргүүнд хэрэгтэй. Нийслэлийн 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтод хэд хэдэн чиглэл төлөвлөгдсөн. Тухайлбал, 5А хөтөлбөр. Анх удаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг гаргасан.Хамгийн түрүүнд сургууль, эмнэлэг мөн авто замын асуудлийг шийдэх хэрэгтэй байна. Дээрээс нь хотын хогийн асуудал. Эдгээрийг эрэмбэлж байгаад хамгийн түрүүнд шийдэх ёстойгоо сонгож хөрөнгөө хуваарилдаг. Ийм жишгээр 2012 оноос хойш ажиллаж ирсэн. Цаашид ч ингэж ажиллана. Гагцхүү санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг учраас зарим тохиолдолд дахин хувиар хийх асуудал гардаг. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөр 44 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс 16, 11 дунд сургуулиас нэг нь ч ашиглалтад орсонгүй. 16 бага сургуулиас зөвхөн нэг л ашиглалтад орсон. Бусад нь яагаад баригдсангүй вэ гэхээр нөгөө л байнга яригддаг газар чөлөөлөх, тендерийн хугацаа алдах, хүнд сурталтай холбоотой. Тэгэхээр бид шийдээд орхих бус хаана, хэний буруугаас болж хийгдсэнгүй вэ гэдэг дээр хариуцлагыг давхар харж шийдэх хэрэгтэй байна.
-НИТХ бол Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг. Бүлгийн даргын хувьд хотын даргын ажилд ямар дүн тавьдаг вэ?
-Бид тухайн жилийн нийгэм эдийн засгийн зорилт хэдэн хувьтай биелсэн бэ гэдгээ чуулганаар нээлттэй ярилцдаг. 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг ажлын хороод болон бусад хуралдаанаар ярилцаж дүгнэхэд 86.3 хувьтай гарсан. Тэгэхээр өнгөрсөн онд Засаг дарга ажлаа хангалттай гүйцэтгэжээ гэж дүгнэж байгаа.
-НИТХ-ын төлөөлөгчдөд улирал бүр 10 сая төгрөгийн урамшуулал олгодог нь нэлээд хардалт дагуулдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ бол 2010 онд НИТХ-аар шийдсэн асуудал. Урамшуулал гэдэг нэршил нь буруу юм. Учир нь төлөөлөгчид тойрогтоо ажиллахад багагүй зардал гардаг. Тойргийнхонтойгоо уулзах, тэдний хүсэлтийг шийдэх, газар, гэр олгох гэх мэт асуудлыг нь шийдэж өгөх гээд үүнээс ч илүү зардал гаргадаг. Дараа нь санхүү, аудитаар орж шалгуулдаг учраас хардах зүйл байхгүй. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад зарцуулдагтай адилхан юм.
-Төсөв бага гэсэн хэрнээ хогийн уутанд яагаад их мөнгө зарав гэсэн шүүмжлэл их бий. Оронд нь цэцэрлэг, сургууль барьж болдоггүй юм уу?
-Хог хаягдлын тухай хууль гэж бий. Энэ хуулиар хогийн мөнгийг зөвхөн хогонд л зарцуулах ёстой. Иргэдээсээ асууна гэсэн амлалтыхаа дагуу судалгаа хийсэн, санал асуулга явуулсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 60 гаруй хувь нь энэ уутыг ашигладаг, цаашид ажил болгоод явах нь зөв гэсэн. Хэрэв иргэдээс авсан хог хаягдлын хураамжийг цэцэрлэг, эмнэлэг барих зэргээр зарцуулвал хууль зөрчинө. Харин цаашид энэ мөнгийг зөвхөн уутанд зарцуулах биш хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих зэргээр оновчтой шийдэл гаргаж, ажил болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг.
-Нийслэлийн Засаг дарга орлогчгүй ажиллана, эсвэл зургаан орлогч нь цалингүй ажиллана гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг эцэслэн шийдсэн үү?
-Нийслэлийн төсөв, бүтэц зэргийг Засаг дарга шийддэг гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл нийслэлийн төсөв, бүтэц аль алиныг нь Засгийн газар баталдаг. Засгийн газраас бүтэц болон орлогч нарын асуудлаар ямар ч шийдвэр ирүүлээгүй байна. Хэрэв Засгийн газраас шийдвэр гарвал НИТХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж шийднэ гэж ярьсан. Тэгэхээр энэ асуудал шийдэгдээгүй, нээлттэй байгаа гэж ойлгож болно.
-Хот бүтцээ удахгүй өөрчилж магадгүй нь. Хэн үлдэж, хэн явах нь улс төрийн хүрээний шийдэл болов уу. Харин энэ онд хотынхонд хэрэгтэй ямар бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн бэ?
-Бидний өнгөрсөн онд хийхээр төлөвлөсөн ажлын биелэлт 86.3 хувьтай гарсан нь өндөр үзүүлэлт. Цаг хугацаа болон бусад хүчин зүйлээс шалтгаалан дуусаагүй үлдсэн зарим ажлаа дуусгана. Мөн дулааны V станцыг барих, иргэдээ орон сууцны зээлд хамруулах нөхцлийг бүрдүүлэх, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон сууцнуудын газрын эрхийг нь бүртгэлтэй болгож иргэдийх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийнэ. Хотын зүүн хэсэг болон Баянхошуу, Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад зориулсан байруудыг үргэлжлүүлэн барина. Энэ онд концессийн гэрээгээр 37 ажил хийхээр төлөвлөсөн. Уг нь нийслэл эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих эрхгүй ч иргэдэд тулгамдсан асуудал болсон тул гурван эмнэлэг, сургууль цэцэрлэгийн 12 барилгыг барина. Мөн Налайх дүүргийн V хороонд бага оврын цэвэрлэх байгууламж барих, СХД-ийн 32 дугаар хорооны дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1.6 км авто зам шинээр барих, Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3.4 км авто зам болон Баянзүрхийн төмөр бетонон гүүр барих, Баянгол дүүргийн Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих зэрэг томоохон ажлуудыг хийнэ. Гэхдээ шинэ ажил төлөвлөхөөс илүү хуучнаа дуусгах талаар түлхүү ажиллана.
М.ЦЭЦЭГ
/"Зууны мэдээ" сонин/
Б.Отгонбаяр: Засгийн газраас чиглэл өгвөл орлогч нар болон нийслэлийн бүтцийг шийднэ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.