Шууд Chart

Д.Хаянхярваа: Эрдэнэс-Тавантолгойн ТУЗ-ын дарга 6 сая төгрөгийн цалин авах нь хууль бус

2015-01-28 18:21:01

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн. Тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваатай энэ асуудлаар цөөн хором ярилцлаа.

- “Эрдэнэс-Тавантолгой” компанид хийсэн шалгалтаар ямар зөрчлүүд илрэв?
- Энэ компанийн ажил байдалтай танилцлаа. Тухайлбал, энэ компани УИХ болон Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврыг хэр биелүүлж вэ. Ямар алдаа дутагдал байна гэдэг дээр анхаарлаа хандуулсан. Харин санхүүгийн үр ашиг талаас нь Үндэсний аудитын газар ажилласан гэж ойлгож болно. Ер нь Тавантолгойн ерөнхий дүр төрхийг харахад төрийн өмчийн компаниуд дээр гардаг нийтлэг дутагдал бүхэлдээ ажиглагдлаа. Манай улс төрийн өмчийн компаниудад улстөрийн томилгоо хийдэг. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд бизнесийн сонгодог утгаар ажиллаж чадахгүй, хүндрэл гарч байгаа нь “Эрдэнэс-Тавантолгой” компани дээрээс харагдлаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ хууль бусаар шахах нийтлэг зүйл байсан. Энэ зүйлүүдийг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан байгаа.

- “Макмахан” компанитай байгуулсан гэрээ өндөр өртөгтэй. Тиймээс энэ гэрээг шинэчилсэн гэж өнөөдөр ярилаа. Гэрээний төлбөрийг хэд болгож бууруулсан юм бол?
- “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн оны дундуур шалгалт хийхэд, гадаадын зарим компанитай байгуулсан гэрээ өндөр өртөгтэй байсан. “Макмахан” компани Тавантолгойн Зүүн цанхиас нүүрс олборлож өгөх гэрээтэй. Харин Баруун цанхиас үндэсний компаниуд нүүрс олборлож өгөх гэрээтэй. Гэтэл гадаадын компани дотоодын компаниас өндөр үнээр нүүрс олборлож өгч байсан байгаа юм. Тиймээс гадаадын компанитай байгуулсан гэрээг сайжруулах шаардлагыг тавьсан. Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Австралийн “Макмахан” компанитай байгуулсан гэрээ, мөн Хятадын “Чалко” компанитай байгуулсан гэрээг сайжруулах дээр тодорхой алхмууд хийж ажилласан. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээний чанар чансааг сайжруулах чиглэл дээр компанийн удирдлагууд сайн ажилласан гэж үзэж байгаа.

-“Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлээ “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсээр барагдуулж байгаа. Анх нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн ч хожим үүнд өөрчлөлт оруулсан. Зарим хүмүүс гэрээг дордуулсан гэж үзэж байгаа ч компанийн удирдлагууд сайжруулсан гэж яриад байгаа. Тухайлбал, нүүрсний суурь үнэ 70 ам.доллар байсныг 90 ам.долларт хүргэсэн тухай өнөөдөр ярилаа?
- Тийм зүйл байхгүй. Гэрээнд өөрчлөлт оруулж 70 ам.долларыг 90 ам.доллар болгосон  зүйл байхгүй.

- Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт өгч эх орны хишгийн сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт илэрхийлсэн цөөнгүй иргэн бий. Гэтэл энэ хүмүүст Засгийн газар мөнгийг нь олгоогүй. Тиймээс хувьцааных нь бичилтийг ядаж хийсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр 1.1 сая иргэнд хувьцааны бичилт хийгээгүй байна гэсэн асуудал яригдлаа?
- Тийм. Энэ бол хийгдээгүй, шийдэгдээгүй асуудал мөн. Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг УИХ болон Засгийн газрын тогтоолоор хийж  хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ дээр өөдтэй нэг ч алхам хийгдээгүй байсан. Эдийн засгийн байнгын хороонд өгсөн санал дүгнэлтэндээ үүнийг тусгасан байгаа. Цаашид энэ ажил хийгдэх ёстой. Гэвч үүнийг ярихаар хууль эрхзүйн талаасаа боломж байгаагүй мэтээр тайлбарладаг. УИХ болон Засгийн газар гаргасан хууль тогтоомжуудаа эргэн харах зайлшгүй шаардлага байгаа нь эндээс ажиглагдлаа.

- Компанийн удирдлагын зүгээс 400 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өнөөдөр хийлээ. Гэтэл зарим нь 854 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэж ярьж байна. Ер нь долларын ханшийн өсөлтөөс компанийн алдагдал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа байх?
- Алдагдлын хэмжээ 854 тэрбум төгрөг гэж хэлж чадахгүй. Тухайн үед шалгаж байхад, Эрдэнэс-Тавантолгойн алдагдал ийм хэмжээнд байгаагүй. 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Долларын ханшийн зөрүүгээс 79 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байдал тус компани дээр шалгалт явуулж байх үед ажиглагдсан. Ер нь Монголын бүх аж ахуйн нэгжүүд долларын ханшийн зөрүүгээс болж, их хэмжээний алдагдал хүлээж байна. Өмнөх Засгийн газраас явуулсан бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндэрч, валютын ханшийг өссөнөөс болж дотоодын бүх компаниуд хохирч байгаагийн нэг илрэл нь “Эрдэнэс-Тавантолгой” болж байна.

- Нийт алдагдлын ердөө 79 тэрбум төгрөг нь долларын ханшийн өсөлттэй холбоотой гэж байна. Тэгвэл үлдэх алдагдал чухам юутай холбоотой юм бол?
- Энэ алдагдал гэхээсээ илүүтэй зээлүүд. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа явуулахын тулд Чалко компаниас 250 сая ам.доллар зээлсэн. Үүний тодорхой хэсгийг “Хүний хөгжил санд төвлөрүүлсэн бол тодорхой хувиар нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд дотоодын банкуудаас нэмж зээл авсан байгаа юм. Гадаад, дотоодоос авсан зээлийн хүү явсаар байгаа. Үүнээс гадна нүүрсний үнэ унаж, борлуулалт багассантай уялдаад алдагдал хүлээсэн зүйл бас бий. 

-Компанийн удирдлагуудтай холбоотой санхүүгийн зөрчил байна гэсэн асуудал бас яригдсан шүү дээ. Тухайлбал, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд хууль бусаар их хэмжээний цалин авдаг гэсэн?
- “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Г.Дэнзэн ажиллаж байх үед, ТУЗ-ын дарга 6 сая төгрөгийн, гишүүд 1.8 сая төгрөг цалин авахаар шийдвэрлэсэн юм байна. Төрийн  өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ын дарга болон гишүүдийн цалин хөдөлмөрийн хөлсний  хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байна гэсэн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг энэ нь зөрчсөн байгаа юм. Үүнээс гадна,  уг компанийн төвд 123 хүн ажилладаг нь үргүй зардал гаргаж байгаа зэрэг асуудлууд байсан. Энэ нь  зөвхөн уг компанид байгаа асуудал биш. Төрийн өмчийн бүх компаниудад байгаа дутагдал юм. 

Нийтэлсэн: А.Энхтуул

Д.Хаянхярваа: Эрдэнэс-Тавантолгойн ТУЗ-ын дарга 6 сая төгрөгийн цалин авах нь хууль бус  
Үзсэн: 1613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй