Шууд Chart

М.Энхсайхан: Төмөр замын 51 хувийг төр өмчилнө гэвэл түүндээ таарах хөрөнгийг гаргах хэрэгтэй болно

2015-02-02 18:23:52

Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хоёр дахь шатны хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Шийдвэрлэх хэлэлцээр явагдаж байгаа үед, УИХ-ын дарга Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тодорхой хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханаас сэтгүүлчид дараах тайлбарыг авсан юм.

-МҮОНРадио: Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замын тодорхой хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн асуудал яригдах боллоо?
-2010 оноос хойш тав дахь жилдээ явж байгаа уралдаант шалгаруулалт шүү дээ.  Шалгаруулаад  хэлэлцээр хийж явж байна. Энэ хооронд монголчууд бид төмөр зам дээр хангалттай улстөржсөн. Өргөн, нарийн төмөр зам гээд. Төр 51 хувийг нь заавал өмчилсөн байх ёстой гэсэн зөндөө юм яригдсан. Гэхдээ тавантолгой төслийг урагш нь явуулахын тулд бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. Монголын төмөр замын тээврийн тухай хуулийн 6-р зүйл гэж бий. Энд төмөр зам бол стратегийн чухал ач холбогдолтой, монголын төр 51 хувийг нь өмчлөх ёстой гэж тусгасан. Гэхдээ энэ үйл ажиллагааг хийж чадахгүй бол, дараа энэ нөхцлийг биелүүлэх нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд барьж байгуулаад, ашигласны үндсэн дээр төрд 51 хувийг нь шилжүүлэх бололцоотой ийм заалт хуульд бий. Үүнээс гадна, УИХ-ын 32-р  тогтоолд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, дараа төмөр замын бүтцийг төрд шилжүүлэх нөхцөлтэйгөөр барьж, ашиглаж болно гэсэн заалтууд байгаа байхгүй юу. Бид 51 хувиа тойрч дэндүү их улстөржиж байна. Тиймээс хуулийн олон гарц байгааг харахгүй, зөвхөн нэг гарцтай юм шиг буруу харж байгаа  байдал байгаа юм. Тэгэхээр энэ ойлголтоо манай улстөрчид жигдлэх хэрэгтэй.


- МҮОНРадио: 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарсан 121-р тогтоолын дагуу “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг барьж байгаа. Гэтэл энэ тогтоолыг хүчингүй болгоогүй байж, 2014 оны наймдугаар сарын 20-нд засгийн газар 268-р тогтоол гаргаж, энэ төмөр замыг хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөөр барина. Харин төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан. Энэ хоёр  тогтоол хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Нэг юмыг их сайн ойлгох ёстой. Төмөр замын  бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол асар их мөнгө шаарддаг. Хэрэв монголын төр өөрөө 51 хувийг нь өмчилнө гээд зүтгэвэл, хөрөнгө оруулагчид 51 хувьдаа таарсан хөрөнгөө гарга гэж хэлнэ. Тэгэхээр тийм чадамж монголын төрд байхгүй. Тиймээс “Төмөр замын  тээврийн тухай хууль”-ийн 6-р зүйл дэх хувийн хэвшлийг дайчилж, тодорхой хугацааны дараа 51 хувиа авах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт татаж, барьж, ашиглаж болно гэсэн заалтыг хэрэглэж, урагшаа явах шаардлага байгаа. Хэрэв өөрөө хөрөнгөө гаргачихдаг, мөнгөтэй улс байсан бол, ийм асуудал хөндөгдөж ярихгүй шүү дээ. Тийм учраас нэгэнт яваад ирсэн, алдсан, чадаагүй зүйлтэйгээ зууралдаад байх биш. Хуульд байгаа өөр заалтыг ашиглаж ажиллах хэрэгтэй.

-Тэгэхээр засгийн газрын 2012 оны 121-р тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн үг үү?
-Туршаад яваад ирсэн ч, үр дүнгээ өгөөгүй. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын 34-р тогтоол өнгөрсөн онд гаргаж, энэ асуудлууд цаашаа явж байгаа байхгүй юу?

-Хэлэлцээр ямар шатанд явна?
-Хэлэлцээр харьцангуй гайгуй байгаа. Хамгийн гол нь манай улстөрчид нөгөө харддаг, сэрддэг, олон түмнийг татаж оруулдаг ийм байдлаар энэ төслийг хагалаад хаячихгүй бол, энэ төсөл явах учиртай. Монголоос олигтой, дорвитой мэдээлэл гадагүаа цацагдахгүй олон жил болж байна. Мөн манай эдийн засаг өнөөдөр хүнд байдалтай байгаа. Гадаад, дотоод талаасаа энэ төсөл урагшаа явах ёстой. Улстөрчдийг нэгдмэл ойлголтод хурдан хүрээсэй гэж бодож байна.

-Санал нэгдэхгүй байгаа ямар асуудал байгаа вэ?
-Сая миний хэлсэн асуудал. Тухайлбал төмөр замын өмчлөлийн 51 хувиийн талаар улстөрчид зөндөө ярисан. Гэхдээ 51 хувийнхаа хөрөнгийг гаргаж чадахгүй. Ийм байдалтай яваад бүтээгээгүй. Одоо хуульд байгаа өөр нэг арга нь төр хувийн хэвшлийн түншлэлээр дараа 51 хувийг нь төрд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийж болох. Энэ хувилбарыг ажиллуулах гэхээр, маргаан дэгдээх нь хууль бус, ёс бус болж байгаа юм.

-Эх орон телевиз: Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн төмөр замд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм?
- “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн 270 киллометр төмөр зам барихад, 1 тэрбум 160 сая ам.доллар хэрэгтэй гэж консерциум техник эдийн засгийн тооцондоо тусгасан байгаа. Хэрэв 51 хувийг төр өмчилнө гэвэл, 600 орчим сая ам.доллар гаргах хэрэгтэй болно шүү дээ. Энэ нь бидний яваад ирсэн гашуун зам, алдсан зам. Тиймээс шинэ маягаар ажиллах гээд байна шүү дээ. Энэ дээр улстөрчид нэг хэлтэй байх хэрэгтэй.

- Тавантолгойн хэлэлцээр хийгдэж байхад, УИХ-аас Засгийн газарт нөлөөлөх ч юм уу, шахах ч юм уу тийм зүйл байна уу?
-Том зүйл харахгүй байгаа ч, улстөрчдийн ойлголтыг будилуулах гэсэн үйлдлүүд гарч байгаа.

C1 телевиз: -Хөрөнгө оруулагчид 500 сая ам.доллар өгөхөө болисон гэсэн мэдээлэл гараад байна?
- Монгол улсын засгийн газар консерциумаас тодорхой хэмжээний мөнгийг гаргуулж авах нь зүйтэй гэж дотроо бодож байгаа. Тавантолгой гашуунсухайт чиглэлийн төмөр замд их хэмжээний мөнгө хийчихсэн байгаа. Тэр мөнгөө буцаагаад гаргуулж авмаар байна. Энэ бол ойролцоогоор 230 сая ам.долларын тухай асуудал. Дээр нь бид “Чалко” компаниас багагүй мөнгө зээлсэн. Энэ зээлээс 133 сая ам.доллар төлөх дутуу байна. Үүнийг хөрөнгө оруулагчид үүрэх боломжтой гэсэн зарчмаар хэлэлцээр хийж байна. Өөрөөр хэлбэл, 230  сая ам.доллар дээр 133 сая ам.доллар гэхээр үндсэндээ монголын тал эерэг баланстай гарна гэсэн үг. Дээр нь санхүүгийн байдал хүнд байгаа. Манай эдийн засгийн байдал хүнд байгаа учраас урьдчилгаа мөнгө авна гэсэн бодолтой байгаа. Консерциум 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн байгаа ч, бидэнд өгөх ашгаасаа дараа нөхөн авах нөхцөл тавьж байгаа. Ингээд бодохоор ойрын хугацаанд санхүүгийн олон асуудал шийдэж болох байхгүй юу. Ер нь тавантолгой төслийг тойроод таваас зургаан жил талцахдаа, улсын нуруун дээр 700-800 сая ам.долларын өр үүсгэсэн. Ийм л байдлаас болоод манай санхүүгийн байдал доройтсон, банкуудын байдал хүндэрчихсэн байна. Тиймээс алдаагаа зөв харж, дундуур нь гарч ирэх. Мэдээж консерциумтай хэлэлцээр хийхдээ, улсынхаа эрх ашгийг яаж суулгаж, зөв авч явах уу гэдгээ бодох ёстой.

-МҮОНРадио: Өнгөрсөн баасан гаригт “Шэнхуа” компани Монголын Төмөр зам компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудал яригдсан юм бол?
- “Монголын төмөр зам” компани  “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд яаж ажилласан. Ямар хөрөнгө оруулалт хийсэн. Ямар гэрээтэй явж ирсэн гэдгээ хөрөнгө оруулагч нар үзүүлэх ёстой. Монголын төмөр зам компаниас өгсөн мэдээллээр нийт материалын хэмжээ 17 мянган хуудас. Үүнийг скайнердах юм уу, дижитал хэлбэрт оруулах нь зүйтэй биш. Тиймээс олон улсын практикаар “датарүүм” ажилуулдаг. Энэ датарүүм дээр хятадын хөлсөлж авсан компанийнхан ирж сууж байгаа байхгүй юу. Гэтэл компанийн байрыг гаднынхан хүрч ирээд эзэлчихсэн юм шиг буруу, зөрүү мэдээлэл гарсан. Уг нь датарүүм нь дэлхийн стандарт байхгүй юу.

-Эх орон телевиз: “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг “Шэнхуа” эзэмшвэл ямар эрсдэл гарах вэ?
- “Шэнхуа” компани төмөр зам эзэмших гээд байгаа асуудал ерөөсөө байхгүй. Хари консерциум эзэмших юм. Үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтыг “Шэнхуа”, “Сумитомо”, “Эм Эм Си”-ийн хамтарсан консерциум хариуцна.

-C1 телевиз: “Сумитомо” борлуулалтанд оролцож тавантолгойн бүтээгдэхүүнийг хил давуулаад зөөхөөр нүүрсний өртөг өндөр болох юм биш үү?
- Өнөөдрийг хүртэл тавантолгой болон уул уурхайн компаниуд хятадын хамгийн хямдхан зах зээлд гарч байсан. Манай нүүрсийг хятадын хойд хэсэг дээр байгаа  компаниуд аваад, өөрийнхөө нүүрстэй холиод үнэ хүргэж цааш нь зардаг байхгүй юу. Тэгэхээр бид өөрсдөө гарах хэрэгтэй биз дээ. Бид өөрсдийнхөө нэрээр өндөр үнэтэй зах зээл рүү гарах хэрэгтэй биз дээ. Өндөр үнэтэй зах зээл рүү нь хүрэх гэхээр хамгийн гол нь тээврийн асуудал байгаа юм. Энэ нь зөвхөн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 270 киллометр төмөр зам барих тухай асуудал биш. Хятадын нутгаар тээвэрлэж, өндөр үнэ хүрэх зах зээлд очих ёстой. Энэ  тээвэрлэлт дээр “Шэнхуа” компанийн үүрэг оролцоо маш их. Харин японы том гангийн үйлдвэрүүдэд, үнэтэй зах зээлд кокжсих нүүрсээ нийлүүлэхэд “Сумитомо” компанийн үүрэг оролцоо маш их. “Сумитомо” бүтээгдэхүүний 20-30 хувийг баталгаа гаргаж аваад, японы гангийн үйлдвэрүүдэд хүргэж өгнө гэдэг бол, тэр хэмжээгээр бидний үнэ цэнийг өндөрт өргөж өгнө. Мөн “Сумитомо” компани энэ төслөөс эцсийн бүтээгдэхүүн авч борлуулна гэж хэлж байгаа нь, өөрөө энэ төсөлд бусад банкуудаас мөнгө босгох бололцоог нээж өгч байгаа байхгүй юу.

МҮОНРадио: УИХ-ын зарим гишүүдийн зүгээс 30 жилийн хугацаа хэтэрхий урт байна. Энэ хугацааг наашлуулж болохгүй гэсэн зүйл ярьж байгаа?
-30 жил бол олон улсад байдаг практик. Бид яагаад хугацаа өгч байгаа юм гэхээр, нэгдүгээрт манай төрийн өмчийг мөнхийн авахгүй гэдгийг хэлж байгаа. Хоёрдугаарт хийсэн хөрөнгө оруулалтаа 30 жил дотор нөхөх юм. Харин татвараа авна, хяналтаа тавина. Ер нь 30 жил гэдэг дэлхийн практик. Энэ хугацааг багасгаж болно. Хэрэв багасгавал энэ хугацаанд амжихгүй гээд хөрөнгө оруулагчид төслөөс татгалзах асуудал бас үүсдэг.

-C1 телевиз: 1072 хувьцааны ашгийг монголчууд хэзээ хүртэх бол. Хүлээлт үүсчихээд байна?
-УИХ-ын шийдвэрээр “Эрдэнэс-тавантолгой” компанийн 20 хувийг иргэдэд хувьцаа болгож өгсөн. Хэрэв бидний хэлэлцээ сайн яваад, энэ төсөл амжилттай болвол, 1072 ширхэг хувьцааг амилуулах санхүүгийн боломж бий болно. 1072 ширхэг хувьцааг амилуулах асуудалд УИХ болон Засгийн газар хамтарч байж шийдлээ олно. Хэрэв энэ төсөл амжилттай явбал, эх үүсвэр нь байгаа гэж хэлэх байна.

-C1 телевиз: Монголиан майнинг корпорацийн 45 хувь нь монголын эзэмшлийнх. Бусад нь гадаадын мэдлийн компани гэсэн ийм яриа гараад байгаа?
- Монголиан майнинг корпораци хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй компани. Энэ корпорацийн 60-аад хувийг монголын үндэсний компаниуд эзэмшдэг.

- Монголиан майнинг корпораци их хэмжээний өртэй гэж яригдаад байна?
-Уул уурхайн бизнес заавал банкны зээлээр явдаг ажил. Хүн өөрийнхөө жижигхэн бизнесийг халааснаасаа мөнгө гаргаад хийж болно. Асар том төслүүд бол заавал зээлээр явдаг. Энэ эт мегатөслийн онцлог юм. Тиймээс “Сумитомо”, “Шэнхуа”, “Монголиан майнинг корпораци” бүгдээрээ банкнаас зээлтэй. Тэр зээлийг монгол ухаанаараа муу өр гэж уншаад байвал, буруудна.

-Эх орон телевиз: Консерциумд багтсан гурван компанийн оролцоо нь ямар байх вэ?
- “Энержи ресурс” бол төслийн компани. “Энержи ресурс” компанийн дээд талд Монголиан майнинг корпораци /MMC/ бий. 60 хувийг нь манай үндэсний компаниуд эзэмшдэг Монголиан майнинг корпораци 51 хувийн хяналтын багцыг барих юм. Харин 49 хувийг хятадын “Шэнхуа” барина. Дараа нь “Энежри ресурс” төслийн компанияпоны “Сумитомо”-той 70/30 харьцаатай борлуулалтын компани байгуулах юм. Дараа нь төмөр замаа хариуцсан компани мөн тусд нь байгуулах юм. Өөрөөр хэлбэл, том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт гээд бүгд бие даасан компаниудаар зохион байгуулагдана.

Нийтэлсэн: А.Энхтуул

М.Энхсайхан: Төмөр замын 51 хувийг төр өмчилнө гэвэл түүндээ таарах хөрөнгийг гаргах хэрэгтэй болно   
Үзсэн: 2231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-02-02 23:57
М.Энхсайхан яагаад Монгол Улсад ингэж их хонзогноод байгаа юм бол? 30 биш 10 жилийн дараа барьсан темер замаа зvтгvvр болон вагоны хамт терд чинь 100% буцааж егье гэсэн Зам тээврийн яаманд ирсэн саналыг дэмжихгvй байгаа шалтгаан нь юу вэ?

Бидэнтэй нэгдээрэй