Шууд Chart

П.Бат-Эрдэнэ: “МТЗ” компаниар төмөр зам бариулах шийдвэр хүчинтэй байгаа

2015-02-03 15:24:10

Засгийн газраас 2014 оны наймдугаар сарын 20-нд гаргасан 268-р тогтоолын дагуу “Энержи ресурс”, “Шэнхуа энержи”, “Сумитомо” компаниудын хамтарсан консерциум “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ төмөр замд манай улсаас зарцуулсан хөрөнгийг буцаан авах тухай ч давхар яригдаж байгаа юм. Тиймээс манай улс өнгөрсөн хугацаанд энэ төмөр замд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил хэдэн хувьтай байгаа талаар “Монголын төмөр зам” компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцсан юм.

-“Ухаа худаг–Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын төслийг танай компани 2013 оноос хойш хариуцаж ирсэн. Энэ төмөр замын ажил хэдэн хувьтай байна?
- Энэ  төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 121-р тогтоолоор манай компанид олгосон. Энэ дагуу 2013 оны нэгдүгээр сард санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Ингэхдээ энэ санхүүжилтийг чингис бондоос гаргахаар болсон. Нийтдээ 400 сая ам.доллар гаргахаас эхний ээлжинд 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулж олгосон. Цаг хугацааны хувьд 2013 оны тавдугаар сарын 6-нд барилгын гүйцэтгэгчтэй гэрээ үзэглэж, ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 90 гаруй хувьтай байна. Харин нийт төслөөр аваад үзвэл50 орчим хувьтай явна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд онцлогтой барилгын ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Умдайн голын сайр дээгүүр 435 метрийн  урттай гүүрийн тулгуур барисан.  Дээр нь хоёр газар бутламал чулуун дайрганы үйлдвэр байгуулсан. Мөн төмөр бетон дэрний үйлдвэрийн барилгын ажлууд хийгдсэн. Тоног төхөөрөмж нь ороод ирчихсэн, хараахан угсрагдаагүй байна. Царигийн асуудалтай холбогдуулаад төмөр бетонон дэрний хэвээ солих тухай яригдаж байгаа.

- Энэ төмөр замын барилгын ажил 50 хувьтай яваа гэлээ. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулав?
- Өнөөдрийн байдлаар 212 сая ам.доллар зарцуулчихаад байна.

- Тавантолгойн талаар авах зарим арга хэмжээний тухай 268-р тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг барьж, 30 жилийн дараа улсад 51 хувийг нь эргүүлж өгнө. Тиймээс энэ төмөр замд оруулсан 280 сая ам.доллараа манай улс хөрөнгө оруулагчдаас авна гэсэн асуудал яригдаж байна.  Гэтэл танайх 212 сая ам.доллар гэлээ. Энэ хоёр тоо яагаад зөрөөд байгаа юм бол?
-Би түрүүн 212 сая ам.доллар гэсэн шүү дээ.Энэ бол чингис бондоос гаргасан мөнгө байгаа юм. Үлдсэн 60 сая ам.доллар нь энэ төслийг өмнө гүйцэтгэж байсан “Энержи ресурс” компанитай хамаатай. Тус компани манайд тусгай зөвшөөрөл өгөх хүртэл 2008-2012 онд энэ төмөр замд 60 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг оролцуулаад  “Ухаахудаг –Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд 280 сая ам.доллар зарцуулчихаад байгаа юм.

- Энэ 60 сая ам.долларыг “Энержи ресурс” компанид өнгөрсөн хугацаанд өгөөгүй юм шиг дүр зураг сая харагдлаа?
-Үүнийг өгөөгүй байсан. Яагаад өгөөгүй вэ гэхээр “Энержи ресурс” компанийн гаргасан хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх, эсвэл буцааж өгөх гэсэн тогтоолтой юм. 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд гаргасан 121-р тогтоол гэсэн үг. Аль нэгээр нь явъя гэхээр хэлэлцээр дуусаагүй байсан. Төмөр замын бодлогын нэг, хоёрдугаар шатанд 1800 киллометр төмөр зам барих ёстой. Энэ төмөр замын нэг хэсэг нь “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам юм. Үүнээс гадна, монгол улсын зүү нутгаар төмөр зам барина. Эдгээр нь нийлээд нэг том төсөл. Том төсөлд хөрөнгө оруулагчаар буюу хувь эзэмшигчээр орох боломж “Энержи ресурс” компанид байсан. Одоо ч байгаа. Энэ хэлэлцээр дуусаагүй учраас тус компани хувь эзэмших үү, мөнгөө авах уу гэдэг нь эцэслэгдээгүй гэсэн үг.

-Одоогоор төмөр замд 280 сая ам.доллар зарцуулсан гэж байна. Үүнийг байж болох зардлаас давсан гэж үзэх хүмүүс байна?
- Энэ бол өндөр тоо биш. Өнөөдөр олон улсад нэг киллометр төмөр замыг 1-2 сая ам.доллараар баридаг гэж яридаг хүмүүс бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд нэг киллометр төмөр замыг төчнөөн төгрөгөөр барина гэж цээжээр хэлэх бололцоогүй. Төмөр замыг автозамтай харьцуулахад тэс өөр. Манай хэллэгээр төмөр зам хэвгий, өгсүүр, уруу, тахир, тойруу байдаг. Ер нь төмөр  замыг аль болох шулуун, өгсүүр, тойруу багатай барих шаардлагатай байдаг. 1 киллометр төмөр замын газар шорооны ажил, 10 киллометр автозамын газар шорооны ажилтай тэнцдэг.Төмөр замын газар шорооны ажил маш өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал, хятадууд “Зүүн хатавч” гэдэг газар төмөр зам барьж байна. Киллометрийг нь 2.5-3 сая ам.доллараар барьж байх жишээтэй. Манай зардал ч энэ хавьцаа байгаа. Суурь бүтцийн хувьд ийм л өртөгтэй. Дээрээс нь хөдлөх бүрэлдэхүүн нэмэгдэх ёстой. Тэгэхээр энэ бол өндөр тоо гэж хэлэх боломжгүй. Ер нь зургаараа, төсвөөрөө мөнгө нь тодорхойлогдоод явдаг зүйл.

- Хэрэв 280 сая ам.доллараа буцаагаад авлаа гэхэд, үүний 60 сая ам.долларыг “Энержи ресурс” компанид өгөх  тухай асуудал яригдах уу?
- Үүнийг бэлэн бусаар авсан учраас, бэлэн мөнгөөр өгнө гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын өнгөрсөн оны 268-р тогтоолоор тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулаад байгаа. Шалгарсан консорциумд “Энержи ресурс” компани багтсан. Мэдээж бэлэн мөнгө олгохгүй.  Энэ мөнгө тэр төсөлдөө тооцогдоод, хэрхэн зохицуулагдах нь хэлэлцээрийн шатанд тодорхой болно. Хэлэлцээрийг Монгол улсын сайд М.Энхсайхан ахлаад явж байгаа.Тиймээс энэ хэлэлцээртэй холбоотой асуудлыг ажлын хэсгээс лавлах нь зүйтэй. Манай компанийн хувьд мэдээж гаргасан мөнгөө буцааж авах ёстой. Тэгэх талаараа ажиллаж байгаа.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан “Шэнхуа энержи” компани өнгөрсөн баасан гаригт  “Монголын төмөр зам” компани дээр ажилласан гэсэн. Ямар асуудал яригдсан юм бол?
- Хөрөнгө оруулахаар санал ирүүлсэн компаниудтай ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлж байсны хувьд түрүүний ярисан 280 сая ам.долларыг хаанаас босгосон. Үүгээр юу хийсэн. Төмөр замын явц болон технологитой холбоотой материалуудыг танилцуулах зэргээр ажиллаад явж байна. Харин компанийн бусад нууцтай холбоотой зүйлийг гаргаж өгөхгүй гэсэн зүйл болсон. Манай компани хэдийгээр төрийн өмчийнх ч гэсэн, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Улаанбаатар төмөр замтай холбоотой зүйлүүдээ гаргаж өгөхгүй шүү гэсэн. Түүнээс айхтар ноцтой зүйл болоогүй.

-Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан 268-р тогтоолоор хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр барьж, 30 жилийн дараа 51 хувийг нь төрд эргүүлэн өгөх ёстой. Гэтэл засгийн газрын 2012 онд гаргасан 121-р тогтоолоор танай компани энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төмөр зам дээр өнөөдөр хоёр хүчин төгөлдөр тогтоол үйлчлээд байгаа юм биш үү?
-Засгийн газрын 2012 оны 121-р тогтоол өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй байна. Гэтэл өнгөрсөн онд засгийн газрын 268-р тогтоол гарчихсан. Хэлэлцээр хийгдээд байдаг. Гэтэл хоёр төрлийн, хоёр ойлголт төрүүлсэн зүйл байхаар төсөлд сөрөг нөлөөтэй л дээ. Цаг хугацаа алдах зүйл гарч ирж магадгүй. Уг нь төслийг цаг хугацаатай уралдаж хийх ёстой шүү дээ. Нүүрсээ хямд өртгөөр зөөх, байгаль орчинд ээлтэй байдлаар тээвэрлэх төмөр зам манайд хэрэгтэй байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

П.Бат-Эрдэнэ: “МТЗ” компаниар төмөр зам бариулах шийдвэр хүчинтэй байгаа   
Үзсэн: 2316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2015-02-05 13:23
yu ch meddeggui zaluu bna lee ene

Бидэнтэй нэгдээрэй