Шууд Chart

Л.Цэрэн-Очир: Манайд хамгийн “Сонгодог дуу хоолой” энд ажиллаж байгаагаараа ялгагддаг

2013-08-16 11:45:56

-МҮОНР-ийн өнөөгийн байдлын талаар таны бодол?
-За баярлалаа. Хүннү гүрэн үүссэний 2222 жил, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын их ойн баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөж, Монгол оронд түүхэн тэмдэглэлт олон сайхан арга хэмжээ үргэлжилсээр байна. Монгол улс ардчилсан ерөнхийлөгчөө дахин сонголоо. Дэлхийн талыг тамгалж байсан морьтон монголчууд адуун сүргийнхээ их сүр хүчийг ертөнцийн сонорыг мялааж харуулж чадлаа. Ийм түүхэн цаг үед манай ШЭРС-ийн хамт олон орон даяар радиогийнхоо захирлын үгийг сонсогчдодоо хүргэх гэж байгаа юм байна.

Радио сонсогчдодоо, Монголын бүх ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би өнөөдрийн гэхээсээ илүү өмнөх түүхээ сөхөж ярих дуртай. Ахмадын сургааль алт гэдэг үг байдаг даа. Өнөөдрийн радио гэж ярих гэвэл өмнөх үеийнхний байгуулж өгсөн тэр л баялаг сан дээр тулгуурлаж байгаа шүү дээ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Сүхбаатарын одонт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио /МҮОНР/ 80 жилийн түүхэн замналтай.  МҮОНР-ийн үүсэл хөгжлийн эхлэл 1930-аад оны үед тавигдсан болохыг радиогийн түүхийн хуудаснаа тодорхой бичигджээ. 1934 оны есдүгээр сарын 01-нд Монгол улс даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлт баярын өдөр.  

Энэ өдрийн 11.00 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням мөн Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам ЗХУ-аас манай улсад суугаа элчин сайд зэрэг албаны хүмүүс “ Радио нэвтрүүлэх станц”-ын газарт хүрэлцэн ирж, радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны баярын нээлтэд оролцсон байна.
Холбооны яамны сайд Мэндийн радиогоор хэлсэн баярын нээлтийн үгийг Улаанбаатар хот хөдөө орон нутгийн 13 аймагт цацсан нь Монголд радио өргөн нэвтрүүлэг үүсч бий болсон тухай он цагийн түүхэн баримт юм.

Тэр үетэй харьцуулахын аргагүй хөгжлийн цоо шинэ шатанд МҮОНР өнөөдөр ажиллаж байгаа. Техник, технологийн хувьд ч хүн хүч боловсон хүчний хувьд ч зүйрлэхийн аргагүй шүү дээ. Өнөөдөр МҮОНР-д монголын хэвлэл мэдээллийн салбар дахь шилдэгийн шилдэг мэргэшсэн бүхэл бүтэн гурван үеийн төлөөлөл бүхий залгамж халаа ажиллаж байна.
Арав гаруй албадтай. Тэдгээрийн дотроос “Хурд агентлаг”, “МДХ радио”, “ШЭРС”, “Р-3 радио”, “Урлаг уран сайханы редакци” , “Өргөн нэвтрүүлгийн II суваг”, “Хүүхэд залуучуудын редакц”, “Найруулагч, нэвтрүүлгийн алба”, “Техникийн хэлтэс”, “Программын хэлтэс”-т олон арван жилээр тасралтгүй ажиллаж байгаа хамт олондоо үргэлж баярлаж явдаг даа.

-МҮОНР бусдаасаа юугаараа ялгагддаг бол?
 -Өнөөдрийн орчин цаг нөхцөлтэйгээ уялдаатай чухал асуулт байна. Монголд зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 20 орчим радио “FM” ажиллаж байна. Мэдээллийн зах зээлийн өрсөлдөөн МҮОНР-ийн хамт олныг цаг ямагт хурцалж байна гэж ойлгож байгаа. МҮОНР юугаараа ялгагддаг гэхээр манайд хамгийн “Сонгодог дуу хоолой” энд ажиллаж байгаараа ялгагддаг юм. Хамгийн чансаатай сонгодог нэвтрүүлэг явуулж чадаж байгаагаараа бид ялгагдана.

Бид аль нэгэн танхимаас бус Зөвхөн Нийслэлээс бус орон даяар явж, малчны хотоос, тариан талбайгаас, 21 аймаг 360 гаруй сумдаас нэвтрүүлгээ бэлтгэж явуулдагаараа ялгагддаг. Олон арван гавъяаттай. Шинжлэх ухааны доктор, доктрант, магистерууд энд ажиллаж байгаа нь бидний зүй ёсны бахархал байдаг. Монгол улсын нийгэм эдийн засгийн, урлаг уран сайхны, биеийн тамир спортын, хөгжил дэвшлийн 80 жилийн намтар түүхийн алтан сан зөвхөн манайд байгаа. Өөр хаана ч байхгүй. Энэ бол МҮОНР-ийн залгамж холбоо бүхий гурван үеийнхний мөнхөд бахархах бусдаас ялгагдах онцлог гэж бахдам хэлж чадна. Гэхдээ МҮОНР-д шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй. Шинэчлэлтийг нэгдүгээрт: Шинжлэх ухааны техник- технологийн, “Хоёрдугаарт” Боловсон хүчний гэсэн хоёр чиглэлээр явагдана.

-МҮОНР-ийн үйл ажиллагаанд явагдах шинэчлэлийн бодлого зорилтоо та тодорхойлохгүй юу?
-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 10-р садын 27-ны өдрийн 275 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах төслийн нийт мөнгөн хөрөнгийг тогтоож өгсөн байдаг.
МҮОНР-ийн техникийн шинэчлэлд 2013-2017 онд дунд хугацааны стратегийн зорилтын хүрээнд 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн төслийг МҮОНРТ-ийн ССГ-аас боловсруулсан. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд радио өргөн нэвтрүүлгийн талаар ОУ-ын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад орны туршлага, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг судлах, танилцах үйл ажиллагаа одоо явагдаж байна.
МҮОНР-ийн техник, технологийг шинэчлэх замаар радио өргөн нэвтрүүлгийн шуурхай байдал, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, мэдээллийн багтаамж, хүртээмжийг дээшлүүлэх, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг сонсогч хэрэглэгчдэдээ хүргэхэд шинэчлэл туйлын чухал асуудал болоод байгаа. Шинэчлэлийн хүрээнд МҮОНР-ийн архивыг тоон технологид 2013-2017 онд шилжүүлэх төсөл өнөөдөр хэрэгжиж эхлээд байна.

Монголын ард түмний түүх, соёлын үнэт өв, бүхий радиогийн архивын сан хөмрөгийг тоон технологид шилжүүлэх, төрөлжүүлж хадгалах, хамгаалах, баяжуулах, эрж хайх, судлах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үйл явц одоо үргэлжилж байна. Энэ жилд гэхэд л манай урлаг соёлынхон, өргөн нэвтрүүлгийн II сувгийн редакторууд Ховд аймагт олон ястан, үндэстний язгуур урлаг соёл, эд өглөгийн нарийн нандин өв соёлыг судлаж алтан сандаа бүртгэж авлаа.

Саяхан Хөвсгөл аймагт бас очиж дархад, урианхай, тува, цаатан ардын өв соёлыг судлаад ирлээ. Удахгүй Хэнтий, Дорнод руу манай редакторууд томилолтоор явна. Буриад зон олныхоо соёлын үнэт өв соёлыг судлаж бүртгэж авах болно. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын радиогийн хамтын ажиллагааны хүрээнд Өвөрмонголд дуулагдаж байгаа ардын дууны сан хөмрөгтэй танилцаж, хамтарсан сурвалжлага хийнэ. Ингэснээр сонсогч ард иргэддээ үнэн бодитой мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, тэдний оюун санааны эрэлт хэрэгцээг мэдээллээр хангах радио өргөн нэвтрүүлгийн үндсэн зорилтыг хангах бололцоотой болох юм.

-Радио өргөн нэвтүүлгийн сонсогдолт тааруухан байгаа талаар нэлээд яригдсан. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?
-МҮОНР ч биш. Мөн манай телевизийн гаралт ч ялгаагүй тааруухан, зарим аймагт бүр дүрсгүй шахам цацагдаж байгаа шүү дээ. МҮОНРТ-ийн хөтөлбөрийг нэвтрүүлэх хүлээн авах, дамжуулах үйл ажиллагаа байнга доголдож ирсэн байгаа. Ил байдлыг тэвчиж өнгөөрөх асуудал яав ч биш. Радиогийн өргөн нэвтрүүлгийн талаар сонсогч олон түмнээс гомдол санал тасралтгүй ирдэг болсон. Ажлын хэсэг гаргаад Архангай, Булган, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Төв, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаа. Авто машинаар 4000 гаруй км замыг тууллаа. Зарим аймгуудад нисэх онгоцоор очицгоолоо. Үүнд багагүй мөнгөн хөрөнгө зарцуулж байж радиогийн өргөн нэвтрүүлэг сонсогдохгүй байгааг албан ёсоор баримттай тогтоож байгаа л даа. ҮОНТ ялгаагүй.

Үүний дараа ХХЗГ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, МЦХ ХК, РТС УҮГ-ийн хамтарсан ажлын хэсэг бас гарсан. Хэд хэдэн удаагийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Техник технологийн шинэчлэлт хийх шаардлагатай гэдгээ ч хаа хаанаа ойлголцсон нь хамгаас чухал юм. Үүнийг үүгээр орхиж болохгүй ээ. Холбогдох яам агентлаг, Засгийн газарт асуудлыг оруулж нэг мөр болгож, шийдвэрлэхээр ажиллана. Хийх ажил, авах арга хэмжээ их байгаа. Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг даргын албан тоотыг хүлээж авлаа. Сэлэнгэ, Говьсүмбэр, Ховд, Булган, Дорноговь, Дундговь аймгийн зургаан станцын үйл ажиллагааг хэвийн болгох мөн радио долгион дамжуулах найман ширхэг станц нийлүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг шийдэвэрлэхээр ярилцаж судлаж байгаагаа тухайгаа дурьдсан байна лээ.

-Ойрын үед авах томоохон тэр тусмаа цаг тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярихгүй юу?
-Стратеги санхүүгийн газраас МҮОНРТ-ийн үйл ажиллагааны ойрын болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг гаргаж захирлуудын зөвлөл, Үндэсний зөвлөлийн хурлаар батлагаажуулдаг учраас цаг хугацаа тулгамдах асуудалгүй шүү дээ. ОНР-ийн хувьд ирэх жилд манай түүхт 80 жилийн ой болно. Ойн нэрэмжит ажлууд бүхэлдээ үргэлжлэнэ гэж бодож байгаа. Радиогийн алтан сан хөмрөгт тулгуурлаж анх удаагаа бид Сонсогчдынхоо өмнө энэ оны есдүгээр сарын дундуур “Намсайржав агсны түүхэн дурсамж” гэсэн концертийг тоглохоор төлөвлөөд байгаа.

Энэ тоглолт бүхэлдээ МҮОНР гэж ямар их өв сантай соёлын байгууллага болохыг нээн харуулах зорилгыг агуулж байгаа юмаа. БНХАУ-ын Бээжин хотод гарахаар бэлтгэгдэж байгаа радио, телевизийн олон улсын үзэсгэлэнд радиогийн инженер техникчид очино. Тэд орчин үеийн тоон радио, тэнд хэрэглэгдэх шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн техниктэй танилцаж ирнэ. Тэр туршлагаараа ч бусад хамт олондоо нөлөөлнө байх. Радиогийн техникийн инженерүүдийн үйл ажиллагаанд ч арга барилын шинэчлэлт гарна гэж бодож байгаа. Ирж байгаа 2014 он бол манай хамт олны хувьд шинэчлэлтийг хэрэгжүүлэх, шинэ, шинэ шилдэг уран бүтээлд эрэлхийсэн он жилүүдийн эхлэл байх болно.
-Ярилцсанд баярлалаа 

Нийтэлсэн: Mонголын радио

Л.Цэрэн-Очир: Манайд хамгийн “Сонгодог дуу хоолой” энд ажиллаж байгаагаараа ялгагддаг  
Үзсэн: 2621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2013-08-16 19:10
naanaa arxidaj xonoj unjdug arxichidaa tsegtsleeee

Бидэнтэй нэгдээрэй