Шууд Chart

Уул, овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа

2015-02-12 15:53:50

Уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан БОНХАЖЯ-наас уул, овоо, хангай дэлхийдээ зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриалж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Тамгын  лам Ц.Алтанхүү, Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны  ахлах мэргэжилтэн Д. Дүгэрсүрэн, Төрийн их зайран Б.Бямбадорж нар оролцож, уул, овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэх уламжлалт ёсны талаар ярьж, иргэддээ уриаллаа.

Иргэдийн уул, овоондоо хүндэтгэл үзүүлэх уламжлалт зан үйл сүүлийн жилүүдэд алдагдаж, сайн сайхныг бодож хийсэн зан үйл нь  эргээд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс уул овоондоо мөргөж залбирахдаа  аль болох уламжлалт ёсоо барихыг БОНХАЖЯ-наас ард   иргэддээ уриалж байгаа аж. Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Тамгын газрын  лам Ц.Алтанхүү “ Уул, овоондоо хүндэтгэл үзүүлж, тахихдаа сайн үйлсийг бодож хийдэг ч зарим зан үйл  хэт хавтгайрч, байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлэх болсон” гэв. Тухайлбал, шинийн нэгэнд Хийморийн овоон дээр гараад цай, сүү, архины дээжээ хангай дэлхийдээ  өргөхдөө цацлаар бус  савны бөглөөгөөр өргөдөг. Улмаар бөглөө зэргээ хог болгоод хаячихдаг байж болохгүй гэлээ.
 
Сүүлийн үед хадагны хүндэтгэлт байдал алдагдаж, 1990 оноос хойш хэрэглээ мэт болсон гэж доктор С.Чулуун үзэж буйгаа энэ үеэр хэлсэн юм. Түүний хэлснээр, байгаль хамгаалах уламжлалт зан үйлд хадаг, хийморийн дарцгийг модонд  уядаг зан үйл байдаггүй байжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хавтгайрсан энэ үзэгдэл модны ургалтыг зогсоохоос гадна эргээд байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөх болсон гэлээ. Учир нь  сүүлийн үед хадгийг  нефтийн шаараар хийдэг болсноос байгальд элэгдэж, шингэхээ больжээ.  
 
Түүнчлэн Богд уулын Төрхурахын аманд түймэр гараад найм хонож байгаа. Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв энэ жил урьд жилүүдийнхээс илүү хуурайшилттай байгаа учраас өвлийн цагаар түймэр гарч, унтраахад бэрхшээл учирч байгааг хэллээ. Тиймээс  ард иргэдийг  уул, овоонд гарахдаа гал асаахгүй байх, тамхины иш болон хог хаягдал хаяхгүй, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.
 

Уул, овоондоо зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй