Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.05.03/

2015-05-03 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 3. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 15. Адъяа гараг. Салхины эх одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Сайн өдөр. Ажил хэргийн ба уран бүтээлийн эрчим хүчийг нэмэгдэхийг билэгдэж байна. Олонх хонинуудад дотоод мөн чанарын ухаарлыг авчрах байдал хийсвэр байдал үүсч болно. Идэвхигүй үзлээсээ үл хамаарч тэд өөрсдийгөө бүтээгч гэж үзэх болно. Энэ өдөр барилга барих, нийтийн үйл ажиллагаа явуулахад сайн. Өнөөдөр өөрийн дадал болсон ажлаа хийх нь илүү сайн.


Үхэр (4/20-5/20)

Холын замд гарах, аялж зугаалахад таатай өдөр. Гэвч энэ нь орчин тойрны асуудлуудаас таныг холдуулж чадахгүй. Дараа гэж хойш нь тавилгүйгээр маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдлын учрыг олвол сайн.

 


Хамтатгах (5/21-6/21)

Аль ч салбарт өөрийн хүч чадлаа сорьж болох сайн өдөр. Зөн билиг, совин, олон нийтийн ажилд оролцох идэвх сонирхол ихсэнэ. Эрүүл мэндийн зөв дэглэм барьж, архи дарс мэтийн согтууруулах ундаанаас хол бай. Хүүхдүүдтэй харилцах харьцаа, элдэв хөдөлгөөнт тоглоом танд аз жаргалыг авчирна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Уулзалт, дотно ярилцлага, тасалдсан харилцаагаа сэргээхэд сайн өдөр. Бусдын харж чадаагүй зүйлийг танаас олж харж чадах хэн нэгэнтэй учирч магадгүй. Түүний анхаарал туслалцаа дэмжлэгээр аливаа эргэлзээг тайлж, сэтгэлдээ баяр баяслыг тээж чадна.


Арслан (7/23-8/22)   

Таагүй өдөр. Бодит байдлыг үнэн зөвөөр үнэлж цэгнэ. Магадгүй та хөрөнгийхөө талыг алдаж эсвэл авна гэж бодож байсан мөнгийг авч чадахгүй. Одод нь сэтгэл санааны илрэлийг хянах хэрэгтэй гэж зөвлөж байна. Оддын таагүй байрлал нь янз бүрийн зүйлд хүргэж болно. Өөрийн эсвэл ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Хэрвээ боломж байвал өнөөдрийг байгальд өнгөрөө


Охин (8/23-9/22)    

Аюултай, эгзэгтэй өдөр. Зарим замбараагүй байдал, бүх ажлыг нэгэн зэрэг хийх оролдлого алдаа тань гэмтэл бэртэлд хүргэж мэднэ. Өндрөөс унахаас зайлсхий. Яс хугарах магадлал өндөр байна. Хүнд хэцүү биеийн ачаалал бүхий ажлыг боломжоороо хойш тавь. Магадгүй таныг гэнэтийн байдалд оруулж мэдэх муу мэдээ сонсох нь төлөвлөгдсөн төлөвлөгөөг тань өөрчилж болно. Өдрийг найз нөхөдтэйгөө ярьж сууж, зугаалж, цэвэр агаарт гар. Тэр нь таны амралтыг үр дүнтэй өнгөрүүлж, дараа долоо хоногоо эрч хүчтэй эхлэхэд тань тус нэмэр болох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр эргэн тойрны хүмүүстэй үзэл бодлын хувьд зөрчилдөөнд орж болзошгүй. Түүний уршгаар тэдний ихэнхээс харилцаа холбоогоо таслахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Өсөн нэмэгдэж буй тайван бус байдлыг та мэдэрнэ. Өөрийгөө дотроо түгжин ганцаадалгүй ойр дотны хүмүүстэй айдас түгшүүрийн талаар ярилцан зөвлөлдөөрэй. Ноомой үлбэгэр байдал таныг нөмөрч, ужиг хууч өвчин сэдрэн таныг зовоох бололтой. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхааран цэвэр агаарт зугаалан сайхан амраарай.


Хилэнц (10/23-11/21)   

Нэрэлхэх мөн магтаал хүртэх өдөр. Таны хүрээний шинэ хүмүүсээс болгоомжил. Тэд тийм ч найдвартай хүмүүс биш байна. Таны харилцаа удаан хугацааных биш мөн гайхширалд оруулна. Магадгүй дотнын хэн нэгнээсээ салж магадгүй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд.


Нум (11/22-12/21)    

Энэ өдрийг гэрээсээ гадуур байж өнгөрөөвөл тохиромжтой. Бассейнд орох, биеийн тамираар хичээллэх зэрэг нь таны эрүүл мэндэд ашиг тустай. Дассан сурсанаараа байх нь энэ өдрийн баримтлах гол уриа нь байх болно. Эрүүл мэндийн байдал таны санаа сэтгэлийг зовоох ёсгүй. Ногоон өнгийн жимс идэж, жүүс ууж, архи спиртын төрлийн ундаанаас холхон байхыг од гарагс зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Ээдрээтэй, зөрчилтэй байж болох өдөр. Үйл явдлын өрнөлөөс хамааран ажиллах арга барилаа өөрчлөн, харилцаа холбоондоо уян хатан чанарыг хэрхэн зөв ашигласнаас таны амжилт ололт шууд хамаарах бололтой. Найз нөхөд болон ойр дотны хүмүүст төвөгтэй асуудлууд тулгарах магадлал өндөр учир тэдэнд туслахад бэлэн байх хэрэгтэй. Хууран мэхлэлт, урам хугаралт таныг хүлээж байгаа тул хайр сэтгэлийн асуудлаар хөөцөлдсөний хэрэггүй. Гэр бүлийн асуудлуудыг шийдэхэд ихээхэн нэмэлт хөрөнгө, мөнгө зарлагадаж мэдэх тул бэлтгэлтэй байгаарай.


Хумх (1/20-2/18)   

Идэвхтэй амрах, биеийн дасгал сургуулилт хийхэд таатай өдөр. Таны эрч хүч өндөр түвшинд байна. Эмэгтэйчүүд хувийн амьдралд өөрчлөлт гарна. Эрчүүд тэвчээртэй байж, эерэг өөрчлөлтийг хүлээх хэрэгтэй гэж одод зөгнөжээ. Таны хоёрдмол байдал эргэн тойрны хүмүүсийн харилцаанд сөрөг нөлөөлөх бололтой.


Загас (2/19-3/20)

Магадгүй, өнөөдөр таны хувьд ойр дотны хүмүүстэй үүсгэсэн хүндхэн харилцааг давах хэрэг гарна. Ийм харилцааг бий болгосон буруутай хүн нь та өөрөө байх болно. Хатуу ширүүн, зөрүүд зан байдлыг гаргах шаардлагагүй. Үр хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэнтэй ярьж хөөрөлдсөнөөр сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, сэтгэл санаа хүнд ачаанаас салах болно.
 


Өнөөдрийн зурхай /2015.05.03/  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй