
Эмэгтэй хүн жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь жам ёсны хэдий ч хүүхэд олсон даруйдаа эмчийн хяналтанд орох нь эрүүл хүүхэд эхийнхээ хэвлийд өсөн бойжих боломжийг бүрдүүлэхээс гадна жирэмсэн эмэгтэйн биед гарах эмгэг өөрчлөлт, төрөх үеийн хүндрэлээс сэргийлэх олон талын ач холбогдолтой. Тиймээс аль болох эрт оношлуулахыг эрмэлзэх нь зүй. Нөгөө талаар хүсээгүй жирэмслэлт, урагт илрэх удамшлын элдэв гажиг, жирэмсэлсэн эмэгтэйн эрүүл мэндийн байдал /хүүхэд төрүүлэхийг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай өвчин эмгэг гэх мэт/ зэргээс хамааран эмнэлгийн заалтаар жирэмслэлтийг зогсоох тохиолдолд ч эрт оношлуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Жирэмсэн болсон байх магадлалтай анхны шинж тэмдэг нь мэдээж сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх. Цөөнгүй эмэгтэйчүүд жирэмсэн болсны дараах эхний сард биений юм ирэх боловч жирийн үеийнхээс харьцангуй бага, ихэвчлэн үзэгдэх төдийгөөр өнгөрөх нь бий. Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс ойролцоогоор 15 хоногийн өмнө бэлгийн харьцаанд орсон нь жирэмслэх магадлалтайд тооцогдоно. Олонх бүсгүйчүүд жирэмсэлсний эхний 1-2 сарын дотор ямар нэг өөрчлөлт анзаардаггүй. Харин 2 дахь сараас дотор эвгүйрхэх, хоол идсэний дараа, эсвэл хоолны үнэрт огиудас хүрэх, огцом босож, суухад толгой бага зэрэг эргэх зэрэг шинжүүд мэдрэгдэж, сайн анзаарвал хацар, хамрын үзүүр орчмоор сэвхтэх нь бий. Хөх бага зэрэг томорч толгой нь хүрэнтэнэ.
Анхны жирэмслэлтийн үед залуу бүсгүйчүүд эдгээр шинж тэмдгийг бараг мэдрэхгүй өнгөрөх нь бий. Жирэмсэн эсэхийг мэдэх олон аргуудаас хамгийн хялбар бөгөөд өргөн хэрэглэгддэг нь зориулалтын тест /шалгуур/-ээр шалгах. Энэ шалгуур нь жирэмсэн эмэгтэйн шээсээр ялгарах шар биеийн дааврын гаралтанд тулгуурладаг. Хамгийн хурдан тогтоох арга гэж үздэг юм. Учир нь дээрх даавар үр тогтсоноос хойших эхний 2-3 хоногт буюу 24 цагийн дотор найдвартай оношилно. Энэ шалгуурыг молтогчин туулай юм уу, хонины цуснаас шүүж авсан сийвэнг хүний даавраар эсрэг биет үүсгэх замаар бэлдэж тусгай цаасанд шингээсэн бэлдмэл гэж ерөнхийд нь ойлгож болно. Эмийн сангуудад ийм шалгуур янз бүрээр худалдаалагддаг. Зориулалтын ууттай тестийг уутнаас нь гарган нэг үзүүрээс нь гараараа барьж байгаад шээсэндээ 2-5 секунд орчим хугацаагаар дүрнэ. Шээсэндээ аль хүртэл дүрэхийг заасан зурааснаас хэтрүүлж болохгүй. 2-5 секундын дараа гаргаж үзэхэд заагаас дооших цагаан зайн дээр нэг улаан зураас гарсан байвал жирэмслээгүй гэж үзнэ. Харин хоёр улаан зураас гарсан байвал жирэмсэлсэн гэж үзэх учиртай. Хүний шээсний эхний тун нь бэлэг эрхтэн орчмын нян болон бусад бодисоор бохирдсон байх нь элбэг тул шалгуур буруу гарч болно. Тэрчлэн шээсний сүүлчийн тун нь давсагт тунаж үлдэх давс, эрдэс бүхий найрлагатай байж болзошгүй тул мөн л шалгуурыг төөрөлдүүлж магадгүй гэж үздэг юм. Тиймээс болж өгвөл шээснийхээ дунд хэсгийг авч тестийн шалгуурт ашиглавал онош зөв гарах сайн талтай. Өөрөөр хэлбэл, эхэлж бага зэрэг шээгээд таслалгүй дунд хэсгээс нь тусгай саванд тосож авна гэсэн үг. Ийнхүү жирэмсэн болсон нь тогтоогдвол харьяа эмнэлгийнхээ эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орох шаардлагатай. Цаашид эмэгтэйчүүдийн зориулалт бүхий ЭХО-гоор оношоо баталгаажуулдаг. Жирэмслэлтийг эмнэлгийн заалтаар таслах бол хамгийн тохиромжтой хугацаа нь жирэмсэлсэн эхний гурван сараас дотогш байх хэрэгтэй. Яагаад гэвэл гурван сартайгаас ураг хүүхэд болох биелэлээ олоод эхэлчихдэг.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Жирэмсэн эсэхийг тогтоох арга | ||
Үзсэн: 118950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.