Шууд Chart

Зүрхний дутагдалд орж, судасны эмгэгт баригдсан Монгол Улс

2015-05-29 14:26:55

Хүний бие гэдэг бол гайхамшиг юм. Ямар ч комьпютер тархийг гүйцэхгүй. Кибернетикийн ямар ч машин байлаа гэсэн хүний эрхтэн тогтолцооны хөдөлгөөнийг давж хөдлөхгүй. Гэхдээ зүрх судас бол хамгийн гол үүрэгтэй, бие эрхтэнг  хөдөлгөгч хүч. Зүрхний үйл ажиллагаа тогтворгүй болсноос эд эрхтэнд хуваарилагдан очих цусан хангамж тогтворгүй болж, зүрх зогсвол амьдрал зогсоно. Тэгвэл улс орны эдийн засаг ч гэсэн   яг л хүний биеийн систем шиг нарийн нягт уялдаа холбоотой. Улс орны хөгжлийг хөдөлгөгч зүрх нь эрчим хүч. Энд үйлдвэрлэсэн эрчим хүчнийг зөөж тээвэрлэж байгаа судас нь эрчим хүчний дамжуулах шугам сүлжээ юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, түгшүүрийн харанга дэлдэх болсоор удаж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон цахилгааны саатал ч үүнийг бидэнд гэрчилж өглөө. Монгол Улсад 5000 гаруй дэд станц бий. Гэтэл ганцхан дэд станц дээр гэмтэл гарахад нийслэл хот тэр чигээрээ тог цахилгаангүй болов. Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 70 орчим хувийг дангаараа хангаж байгаа гурван том цахилгаан станц маань доголдож, үйл ажиллагаагаа бүрэн зогсоолоо. Замын гэрлэн дохионууд унтарч, хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв тэр чигээрээ ажиллагаагүй болов.

Нийслэлд нэг өдөрт 200 орчим зам тээврийн осол гардаг байсан бол  цахилгаан тасарсан энэ өдөр 350 гаруй осол гэмтлийн дуудлага иржээ. Нийслэлийн харьяаны 30 гаруй эмнэлэг цахилгаангүй, өвчтөнүүд ариун цэврийнхээ өрөөнд ч орох эрхээ хасуулав. Ус шахах носас ажиллагаагүй болж, халуун ус битгий хэл хүйтэн ус хүртэл  тасарч, өнөөх бидний тохь тухтай амьдралын баталгаа гэж ярьдаг, рекламддаг орон сууцны байрууд маань зүгээр л нэг хөндий хүйтэн хана болон хувирлаа. Улсын Онцгой комисс яаралтай хуралдаж, ОХУ-аас авч байсан 50 мегаваттын эрчим хүчийг 200 хүртэл өсгөн хэдэн зуун саяын зарлага гаргаж байж цахилгаан станцуудын доголдлыг арилгах хүртэл гал залгуулав. Дэд станц дээр гарсан нэг гэмтэл нийт монголчуудын амьдралд хүртэл нөлөөлөв. Хоол цайгүй, үзэх харах зүйлгүй, амандаа хийх усгүй олон хүн энэ өдөр тохь тух алдав. Тог цахилгаан тасарч, мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсож суурин интернет бүгд гацав. Монгол Улс зүрхний дутагдалд орж, судасны эмгэгт баригдаж байгааг сануулсан энэ өдөр монголчууд бидний амьдрал эрчим хүчнээс бүрэн дүүрэн хамааралтай болж байгааг хэсэгхэн хугацаанд ч гэсэн ойлгосон байх.

Монгол Улс 1916 онд Хаант орос улсаас 20кВт чадалтай бага оврын цахилгаан станц,  1922 онд Налайхын нүүрсний их уурхайг түшиглэн Нийслэл хотод 24кВт чадалтай дизель станцыг тус тус суурилуулж ашиглалтад оруулснаар эрчим хүчний салбарын түүхэн замнал эхэлсэн. Ад шоо үзэгддэг социализмын үед олон том бүтээн байгуулалт энэ салбарт хийгдсэн. Харин сүүлийн 20 жил энэ салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажил гэхээр зүйл нэг ч  алга. Зөвхөн цаасан дээр л зурсан том, том станцуудын төсөл төлөвлөгөө, ганц хоёр станцад хийгдсэн өргөтгөлийн ажил... Ингээд л болоо. 

Монгол Улс жилдээ 5 тэрбум гаруй кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Хятад, ОХУ-аас эрчим хүч өндөр үнээр авдаг. Хэрвээ ОХУ Монголд нийлүүлж байгаа эрчим хүчнийхээ крантыг хаавал Улаанбаатар хотод эрчим хүч доголдож, Дархан, Сэлэнгээс гадна баруун гурван аймаг харанхуй болж, саалийн ганц үнээ болох ГОК сул зогсож том хямрал нүүрлэнэ. Тиймээс ч өндөр үнээр ОХУ-аас эрчим хүчээ авахаас өөр арга бидэнд байхгүй. Нэгэнт Монгол Улсын эрчим хүчний  үйлдвэрлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэрэглээгээ дааж чадахгүй болсон учраас гаднаас цахилгаан авч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс “зүрхний дутагдал”-д орж, амь тариатай, хиймэл амьсгаатай байна. Зүрхний дутагдлаас гадна судасны эмгэг ч бас аюулын харанга дэлдэж байна. Учир нь улсын хэмжээнд 41.5 мянган км урт үргэлжилсэн дамжуулах шугам, 5000 гаруй дэд станц ашиглаж, иргэддээ эрчим хүч түгээдэг.

Гэвч энэхүү шугам, дэд станцын тавиас илүү хувь нь хуучирч муудаж, ашиглалтын хугацаа нь дуусчээ. Салбарын мэргэжилтнүүд ачааллаа даахаа байсан эрчим хүч үйлдвэрлэл, хэзээ л бол хэзээ гэмтэл гарахад бэлэн дэд станцууд, шугам сүлжээний тухай ярихаар хөрөнгө мөнгөний тухай асуудлыг гаргаж ирдэг. Энэ нь ч аргагүй. Монгол Улс зах зээлд шилжиж, нийгэм бүхлээрээ өөрчлөгдөөд байхад эрчим хүчний салбар л өөрчлөгдөж чадахгүй өнөөдөртэй золгож байна. Гол цахилгаан үйлдвэрлэгч дамжуулагч түгээгчид маань төрийн мэдэлд байдаг.  Төрийн байгууллага тэдний төсвийг баталж, үнийг тогтоож, хэнд хэдэн төгрөгийн цалин өгөхөөс эхлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарахыг нь зааж өгдөг. Эрчим хүчний үнэ хямд байх ёстой гэсэн ойлголт ч хэрэглэгч нарын толгойд бат нот сууж. Харамсалтай нь үнэгүй байна, хямдхан байна гэдэг 100 хувь сайн биш гэдгийг өнөөдөр эрчим хүчний салбарт үүсээд байгаа доголдол өөрөө гэрчилж байна.

Эндээс л “зүрх судасны дутагдал, эмгэгт баригдсан эрчим хүчний салбараа “сэхээний өрөө”-нөөс гаргаж ирэхийн тулд түүний үнэ цэнийг бодитойгоор хүлээж авах, ариг гамтай хэрэглэх, басхүү энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжих гэсэн олон асуулт гарч ирнэ. Төрөөс олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэсэн ч мөнгөгүй учраас санхүүжүүлж чаддаггүй. Гадаадын хөрөнгө оруулагч нар хэтэрхий цөөхөн хүн амтай, хэрэглэгч багатай эрчим хүч нь дэндүү хямд үнэтэй” хэмээн голж  хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг тухай мэргэжилтнүүд ярьж байна. Эрчим хүчний үнийг тогтоож байгаа

Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд “Жил бүр эрчим хүчний  салбар 60-75 тэрбумын алдагдалтай ажилладаг, нэг кВт цаг эрчим хүчийг 22 орчим төгрөгөөр хямд худалддаг. Бүхий л бараа бүтээгдэхүүний суурь үнэ учраас эрчим хүчний үнийг хамаагүй нэмж болдоггүй” гэсэн тайлбарыг сэтгүүлч нарт өгч байх юм. “Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдав” гэгчийн үлгэрээр үнийг нь хямд байлгаж, халаасанд байсан хэдэн төгрөгийг минь миний  өмнөөс гамнасан Эрчим хүчний зохицуулах хороог буруутгах аргагүй. Харин  монголчууд бидний дотроос хэдэн хүн  өндөр үнэтэй юмыг хямдхан хэрэглэж байна бодож, гамнаж, хэмнэж, бас үнэ өртгийг нь бодитойгоор ойлгож байгаа бол гээд бодохоор эргэлзээтэй. Эндээс үүдэн эрчим хүчний үнэ цэнэ, хэмнэлтийн тухай асуудал яригдана.

Монгол Улс  900 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг  одоо байгаа цахилгаан станцдаа түлэхийг нь түлээд гадаадад гаргахыг нь гаргана гэж тооцвол дөч гаруйхан жилийн дараа гэхэд нүүрсний нөөц барагдаж эхэлнэ гэсэн албан бус тооцоо байна. Эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг Монгол Улс тэгвэл нүүрсний нөөцийг барагдахаар яах вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Эрчим хүчний хэмнэлт өөрийн чинь халаасан дахь мөнгийг хэмнээд зогсохгүй, улс орны эдийн засагт нөлөөлж, байгалийн баялаг, агаарын бохирдлоос ч хамгаалах давхар давхар ашиг дагуулж байдаг. Тийм ч учраас гадаадын олон улс оронд эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд, урамшууллууд байдаг аж. Харин монголчууд бид хэмнэлт, ухаалаг хэрэглээ, бодитой үнийн тухай мэдлэг тун нимгэн явсаар өнөөдөртэй золгож байна. Төр нь эрчим хүчний салбараа бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хойш тавилгүйгээр хийж, иргэд маань үнэ цэнийг нь ухаарч, хэмнэлтэнд суурилсан хэрэглээг бий болгохгүй бол Монгол Улс гал алдаж, эрчим хүчний хувьд гадны хараат улс болох эсвэл лаа барьж амьдарсаар ирсэн тэр л он жил рүүгээ буцаж очих гэсэн хоёрхон сонголт бидний өмнө тулгараад байна.

М.Базарраднаа /MNB.MN/

Нийтэлсэн: М.Тодбэх

Зүрхний дутагдалд орж, судасны эмгэгт баригдсан Монгол Улс  
Үзсэн: 13177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-06-03 15:30
Монголчууд бидний амьдрал эрчим хүчнээс бүрэн дүүрэн хамааралтай энэ үед хэцүүхэн л юм байна даа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-05-31 15:30
HULGAICH HUMUUSIIG TORIINHOO TOLGOID SAIN ZAL TEGVEL MONGOL ULS HOGJINO
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-05-30 10:33
tor zasag n hulgaich daar duursen uls oron jaj oodloh ve dee.
178.27.243.xxx [178.27.243.xxx] 2015-05-29 16:51
urd hormoigooroo hoid hormoigoo nöhdög avgai shig iim baij bolohgui biz dee buhel buten tusgaar togtnoson uls...
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-05-29 15:05
мундаг

Бидэнтэй нэгдээрэй