
Секунд, долиор хэмжигддэг сагсан бөмбөгийн тэмцэлд сүүлчийн шидэлтээрээ багаа хожилд хүргэсэн тохиолдол цөөнгүй. Ингээд NBA-гийн түүхэн дэх цаг дуусч байх мөчид гүйцэтгэсэн шилдэг арван шидэлтийн тухай сонирхуулъя. Дашрамд өгүүлэхэд эдгээр шидэлтийн бичлэгүүдийг Youtube-ээс үзэх боломжтой.
10.Флип Мюррей (Чикаго)
2010 оны гуравдугаар сарын 30. Улирлын тоглолт.
“Бухнууд” талбайдаа “Финикс Санс”-ыг хүлээж авсан тус тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд 81:84-өөр зочид тэргүүлж байлаа. Цаг дуусахаас 3.7 секундын өмнө “Бухнууд”довтолсон ч бөмбөгөө таслуулах нь тэр. “Санс”-ын урт гартай хамгаалагчийн хатгасан бөмбөг буцаад “Чикаго”-гийн талбай руу өнхрөхөд Флип Мюррей гүйцэн ирж, бөмбөгийг авангуутаа 20 орчим метрээс даллаж шидсэн нь цагаригт орсон юм. Харамсалтай нь Флипийн итгэмээргүй шидэлт, 23 оноо, есөн самбар, дөрвөн оновчтой дамжуулалт “Буллз”-ын залууст ялалт авчирч чадсангүй, талбайдаа 105:111-ээр хожигдсон аж.
9.Дэвид Ли (Нью-Йорк)
2006 оны арванхоёрдугаар сарын 20. Улирлын тоглолт.
NBA-д “Трент Такерын дүрэм” хэмээх заалт байдаг билээ. Тэр нь тоглолтод оруулсан бөмбөг хүлээн авагчийн гарт хүрсэн агшнаас эхлэн цаг явж эхлэхийг хэлж байгаа аж. 1989/90 оны улирлын нэгэн тоглолтод “Никс” өөрийн “Мэдисон Сквэр Гарден”-даа “Чикаго”-г хүлээн авсан бөгөөд тооны харьцаа 106:106, цаг дуусахад 0.1 секунд дутуу байхад эзэн багийн хамгаалагч Трент Такер хажуугаас гаргасан бөмбөгийг авангуутаа эсрэг талын шийд рүү савж орхисон нь цагаригт орсон юм. Мэдээж зочид үүнийг эсэргүүцсэн. Харин шүүгч бөмбөгийг орсонд тооцсон бөгөөд энэ явдлын дараа холбооны удирдлагууд хуралдаж “Трент Такерын дүрэм” хэмээх шинэ заалтыг баталсан билээ.
Яг үүн шиг явдал 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Шарлотт”-“Нью-Йорк” багуудын тоглолтын үеэр тохиосон юм. Цаг дуусахад ганцхан доль буюу 0.1 секунд дутуу байхад “Никс”-ийн Дэвид Ли хажуугаас гаргасан бөмбөгийг самбар луу харсан ч үгүй (үнэндээ харах ч бололцоо байгаагүй) араараа шууд хатгасан нь цагаригт орсон юм.
8.Чонси Биллапс (Детройт)
2004 оны тавдугаар сарын 14. Плей-офф. “Дорнод” конференцийн хагас шигшээ шатны тав дахь тоглолт.
“Пистонс” “Нью-Жерси”-гийн эсрэг цувралыг урамтай эхлүүлэн эхний хоёр тоглолтдоо дараалан хожсон ч Мичиганд бүтэлгүйтсний улмаас хожлын харьцаа 2:2 болсон байлаа. Тиймээс талбайдаа гурав дахь ялалтаа байгуулахыг хичээж байсан нь мэдээж. Гэвч юун илүүрхэх манатай, цаг дуусахаас 2.9 секундын өмнө 85:88-аар хожигдож байв. “Нетс”-ийнхэн дундын зайнаас амжилттай довтолсны дараа ердөө иймхэн хугацаа үлдсэн байлаа. Бөмбөгийг шийдний дороос Биллапст дамжуулахад тэрбээр урагшаагаа ганц залж, хоёр алхамт хийнгүүтээ 14 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлэх нь тэр. Ийнхүү “Пистонс” хожигдлоос аврагдсан ч гурван удаа цаг сунгасны эцэст ялагдсан юм. Хэдий тийм ч тэд шийдвэрлэх зургаа, долоо дахь тоглолтод хожсоноор энэхүү цувралын ялагч болж, улмаар тэр жилээ NBA-гийн аварга болсон билээ.
7.Рон Артест (Лейкерс)
2010 оны тавдугаар сарын 27. “Өрнөд” конференцийн шигшээ тулааны тав дахь тоглолт.
Дүрсгүй, танхайгаараа алдартай Ронд багийнхан нь эгзэгтэй агшинд хэзээ ч шийдвэрлэх шидэлтийг гүйцэтгэх эрх олгож байгаагүй. Тийм ч учраас Одом хажуугаас бөмбөг гаргахдаа Кобид өгсөн юм. Брайантын үсрэлттэй шидэлт цагаригт хүрсэнгүй тор шүргээд доош унах үед Артест асар хурдтайгаар шүүрэн авч, хожлын бөмбөгийг оруулах нь тэр. Бөмбөг түүний гараас мултрах үед цаг дууссаныг илтгэх самбарын улаан гэрэл асч байлаа. Ийнхүү шигшээ тоглолтод үлдэх Стив Нэшийн төлөвлөгөө ээлжит удаагаа баларсан юм.
6.Леброн Жеймс (Кливлэнд)
2009 оны тавдугаар сарын 22. “Дорнод” конференцийн шигшээ тоглолт. Хоёр дахь тоглолт.
Эхний тоглолтод талбайдаа хожигдсон Леброн ба түүний нөхөд дараагийн тулаанд хожиж цувралыг тэнцүүлэхгүй бол бүсийн шигшээ тоглолт “амтгүй” болох байсан. Хариуцлагатай энэ тоглолтод “Кавальерс”-ийн лидер Жеймс 0.5 секунд дутуу байхад гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор талбайн эзэд 96:93-аар хожсон юм. Леброн өөрөөс нь салахгүй дагах хамгаалагчийг хөдөлгөөнөөрөө хуураад гурван онооны шугамын гадна гарч бөмбөгийг авангуутаа үсрэлттэй шидсэн нь амжилтад хүрчээ.
5.Коби Брайант (Лейкерс)
2006 оны дөрөвдүгээр сарын 30. “Өрнөд” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Дөрөв дэх тоглолт.
Цаг дуусахад найман секунд дутуу, “Санс” хоёр оноогоор илүү, дээр нь тэд бөмбөг эзэмшиж байв. Бөмбөг мэдээж Стив Нэшийн гарт. Уран тоглолттой, хурдан хөлтэй түүнээс бөмбөгийг алдаагүй авах гэж хичээж байгаад “Лейкерс”-ийн хамгаалагчид хажуу тийшээ гаргачихав. “Финикс” бөмбөгийг ахин тоглолтод оруулах үед ердөө 3.3 сек үлдсэн байлаа. Нэш гүйн ирж дамжуулалт хүлээн авах агшинд анаж байсан Мамба тасалж, Кобид дамжуулав. “Нуурынхан”-ы лидер гуравхан том алхаад самбарт хүрч, цаг дуусахтай зэрэгцэн довтолгоогоо амжилттай дуусгасан юм. Улмаар тэрбээр нэмэлт цагт хожлын оноог авчээ. Ийнхүү калифорничууд цувралын харьцааг 3:1 болгосон ч дараалан гурав хожигдож, тэмцээнээ дуусгаж байсан түүхтэй.
4.Режи Миллер (Индиана)
2002 оны тавдугаар сарын 2. “Дорнод” конференцийн плей-оффын нэгдүгээр раунд. Тав дахь тоглолт.
“Нью-Жерси”-“Индиана”-гийн өрсөлдөөн. Цаг дуусахаас 4.0 секундын өмнө гурван оноо илүү “Нетс” торгуулийн хоёр шидэлт гүйцэтгэх эрх олж авав. Гэвч залуухан Ричард Жефферсон сэтгэлзүйн бэлтгэл дутсан уу яасан хоёуланг нь алдаж шидэв. Самбарт үсэрсэн “Индиана”-гийн төвийн тоглогч бөмбөгийг авангуутаа Режи Миллер рүү савав. Хашир туршлагатай мэргэн бууч дамжуулалтыг хүлээж авангуутаа 180 хэм эргэж шидсэн нь цагаригт орж, үндсэн цагт 96:96-гаар тэнцлээ.
Нэмэлт цагт гурван онооны шидэлтийн рекордсмен маань хоёр удаа холоос амжилттай буудаж, нэг бус оролтоо амжилттай болгон, гурван ч хамгаалагчийн өөдөөс слэм-данк хийн гайхалтай тоглолтыг үзүүлсэн ч баг нь хожигдож, улмаар цувралд 2:4-өөр дийлджээ.
3.Роберт Орри (Лейкерс)
2002 оны тавдугаар сарын 26. “Өрнөд” конференцийн финал. Дөрөв дэх тоглолт.
“Лейкерс”-“Сакраменто”-гийн энэхүү өрсөлдөөнийг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ. 1:2-оор дийлдэж явсан “Нуурынхан” гурав дахь ялагдлаа хүлээхэд ойрхон байлаа. Тооны харьцаа 97:99, цаг дуусахад 3.9 секунд дутуу байхад Фил Жексоны шавь нар бөмбөг эзэмших эрхтэй боллоо. Коби талбайн голоос бөмбөг аваад шийдний баруун талаар оролт хийсэн ч дутуудаж, түүнийг нь Одом нэмэх гэж оролдсон ч Владе Дивацын хаалтад оров. Түүний алгадаж холдуулсан бөмбөгийг Орри авах үед 0.7 секунд үлдсэн байлаа. “Big Shot Bob”-ын шидэлт ч төгс болж, “Лейкерс” хоёр дахь хожлоо авлаа. Нуман тулгуураас гарч чадсан тэд “Сакраменто”-гийн шазруун залуусыг долоон тоглолтын эцэст буулган авч, улмаар финалд “Нью-Жерси”-г хялбархан ялсан юм. Хэрэв Орри багаа авраагүй бол Фил Жексоны гарт гялалзах аваргын бөгж нэгээр цөөхөн байх байлаа.
2.Дерек Фишер (Лейкерс)
2004 оны тавдугаар сарын 13. “Өрнөд” конференцийн хагас шигшээгийн тав дахь тоглолт.
Өмнөх жилийн аварга “Сан-Антонио Спэрс” талбайдаа “Лейкерс”-ийг 72:71-ээр хошуучилж байв. Цаг дуусахад 11 секунд дутуу. Энэ үед Коби дундын зайн шидэлтээ амжилттай болгов. Талбайн эзэд зөрүүлж довтлон, 0.4 секундын өмнө Тим Данкан тун хэцүү байдлаас фантастик гэмээр шидэлтээр багаа урагш гаргалаа. “Спэрс”-ийн нөөцийнхөн суудлаасаа үсрэн босч, баяраа тэмдэглэж эхэллээ. Үлдсэн хугацаанд шидэж амжина гэхэд бүтэхгүй мэт. Жексоны авсан завсарлагын ачаар “Лейкерс” бөмбөгийг хажуугаас тоглолтод оруулах болов. Хамгаалж буй багийн тоглогчид бүгд нэг нэг хүн барин, хариуцсан хүмүүсээ шидүүлэхгүйг хичээнэ. Бужигнаан дундаас Фишер өөрийг нь харгалзаж байсан Ману Жинобилигээс зугтажгарч ирэн, бөмбөгийг авангуутаа солгойгоороо уналттай шидсэнээр 74:73-аар хожсон бөлгөө. Лос-Анжелесчууд 4:2-оор хожсон бөгөөд шувтаргын тулаанд “Детройт”-д дийлджээ.
1.Рашид Уоллес (Детройт)
2007 оны гуравдугаар сарын 26. Улирлын тоглолт.
Талбайн эзэн “Денвер” 98:95-аар хожиж явлаа. Цаг дуусахад ердөө 1.4 секунд үлдсэн, дээр нь “Наггетс”-ынхан бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Гэвч колорадочууд дамжуулалтаа алдаж, бөмбөгийг тасалсан Рашид Уоллес 22 орчим метрээс оновчтой шидэж, тоог тэнцүүлсэн юм.
Сагсан бөмбөгийн үнэмшмээргүй 10 шидэлт | ||
Үзсэн: 9395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.