
Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт хүрээгээ тэлсээр байгаад салбар салбарынхан халагласаар байгаа. Тэгвэл манай эрдэмтэн олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэ хүндрэл бэрхшээлээс гарах гарцыг нээсэн байна. Тодруулбал, Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв эрдэмтэдтэй хамтран “Технологийн карт” боловсруулжээ. Энэ нь Монголын экологийн зөв хөгжилд нэмэр болох аргачлал, шинэ технологи, иновациудыг төлөвлөж гаргасан заавар зөвлөмж гэнэ. “Технологийн карт” нь хоёр үндсэн аргачлалтай. Нэгдүгээрт, уураглаг ургамлыг Монгол оронд тариалснаар цөлжилтөөс бүрэн сэргийлж чадах юм байна. Эрдэмтэд 50 жилийн судалгаа, шинжилгээндээ тулгуурлан бургалдайн сортын царгас ургамлын үрийг гаргаж авчээ. Монгол оронд устаж үгүй болсон энэ ургамал нь уургаар баялаг аж. Олон наст ургамал болохоор үрийг нь нэг удаа суулгахад 13-15 жил тогтмол ургадаг байна. Малчид хадлантайгаа адил авч, малаа тэжээлд оруулах болно гэсэн. Энэхүү ургамал нь малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд нэн тустай. Уургаар баялаг болохоор малын жин нэмэгдэж, өөхөн тарга багасч, махан масс нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Ингэснээр малын махнаас бидний ялгаад хаядаг өөх гэдэг зүйл үгүй болохыг эрдэмтэд хэлж байгаа юм. Үүнийг шинжлэх ухаан олон жилийн туршилтын үр дүнд баталсан байна. Царгасыг малчид өөрсдөө суулгаж, ургуулах бүрэн боломжтой гэнэ. Нэг га талбайд 10 кг үр орно. Хэрэв долоо хоног тутамд услаад байвал зундаа гурван удаа хадлан авах аж. Арван кг үрийг нэг удаа суулгахад 13-15 жилдээ ургаад л байна. 100 толгой малд 210 хоног тэжээл өгчихнө. Тэгэхэд тэр айл малынхаа зөвхөн махан ашиг шимээс найм орчим сая төгрөгийн цэвэр ашиг нэмж олох тооцоо гарчээ. Мөн царгасыг нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа тарьж болох юм байна. Царгас бол азотоор хооллодог. Тэр азотоо хөрс рүү шахдаг. Хөрсний азот сайжирвал үржил шим нь тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Тэгэхээр хот суурин газрын гэр хорооллын айлууд хашаандаа царгас тариад, бичил ногоон байгууламж, агаар цэвэршүүлсэн эко орчин бүрдүүлж болох нь ээ. Хөрсний болоод агаарын бохирдол нэлээд их хэмжээгээр бууруулахад тустай аж.
Малын махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломжтой | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.