Шууд Chart

Биржэд бүртгэлтэй уул уурхайн компаниуд нөөцөө олон улсын аргачлалаар зарлана

2015-07-09 18:18:11

Ашигт малтмалын нөөц тайлагнах олон улсын стандартын хороо болох “CRIRSCO”-д манай улс өнгөрсөн онд гишүүнээр элсчээ. Тус байгууллагаас Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт /МГУУМИ/-ийг олон улсад үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс /МГУУМИ/-ийн Ашигт малтмалын нөөцийн хороо нь “CRIRSCO”-той хамтран “Геологи хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэй тайлагнах - МНТ журмыг” боловсруулжээ. Уг журмыг “CRIRSCO-2014” чуулга уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн орон болох Австрали, Канад, Өмнөд Африк, АНУ, Чили, ОХУ хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Уул уурхайн сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний өдөр 218 тоот тушаал гаргаж, уг журмыг дагаж мөрдөхөөр болсон юм. Уг журмыг биржэд нэвтрүүлэхээр Монголын хөрөнгийн биржийн захирал Д.Ангар, Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг журмыг биржэд нэвтрүүлэх шаардлага, шалтгааны талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Д.Ангар ингэж ярьж байна.

Монголын хөрөнгийн биржэд одоогоор 237 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 40 нь уул уурхайн компани юм.  Биржэд бүртгэлтэй уул уурхайн эдгээр компани нөөцийнхөө тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар зарладаггүй. Тэгвэл биржэд бүртгэлтэй болон цаашид бүртгүүлэх уул уурхайн компаниуд удахгүй “CRIRSCO”-оор хүлээн зөвшөөрөгдсөн “МНТ журам”-ын дагуу ордынхоо нөөцийг тайлагнах ёстой болох нь. Өөрөөр хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөцийн үнэлгээний үндэсний стандартыг Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниудад нэвтрүүлэхээр боллоо. Хөрөнгийн зах зээлд хөл тавьсан болон тавих уул уурхайн компаниуд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт /МГУУМИ/-ээр нөөцийн ангилал, стандартаа гаргуулах ёстой юм байна. Энэ ангилал, стандартын дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулах ёстой гэж Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба хэлж байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон компани дэлхийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгосон байдаг. Тухайлбал, Turquoise Hill Resources, Mongolian Mining Corporation, Petro Matad Limited зэрэг 50 гаруй компани “CRISCO”-оор хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөцийн үнэлгээний стандартыг дагуу Австрали, Англи, Америк, Лондон, Хонг-Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргаж, санхүүжилт босгосон байдаг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй уул уурхайн компаниуд тэдний нэгэн адил хөрөнгө босгох боломжтой болоох нь. Ингэхдээ гадаад, дотоодын хөрөнгийн биржээс хөрөнгө босгох боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниуд “МНТ журам”-ын дагуу нөөцөө тайлагнавал, дэлхийн хөрөнгө оруулагчид тэдний хувьцааг худалдаж авах боломжтой. Нөгөө талаас тухайн компаниуд гадаадын биржүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, давхар бүртгэлээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломж байгаа юм. Энэ тухай Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Наранбаатар ингэж ярьж байна.

Нийтэлсэн: А.Энхтуул

Биржэд бүртгэлтэй уул уурхайн компаниуд нөөцөө олон улсын аргачлалаар зарлана  
Үзсэн: 2795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй