
Архангай аймгийн Аялал жуулчлалын бүс нутаг болсон Тариат суманд "Монгол Сарлаг" фестивалийг зохион байгуулжээ. Хоёр дахь жилдээ болж байгаа энэ наадмыг Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ, Архангай аймгийн бэлчээр ашиглалтын холбоо ТББ санаачлан Архангай аймгийн ЗДТГ хамтран анх удаагаа хөдөө суманд зохион байгуулсан байна.
2014 онд анхны фестивал нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байсан. Энэ наадам сарлагийг ямар ашигтай мал болох, түүхий эдийг нь хэрхэн ашиглаж бэлэн бүтээгдэхүүн болгох талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгыг агуулдаг. Энэ жилийн фестивалийг Тэрхийн цагаан нуур, Хоргын тогооны аялал жуулчлалын бүсийг түшиглэн зохион байгуулсан нь гадна дотны жуулчдын анхаарлыг татсан арга хэмжээ болж, үзэгчдийн цар хүрээ ч өргөжжээ.
Монгол сарлаг Фестивалийг үзэхээр баруун таван аймгийн малчид ч зорин иржээ. Фестивалийн үеэр сарлагаас гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, төрөл бүрийн цагаан идээний үзэсгэлэнг гаргасан юм. Монгол Сарлагийн брэнд болсон гол түүхий эд болох хөөврөн бүтээгдэхүүн олны анхаарлыг татсан. Тэр дундаа 70-100 хувийн сарлагийн хөөврөөр хийсэн өдөр тутмын хувцасны загварын шоуг "Монгол модель" агентлагын загвар өмсөгчид олонд танилцуулсан юм.
Сор, Монгол Нэхмэл, Алтай, Баялаг Өлзий, Жинст кашмер, Уужин болон Английн Тэнри /Тэнгэр/ компаниуд хөөврөн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Сарлаг тэрэгний цувааг талбайд оруулж ирсэн нь фестивалийн нээлтийн үеэрх үзэгчдийн сонирхлыг татсан хэсэг байлаа.
“Монгол сарлаг” фестивалыг сарлагтайгаа зорин ирсэн малчдын дунд нэг сарлагаас хамгийн их сааль саах, хамгийн сайхан сарлагийн бух, сарлаг бугуйлдах, булгиулах, хамгийн их хөөвөр бэлтгэсэн, хамгийн сайхан тоног чимэгтэй сарлаг, хамгийн их сарлаг тэрэг хөлөглөн ирсэн баг зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулав.
"Монгол Сарлаг" фестивал хоёр дахь жилдээ боллоо | ||
Үзсэн: 1551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.