Шууд Chart

Ж.Эрдэнэбат: Гаднаас нэг ч долларын зээл нэмж аваагүй...

2015-07-31 16:56:50

2015 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл гарсан болон царцаагдсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэхээр болсонтой холбогдуулсан Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Царцаагдсан гэх тодотголтой барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Ингэхдээ векселиэр буюу өрийн бичгээр шийдвэрлэж байгаа гэж  өчигдөр мэдэгдлээ?
-Энэ оны эхээр 2015 оны төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулаад УИХ-ын 7-р тогтоол, Засгийн газрын 282-р тогтоол гарсан. Эдгээр тогтоолд 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий  нийт 235 төсөл, арга хэмжээний ажлын санхүүжилтийг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, царцаасан гэх тодотголтой обьектуудын санхүүжилтийг дээрх тогтоолуудаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу нийтдээ 235 төслийг хянаж, давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа. Үүнийг дотор нь задалж үзвэл, 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй, 44 гаруй тэрбум төгрөгийн 100 төсөл байгаа. Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусч бүрэн хэрэгжүүлсэн ч, гэрээний үлдэгдэл  99 гаруй тэрбум төгрөгийн  39 төсөл мөн байна. Үүнээс гадна, УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл байгаа юм. Эдгээрийн үнийн дүн 176 тэрбум төгрөг болж байгаа.  Өчигдрөөс арилжааны банкуудад вексель буюу өрийн бичиг бичиж, дээрх санхүүжилт шийдэгдэж эхэллээ.

-Хийсэн ажлынхаа санхүүжилтийг авахаар цөөнгүй компани хүлээж байгаа. Тэдний зүгээс векселиэр баталгаажуулсан төслийг хэрхэн мөнгөжүүлэх вэ гэж асуух нь элбэг байна?
-“Векселийн тухай хууль”-ийн дагуу манай яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, төвбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичнэ. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд олгож, холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм. Нэг талаас зээлийн үлдэгдэл, нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгоод байгаа.  Энэ онд векселиэр баталгаажуулан санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт, дараа оны улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлөх юм.  Ийм замаар 2008-2015 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг хийж байна. Ингэснээр Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банк хооронд үүссэн өр, авлагын асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хийгээгүйн улмаас аж ахуйн нэгжүүд банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тал бий. Зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсон нь арилжааны банкууд хүндээр туссан нь мэдээж. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, бодит эдийн засаг, банк санхүүгийн салбарыг давхар дэмжиж байна. Энэ нь манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж харж байна.

-Нэгдсэн төсвийн зарлага оны эхний хагас жилд 1.2 их наяд  төгрөгөөр тасалдаад байгаагийн  856 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал гэх судалгаа гарлаа. Үүн дотор Хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилт мөн багтсан байх.  Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилтийн явц ямар байгаа вэ?
-Улстөрчид, эдийн засагчид, гадаадын санхүүгийн байгууллагууд манай улсыг 2-3 төсөвтэй болчихлоо гэж их шүүмжилдэг байсан. Тэгвэл 2015 оны төсвийн жилээс эдгээрийг бүгдийг нь нэгтгэж чадсан. Монголбанкин дээр хэрэгжүүлж байсан бүх хөтөлбөрүүдийг зогсоолоо. Хөтөлбөрөөс үүдэлтэй тодорхой хэмжээний өрийг “улсын өр” рүү шилжүүлж авлаа. Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжиж байсан бүх үйл ажиллагааг улсын төсөв рүү татсан. Ингэснээр манай улс нэг төсөвтэй болж чадсан. Өмнө нь жагсаалт гаргаж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан юм билээ. Энэ үед компаниуд жагсаалтад багтаж чадахгүй байх тохиолдол гардаг байсан учраас өмнөх тогтолцоог халсан. Одоо сард нэг удаа санхүүжилт хийгдэж байгаа учраас тухайн сардаа багтааж аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид гүйцэтгэлээ Сангийн яаманд авчирч өгч байна. Сангийн яам болон Хөгжлийн банкны эх үүсвэр бүрдсэн тохиолдолд санхүүжилтийг тухайн сардаа нэгээс хоёр хоногийн дотор гаргаж байгаа. Тухайн сард 5, 10, 100 аж ахуйн нэгж гүйцэтгэлээ манай яаманд ирүүлбэл, шууд санхүүжүүлээд явж байгаа гэсэн үг.  Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтад 70 тэрбум төгрөг гаргасан байгаа. Энэ нь нийт төлөвлөгөөний 40 гаруй хувь гэж ойлгож болно.

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний хагас жилд 500 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй гарсан. Оны эцэст орлогын төлөвлөгөө хэдэн төгрөгөөр тасалдах бол. Орлого дутагдаж байгаа учраас зарлагаа санхүүжүүлж дийлэхгүй байна гэж харж байна?
-Урьдчилсан байдлаар орлого тодорхой хэмжээнд тасалдахаар байгаа. Татварын ерөнхий газраас хамааралтай орлогын төлөвлөгөө өндөр хэмжээнд тасрахгүй байх. Харин Гаалийн ерөнхий газраас хамааралтай орлогын төлөвлөгөө нэлээд хүнд байна. Ер нь тасалдлын дийлэнх нь гааль дээр гарах байх. Манай улсын төсвийн орлого зөвхөн дотоодын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас хамаардаггүй. Гол орлогууд уул уурхайгаас давхар төвлөрч байдаг. Гэвч дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унаж байна. Тухайлбал, манай экспортын гол эрдэс бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаж, нэлээд хүнд байдал үүсчихсэн явна. Дээр нь зарим түүхий эдийн экспортын биет хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Дээр нь иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглээ хумигдаж байгаагаас шалтгаалаад гаалийн орлогын төлөвлөгөө тасалдаж байна гэж хэлж болно.  Гаалийн орлогын төлөвлөгөө тасалдаж байна гэдэг нь цаашид эдийн засагт сааралт гарч болзошгүйг харуулж байгаа юм. Өмч хувьчлалын орлогын төлөвлөгөөг энэ жил нэлээд өндөр хэмжээнд тавьсан. Гэвч өнөөдрийн байдлаар өмч хувьчлалаас нэг ч төгрөгийн орлого орж ирээгүй байна.

-Наймдугаар сард төсөвт тодотгол хийж магадгүй гэж яригдаж байсан. 2015 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү. Бүрдсэн бол тодотголын төслийг боловсруулсан болов уу?
-Хуулийн хүрээнд төсөвт тодотгол хийх нөхцөл гэж байдаг. Энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд тодотгол хийнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал хуульд заасан хэмжээнээс нэмэгдвэл тодотгол хийхээс өөр аргагүй. Тодотгол хийж магадгүй байгаа учраас эрсдлээ бууруулах бодлогын хүрээнд Засгийн газар тогтоол гаргаж, төсвийн хэмнэлтийн горимд шилжээд байгаа.  Ер нь ирэх онуудаас төсвийг алдагдалгүй батлах чиглэл барьж байна. УИХ-аар ирэх онуудын төсвийн төлөвлөлтийг батлахдаа, төсвийг алдагдалгүй батлах чиглэл баримтлахыг тусгаж өгсөн байгаа. Бид ажил авсныхаа дараа буюу өнгөрсөн хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын төсөв, эдийн засгийн талаарх мэдээллийг оруулсан. Ингээд ямар ч байсан ирэх оны төсвийг алдагдалгүй батлах чиглэлээр төсвийн хүрээний мэдэгдлээ батлуулж чадсан. Энэ нь эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас цаашид гаргах эхний алхам болсон.

-Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж, тэвчиж болох зардлаа танаж байгаа гэлээ. Гэсэн ч орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа энэ үед бусад зардлыг санхүүжүүлэх хэрэг гарна. Үүнийг мэдээж дотоод бондоор санхүүжүүлж таарах байх. Яг одоогийн байдлаар дотоод бондын үлдэгдэл хэд байгаа вэ?
-Гадуур манай улсын гадаад өр болохоо байлаа гэж их ярьдаг. Тэгвэл өнөөдөр дотоод өр гадаад өрөөс давчихаад байна. Яг өнөөдрийн байдлаар дотоод бондын үлдэгдэл 3.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ онд 1 их наяд төгрөгийн зардлыг дотоод бондоор санхүүжүүлнэ гэсэн УИХ-ын шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр бид дараа он руу 4 их наяд төгрөгийн дотоод бондтой шилжих байх. Дотоод өрийн хүү гадаад өрийн хүүгээс 4-5 дахин илүү байгаа нь санаа зовоох асуудлын нэг. Өмнө нь арилжсан дотоод бондууд 8-10 хувийн хүүтэй байсан. Тэгвэл сүүлийн үед хэтэрхий их мөнгө санхүүгийн зах зээлээс татаад эхлэхээр мөнгөний хомсдол бий болж байна. Үүнээс шалтгаалаад өнөөдрийн байдлаар богино хугацаатай бонд 14.8-15 хувийн хүүтэй байгаа бол, урт хугацаатай бонд 16.8-17 хувийн хүүтэй байна. Ер нь манай улсын эдийн засгийг хүндрүүлж байгаа хүчин зүйлийн нэг нь дотоод өр болчихоод байгаа. Тиймээс цаашид аль болох дотоод өр тавихгүй байх чиглэл барьж ажиллаж байна.

-Дотоод бондыг багасгах тал дээр ажиллаж байна гэлээ. Тэгэхээр дараа он руу шилжих 4 их наяд төгрөгийн дотоод бондын төлбөрийг юугаар барагдуулах вэ?
-Дотоод бондын өр эдийн засгийг маш хүндрэлтэй нөхцөл байдал руу оруулчихаад байна. Тиймээс цаашид эдийн засгийн нөхцөл бололцоогоо сайжруулаад, төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа. Эндээс олсон эх үүсвэрээр дотоод бондоо төлнө шүү дээ. Үүнээс өөр арга байхгүй. УИХ-аас “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41-р тогтоолыг  2015 оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан. Үүнийг дэмжих санхүүжилтийг олгооч гэсэн  хүсэлтийг Дэлхийн банкинд тавьсан. Ямар ч байсан нааштай хариу өгсөн. Тухайлбал, Дэлхийн банк манай улсад 100 сая ам.долларын урт хугацаатай хөгжлийн зээл олгохоо амлаад байна. Энэ зээл 20-30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй байх юм. Хэрэв бид 100 сая ам.долларыг дотоодын арилжааны банкуудаас  авбал 3 жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй татаж таарна. Дотоод зардлаа санхүүжүүлэх эх үүсвэр хямд, урт хугацаатай байх тусам бидэнд ашигтай шүү дээ. Тиймээс Дэлхийн банкнаас 20-30 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй хөгжлийн зээл авах нь илүү дээр болж байгаа юм. Энэ мөнгө хараахан орж ирээгүй байгаа ч шийдэгдэх байх гэж бодож байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орсон цагаас хойш манай улс гаднаас хэдий хэмжээний зээл авах яриа хэлэлцээр хийв. Тэрнээс яг орж ирсэн зээл байна уу?
-Өнөөдрийн байдлаар улсын өр ДНБ-ий 50 орчим хувьтай явна. Үүний 60 хувийг дотоод өр, 40 хувийг гадаад өр эзэлж байна. Дотоод, гадаад өрийн эзлэх хувь 60/40 гэсэн харьцаатай байгаа гэж ойлгож болно. Засгийн газраас хэд хэдэн концессийн гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Тухайлбал, аймгийн төвүүдийг авто  замаар холбох хүрээнд концессийн гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Концессийн гэрээний хувьд тодорхой нөхцөл шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болоогүй байгаа үед гэрээнүүдийг “улсын өрд” тусгах бололцоогүй. Концессийн гэрээ хэрэгжиж эхэлбэл улсын өрийн хувь хэмжээнд өөрчлөлт орох магадлалтай. Ер нь хэрэгжихээр хүлээгдэж байгаа төслүүдийг оруулж тооцвол оны эцэст улсын өр 58.3 хувьд хүрэх байх. Тиймээс ч гаднаас их хэмжээний зээл авах бололцоогүй. Хятадын Засгийн газар манайд 1 тэрбум ам.долларын зээл өгөхөө илэрхийлсэн. Мөн Энэтхэгийн Засгийн газар 1 тэрбум ам.долларын зээл олгохоо амласан. Турк, Солонгос мөн зээл өгөх бололцоотойгоо илэрхийлж, амлалт өгсөн байгаа. Эдгээр улс нийт 2.6 орчим тэрбум ам.долларын зээл амлаад байна. Манай улсын зүгээс энэ зээлүүдэд одоогийн байдлаар зүгээр л санал хүргүүлчихээд байж байгаа. Тэрнээс нэг ч долларын зээл гаднаас нэмж аваагүй.

-Улсын өр энэ онд ДНБ-ний 58.3 хувь байхаар хуульчилсан. Энэ өрийн хүүгийн төлбөр хэд байх вэ?
-Энэ жил улсын хөрөнгө оруулалтад 300 тэрбум төгрөг тавьсан бол  өрийн үйлчилгээний зардалд үүнээс хоёр дахин их мөнгө тавьсан. Өөрөөр хэлбэл, өрийн үйлчилгээний зардалд энэ жилийн төсөвт 719 тэрбум төгрөг суулгасан. Энэ мэт манай улсын эдийн засгийг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулаад байгаа зүйл бол өр  шүү дээ. Өрийн хэмжээ нэлээд өндөр түвшинд байгаагаас гадна хүүгийн үйлчилгээний зардалд их мөнгө зарцуулж байна. Чингис, Самурай, Хөгжлийн банкны бондын үндсэн төлбөрийг төлөх хугацаа ойртож байна. Тиймээс “Өрийн удирдлагын тухай хууль” батлуулж, өрийн дунд хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулж гаргалаа. Өрийн хуваарийг жигдлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Эдийн засгийн бодит нөөц бололцоотой уялдсан татварын чадавхийг бий болгох шаардлагын үүднээс гадаад, дотоод өрөнд бодлогын шинжтэй үйл ажиллагаануудыг хийж эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэрүүд гарсан байгаа.

Нийтэлсэн: А.Энхтуул

Ж.Эрдэнэбат: Гаднаас нэг ч долларын зээл нэмж аваагүй...  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй