Шууд Chart

Өмч хувьчлал хөрөнгийн зах зээлд сэргэлт авчирна

2015-08-04 15:27:22

Засгийн газар  “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ уг тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэж баталлаа. Өмнө нь 22 компани хувьчлахаар төлөвлөж байсан бол, УИХ-аас хувьчлах, өөрчлөн байгуулах компаний тоог цөөлж баталсан байна. Энэ онд хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтыг УИХ-аас саяхан баталсан учраас, өмч хувьчлалаас төсөвт  төвлөрөх орлого тасалдаад байгаа юм. Энэ тухай Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр ингэж ярьж байна.


Манай улс энэ жил өмч хувьчлалаас 181 тэрбум төгрөг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилжээ. Үүний 135 тэрбум төгрөгийг нь оны эхний хагас жилд нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн байх ёстой байлаа. Гэвч тайлант хугацаанд үүний багахан хэсэг нь төвлөрч, өмч хувьчлалын орлого оны эхний хагас жилийн байдлаар 132 тэрбум төгрөгөөр тасалдсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилд нэгдсэн төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр тасалдсаны дийлэнх нь буюу 132 тэрбум төгрөг нь өмч хувьчлалын орлогын тасалдал юм. Цаашид ч өмч хувьчлалын орлогыг бүрэн төвлөрүүлэх бололцоогүйг Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхам хэллээ.

УИХ хувьчлах төрийн өмчийн компаниудыг хожуу баталсан. Үүнтэй холбогдон гарах тогтоолоо хүлээж байгаа учраас хувьчлал эхлээгүй, бэлтгэл хангаж байгааг Төрийн өмчийн хорооныхон хэлж байна. Тогтоол гарч энэ ажил эхэллээ ч энэ онд төлөвлөсөн орлогыг өмч хувьчлалаас төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болохыг Төрийн өмчийн хорооныхон тайлбарлаж байгаа юм.  Хэдий тийм ч, өмч хувьчлал эхэлбэл хөрөнгийн зах зээлд сэргэлт гарах давуу талтайг албаныхан хэлж байна.  Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зарим компанийг хувьчлах учраас тэр юм. Энэ тухай Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар дараах хариултыг өгч байна.

2015-2016 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД:

-“Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

-“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

-Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

-“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.

-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.

-“Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах.

-“Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

-“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

-“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах.

-“Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

-“Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

-“Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд, түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэн хувьчлах.

-“Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

-“Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах.

-“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах.

-“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах.

Нийтэлсэн: А.Энхтуул

Өмч хувьчлал хөрөнгийн зах зээлд сэргэлт авчирна  
Үзсэн: 3174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй