Шууд Chart

Вексель бичихийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

2015-08-04 17:03:55

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 7-р тогтоолоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ч, гэрээний үлдэгдэл санхүүжилтээ бүрэн авч чадаагүй, мөн 2014 оны төсөвт тусгагдан 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ч, үлдэгдэл хөрөнгө нь 2015 онд тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Засгийн газрын өрийн бичиг “Вексель” гаргах замаар санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас холбогдох яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас УИХ-ын 7-р тогтоолын хүрээнд хамаарах векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газар өнгөрсөн сарын 7-нд  282-р тогтоол гаргажээ. Сангийн яам дээрх тогтоолуудын хүрээнд өнгөрсөн сарын 29-нд арилжааны найман банктай “Төлбөр баталгаажуулах тухай гэрээ” байгуулж, өнгөрсөн сарын 30-наас арилжааны банкуудад вексель бичиж эхэлжээ.

Сангийн яам дээрх тогтоолд заасан төсөл, арга хэмжээний үлдэгдэл төлбөрийг ирүүлсэн гүйцэтгэлд үндэслэн Сангийн сайдын 2012 оны 290-р тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу вексель бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрх нээдэг зарчимтай ижил байдлаар хянан баталгаажуулж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдэл хүргүүлээд байгаа. Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 17-р тогтоол гаргаж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд векселиэр санхүүжүүлт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан байна.

Тиймээс УИХ-ын Төсвийн байнгы хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэл “вексель” бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна гэж Сангийн яамнаас мэдэгдлээ. Өнгөрсөн пүрэв гаригаас хойш нийт 81 аж ахуйн нэгжид вексель бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдээд байгаа ч, нэгийг нь ч мөнгөжүүлээгүй гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Нийтэлсэн: А.Энхтуул

Вексель бичихийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй