Шууд Chart

Оюутолгой компани 421 сая ам.долларын борлуулалт хийлээ

2015-08-06 17:18:23

“Туркойз хилл” компани “Оюутолгой” компанийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайланг өчигдөр танилцууллаа. Оюутолгой компани энэ оны хоёрдугаар улиралд 189  мянган тонн баяжмал борлуулж, 421 сая ам.долларын орлого олсон байна. Алтны үнэ буурсантай холбоотойгоор тус компанийн орлого өмнөх улирлаасаа 1.2 хувиар буурахаар байж. Тиймээс нэгдүгээр улиралд үйлдвэрлэсэн алтны агуулга багатай баяжмалыг хоёрдугаар улиралд борлуулснаар үүнийг нөхсөн байна. “Оюутолгой” компани үйл ажиллагаагаа оновчтой болгож, борлуулалтаа өсгөж, зардлаа хэмнэснээр нэгдүгээр улиралд 39.5 хувь байсан ашгийг, хоёрдугаар улиралд 46.4 хувьд хүргэж чаджээ.

Оюутолгой компани энэ оны хоёрдугаар улирлаас өндөр  агуулгатай  хүдэр  олборлож  эхэлсэн байна.  Ингэснээр баяжуулах  үйлдвэрийн  үйлдвэрлэл  20 гаруй хувиар нэмэгджээ. Ингэснээр нэгдүгээр улиралтай харьцуулахад, хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64 гаруй хувиар өсчээ. Энэ нь баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ер нь нэгдүгээр улиралтай харьцуулахад, тус компанийн баяжмал дахь зэсийн агуулга 64 гаруй хувиар, алтны агуулга 176 гаруй хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа. Гэвч энэ мэдээлэл “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компанийн хувьцааны ханшид энэ эергээр нөлөөлсөнгүй.

Нью-Йоркийн хөрөнгийн биржэд тус компанийн хувьцаа өчигдөр 3.5 хувиар унаж, 3.22 ам.долларын ханшаар хаагдлаа. Энэ нь Засгийн газар, Эрдэнэс-Оюутолгойн, “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компаниуд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаас хойшхи хамгийн доод ханш юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 19-нд тус компанийн хувьцааны ханш 4.74 ам.долларт хүрч, сүүлийн нэг жилийн дээд ханшдаа хүрсэн. Гэвч хойш тус компанийн хувьцааны ханш буурсаар, өчигдөр хамгийн их уналтыг үзүүллээ. Энэ нь улстөрийн тогтворгүй байдалтай холбоотой байх магадлалтайг ажиглагчид хэлж байгаа юм.


 

Нийтэлсэн: А.Энхтуул

Оюутолгой компани 421 сая ам.долларын борлуулалт хийлээ  
Үзсэн: 1698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй