Шууд Chart

Далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй...

2015-08-07 16:52:12

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд зориулж “Рио Тинто” компани Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл авахаар эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг авах бололцоогүй. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газартай тохиролцож байж, гадаадын арилжааны банкуудаас дээрх зээлийг авах бололцоотой юм. Гэвч оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодорхой болгох хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлж ирсэн.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэлх зардлыг анхны хөрөнгө оруулалт гэж нэрийддэг. Анхны хөрөнгө оруулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан гэж хөрөнгө оруулагч талаас мэдэгддэг. Харин манай талаас анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн гэж үзэж, үүнийг нягтлах хүртэл далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхгүй гэдгээ иэлрхийлсэн юм. Ийнхүү оюутолгойн хувь нийлүүлэгчид дараагийн шатны санхүүжилт дээр тохирч чадаагүйн улмаас далд уурхайн барилгын ажил 2013 оны долдугаар сарын 28-нд зогсч, бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд удааширсан.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэр Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой,”,“Туркойз Хилл Ресурс” “Рио Тинто” компаниуд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайн барилгын ажил эхлэх боломжтой боллоо гэж мэдэгдэж байлаа. Гэвч далд уурхайн барилгын ажил өнөөдрийш хүртэл эхлээгүй байна. Энэ нь далд уурхайн санхүүжилт болон техник эдийн засгийн үндэслэл бэлэн болоогүйтэй холбоотой гэнэ.

Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компанийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд ойролцоогоор 4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ оны эцэст төслийн санхүүжилт батлагдана гэсэн хүлээлттэй байна” гэж мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл оны эцэст батлагдаж, далд уурхайн барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилттэй залгаж магадгүй нь. Үүнээс гадна, далд уурхайг эхлүүлэхэд далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлуулах шаардлагатай байгаа юм.

Оюутолгой компанийнхан уг техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн гуравдугаар сард манай улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Тус зөвлөл хуваарь шинэчлэх болон далд уурхайн төлөвлөгөөнд нийцүүлэх ажлаас бусдыг нь урьдчилсан байдлаар хүлээн аваад байгаа. Уг тодотголыг ирэх сард  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд дахин хүргүүлэх юм байна. “Туркойз хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс төслийг эцсийн байдлаар батлахаас өмнө хөрөнгө оруулалтын тооцоог бусад бэлтгэл ажлын хамт гүйцэтгэх юм байна.

Эдгээр ажил болон бусад нарийвчилсан инженерингийн ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй зураг төсөл, хангамж, барилга угсралтын менежментийн гүйцэтгэгч компанитай холбогдон ажиллаж байгаагаа “Туркойз хилл” компанийнхан илэрхийлээд байна. Хэрэв энэ онд багтаж санхүүжилт шийдэгдэж, техник эдийн засгийн үндэслэл бэлэн болвол, ирэх оны эхээр далд уурхайн барилгын ажил эхлэх магадлалтай юм. Тиймээс ч, Оюутолгой компанийнхан далд уурхайн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Одоогийн байдлаар хойд Хюго дахь далд уурхайн хэвтээ малталтын нэвтрэлт нэгдүгээр босоо амнаас ойролцоогоор 16 километрт хүрсэн байдалтай. Үндсэн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн эхэн үед ашиглах хоёрдугаар босоо ам газрын гадаргаас 1,168 метрийн гүнд нэвтэрсэн байдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар босоо ам 1,284 метрийн гүнд хүрэх ёстойгоос 91 хувийн гүйцэтгэлтэй зогсонги байгаа юм. Үүнээс гадна, хоёрдугаар босоо амын 96 метр өндөртэй бетон цамхагийг барьж байгуулсан. Агааржуулалтын зориулалтаар ашиглах тавдугаар босоо амны нэвтрэлт 208 метрийн гүнд хүрч, 17 хувийн гүйцэтгэлтэй зогсонги байгаа юм.

Үүнийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд, үйлдвэрлэлийн өмнөх бүтээн байгуулалт, барилга угсралтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор  уурхайн хатаалга, засвар үйлчилгээний цехийн барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Нэгдүгээр босоо амны барилга байгууламж, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний ажлуудыг үргэлжлүүлж байгаа юм. Мөн чулуулгийн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудыг ийнхүү эхлүүлээд байна. Тиймээс ч техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилт энэ ондоо багтаж шийдэгдвэл, ирэх оноос далд уурхайн барилгын ажил эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулсны дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт далд уурхайд хийгдэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Монголын бизнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Барилгын ажил долоон жил үргэлжлэх хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж хэлж байгаа юм. Ямар ч байсан энэ хөрөнгө оруулалтаар далд уурхайн барилгын ажил долоон жилийн хугацаанд үргэлжилж, оюутолгойн нийт нөөцийн 80 хувьд хүрэх юм. Энэ хугацаанд газрын гүнд 200 км барилгын ажил хийгдэх ёстой. Барилгын ажилд 3000 мянган хүн оролцох бол, далд уурхай ашиглалтад орохоор 1500 хүн ажиллах юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй...   
Үзсэн: 2219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй