
“Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмет-Загвар бүс нутаг Монгол” төслөөс Дархан хотод ус цэвэршүүлэх байгууламж шинээр барих ажилд хөрөнгө оруулалт хийхээр ярьж байна. 2006 оноос хойш Хараа голын ай сав дагуу хэрэгжсэн төслийн нэг, хоёрдугаар шатанд усны чанар, нөөц ашиглалтад судалгаа хийж, Дархан хотод ус цэвэршүүлэх, хэмнэх чиглэлээр туршилтын ажлууд хийсэн байдаг юм.
Хараа голын ай савд газар тариалан, мал аж ахуй эрчимтэй хөгжиж, аж үйлдвэржсэн томоохон хот, тосгодын хүн ам өссөөр байна. Энэ нь голын ус татарч, усны бохирдол нэмэгдэх шалтгаан болж байна. Тулгамдсан энэ асуудлыг шийдэж, усны нөөцийг хамгаалахад “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмет-Загвар бүс нутаг Монгол” төсөл чиглэж байгаа юм.
Төслийн хүрээнд Дарханы төв цэвэрлэх байгууламжид бохир ус цэвэрлэх шаталсан био цэвэршүүлэгч туршсан. Мөн Хараа голын эрэг дагуу байдаг гэр хорооллын айлуудад эко жорлон суурилуулж, бохироор нь дулаан үйлдвэрлэх ажлыг туршсан байна. Одоо харин дарханчууд бодит бүтээн байгуулалтыг төсөл хэрэгжүүлэгчдээс хүсч байгаа юм.
Монгол-Германы хамтарсан төслийн үр дүнд усны нөөцөд хийх менежментийг сайжруулах загварыг бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл, Хараа гол дээр хийсэн бүхий л туршилтын үр дүнг Монгол орны өнцөг булан бүрт ашиглаж болно. Судалгаа шинжилгээнээс гарсан үр дүнгээ ашиглан МОМО-3 төсөл бүтээн байгуулалтад илүү чиглэх юм байна.
Дархан хотын хэрэглээний цэвэр усны чанар ноцтой түвшинд хүрчихсэн байгаа. Тиймээс хүн ам олноор суурьшсан энэ хотын ундны усыг цэвэршүүлэх байгууламжийг МОМО 3 төсөл шийдэх аж.
Мөн 15 орчим цэцэрлэгийн ариутгал татуургын асуудлыг бага оврын цэвэрлэх байгууламж ашиглан шийдэхээр төлөвлөж байна.
Хараа голын ай савд 10-аад жилийн турш хэрэгжсэн энэ төсөл судалгаа шинжилгээний ажилдаа үндэслэсэн сав газрын хөрсний бохирдлыг багасгахад бодит хөрөнгө оруулалт хийж, ажлаа энэ ондоо эхлэх юм байна.
Дархан хотын ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчилнэ | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.