Шууд Chart

"Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 7 дахь дугаар гарлаа

2015-09-10 10:52:47

2014 оны хавраас эхлэн уншигч түмэндээ хүрч байгаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 7 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ  дугаар нь  долоон улирал дараалан гарч  байгаа  уг сэтгүүлийн  2015 оны 3 дахь дугаар буюу намрын дугаар нь аж.

Уран зохиолын шилдэг цомирлог  “Улирал ба Зохиолч” сэтгүүлээс  өмнөх дугааруудын нэгэн адил  шинэ тууж, өгүүллэг,  шүлэг, найраглал, эсээ, зохиолчдын захидал,  наргиа, дурсамж, дэлхийн сонгодог зохиолчдын ярилцлага, нобелийн шагналтнуудын үгүүллэг гээд оюун, сэтгэл гэгээрүүлж, бодол бясалгал ундруулах уран зохиолын шидээвэр бүтээлүүдийг уншиж болох юм.

Тухайлбал, Хөдөлмөрийн баатар зохиолч Л.Түдэвийн  “Бэр нь хүргэнээ, хүргэн нь бэрээ зодсон нь” эсээ, ардын уран зохиолч С.Дашдооровоос  С.Лочин, С.Пүрэв нарт бичсэн захидал, зохиолч С.Товуудоржийн  тэмдэглэлийн дэвтрээс  сонгосон “Зохиолч Д.Намдагийн эхийн талынхан” сонирхолтой тэмдэглэл, энэ жил мэндэлснийх нь 90 жилийн ой тохиож байгаа Монголын үргэлжилсэн үгийн хөх сүмбэр оргилуудын  нэг  Д.Нацагдоржийн шагналт зохиолч Намсрайн Банзрагчийн тухай  зохиолч нөхөд охидынх нь гэгээлэг дурсамж, “Сүүтэй дөрөө” булангаас залуу яруу найраг, Утга зохиол судлаач Б.Батхолбоогийн шүлгүүд, профессор, судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын зохиолч П.Баярсайханы бүтээлд хийсэн онцгой содон ажиглалт, шинжлэл бүхий  “Төгсөөгүй захидлын  төгсгөл буюу “Хөх туурийн тал” дахь “Хүн гөрөөсний бодлогошрол” шүүмж, авьяаслаг яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн орчуулсан 2013 оны  утга зохиолын нобелийн шагналт, Канадын нэрт зохиолч Элис Энн Мунрогийн үгүүллэг, эдүгээ цагийн  дэлхийн алдартнуудын нэгэн “Алхимич” романы зохиогч,  Бразилийн нэрт зохиолч Пауло  Коэльогийн  ярилцлага, тэрчлэн уламжлал ёсоор дэлхийн монгол туургатнуудын яруу найрагчтай танилцаж болох аж.

Энэ дугаарын онцлох зохиолчоор  Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичигийн шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн яруу найрагч Сэндэнжавын Дулам, онцлох номоор Бүх Оросын  утга зохиолын шагналт зохиолч, орчуулагч Х.Хангайсайханы эрхлэн гаргадаг “Дэлхийн яруу найраг” цувралыг тодруулжээ.

Уран зохиолын хорхойтнууд, зохиолч, сэтгүүлч, яруу найрагчдаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн  4-р улирал буюу өвлийн дугаарын захилга эхэлснийг энэ ялдамд дуулгая. 


"Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 7 дахь дугаар гарлаа  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
108.210.105.xxx [108.210.105.xxx] 2015-09-10 23:35
Unshuurtai saihan setguuliig seteglee shingeen togtmol gargaj unshigchiddaa beleg baridag naizdaa ulam ih amjilt husii
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-09-10 15:56
гэгээлэг сэтгүүл шүү, уншууртай

Бидэнтэй нэгдээрэй