Үр хөндөлт буюу манайхны хэлж заншсанаар абортыг эрт буюу хожуу хугацаанд 2 янз хийнэ.
1.“Эрт үеийн үр хөндөлт” гэдэг нь жирэмсний эхний 12+6 долоо хоногийн дотор үр хөврөлийг умайгаас эмнэлгийн аргаар гаргахыг хэлнэ.
2.“Хожуу үеийн үр хөндөлт” гэдэг нь жирэмсний 13 долоо хоногоос 21+6 долоо хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслахыг хэлнэ.
Эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, журам, зааврын шаардлагыг хангасан, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан, 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг “Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг, клиник, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн сум дундын эмнэлэгт, эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч хийхийг зөвшөөрнө.
Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ.
Харин хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурдсан заалтаар зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амаржих газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч хийнэ.
1. Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон;
2. Ургийн эмгэг нь амьдралд үл нийцэх гажиг болох нь тогтоогдсон;
3. 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр;
4. 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл;
5. Цусан төрөл ойртсон нь нотлогдсон;
6. Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн;
Дээр дурдсан заалтуудаас бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслахыг хориглоно.
Нэгэнт хүсээгүй жирэмслэлт болсон тохиолдолд охид бүсгүйчүүд нарийн мэргэжлийн эмчид хандана уу.
Олон нийтийн сүлжээгээр мэргэжлийн биш хүнээс баталгаагүй эм авч уух, магадлан итгэмжлэгдээгүй эмнэлэгт үр хөндүүлэх зэрэг нь эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насанд ч халтай.
Орчин үед жирэмслэлтээс сэргийлэх олон аргууд гарсан тул хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх бүрэн боломжтой.
ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа
| Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх бүрэн боломжтой | ||
| Үзсэн: 97 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.