
-23, 24-ний өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.-
Энэ 7 хонгийн дунд үеэс тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, цаг агаар муудах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Өнөөдрөөс эхэлсэн бороо 7 хоногийнхоо сүүлээр нойтон цас болж, шороон болон цасан шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээ байгааг танилцууллаа. Цаг агаар муудахтай холбогдуулан газар тариалан, ургац хураалтын бэлтгэл ямар байгааг бид салбарын яамнаас нь тодрууллаа.
Төвийн болон зүүн бүсийн тариалан бүхий нутгуудаар нойтон цас орж, хүйтрэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна. Тухайлбал, төвийн бүсийн тариалангийн ихэнх нутгаар 23-нд , 24-нд нутгийнхаа зүүн хэсгээр бороотой, 23-24-нд нойтон цас орно. Харин зүүн бүсийн тариалан бүхий нутгаар 21,24-нд сэрүүснэ. 22, 25-нд Дорнодын зүүн хэсгээр, 27-нд Хэнтийн нутгаар бороо орох төлөвтэй. Уулархаг нутгаараа нойтон цастай гэсэн мэдээг ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгч байна. Орох хур тунадасны хувьд их хэмжээтэй байх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид онцоллоо.
Зун гантай байж байгаад оройтож бороо орсноос тариа будааны болц газар газар харилцан адилгүй байна. Тиймээс ч тариаланчид ургац хураалтаа ангилан хадах газарт ангилж шууд хураах шаардлагатай хэсэгт түр хүлээж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Хэдийгээр нойтон цас төмс, хүнсний ногоог хөлдөөж, тариа буудайг дарах эрсдэлтэй ч ганц хоёр өдрийн хүйтрэлийг даваад гарчихна гэж тооцож байна.
Хамгийн сүүлд нэгтгэсэн мэдээгээр үр тарианы хураалт 10.3 хувьтай. Төмс хураалт 28.7 хувьтай, харин хүнсний ногооны хураалт 36 хувьтай явж байгаа мэдээ байна. Нийт 30.7 мянган га-аас 25.2 тонн үр тариа, 39 мянга гаруй тонн төмс, 25 мянган тонн хүсний ногоог хураан авчээ. Улсын хэмжээнд есдүгээр сарын 14 нөөс эхэлсэн ургац хураалт Орхон, Увс, Ховд, Сэлэнгэ аймгуудад өндөр хувьтай байна.
Есдүгээр сарын 18-ны ургац хураалтын мэдээ:
Ургац хураалтын үйл явц:
Үр тарианы хураалт 10.3 хувь
Төмс хураалт 28.7 хувь
Хүнсний ногооны хураалт 36 хувь
Хураасан хэмжээ:
30.7 мянган га-аас 25.2 мянган тонн үр тариа
3.49 мянган га-аас 39.1 мянган тонн төмс
2.3 мянган га-аас 24.7 мянган тонн хүнсний ногоо
Цаг агаар ба ургац хураалт | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.