Шууд Chart

Н.ЭНХТҮВШИН: Монголын түүхэнд дахин ийм кино хийгдэнэ гэдэг хэцүү

2013-09-10 15:11:16

МҮОНТ-ийн 60 ангит “Босго, тотго” уран сайхны киноны сүүлийн зураг авалт явагдаж байх үеэр бид тус киноны ерөнхий найруулагч Н.Энхтүвшинтэй ярилцлаа. Үе үеийн хилчдийн түүхэн гавъяа зүтгэлийг гол дүрүүдээр, Монгол Улсын түүх нийгмийн бодит цаг үеийг үйл явдлаар харуулсан манай кино Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойгоор нээлтээ хийж, хил хилчдийн амьдрал ард түмнийг нэгэн үе байлдан дагуулах нь гарцаагүй болов. Төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов гуай ч “Босго, тотго” романаа удахгүй гаргах сурагтай.

-“Босго тотго” МУСК-ны хамгийн сүүлийн зураг авалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангийн Номтын заставт явагдаж байна. Киноны зураг авалт үндсэндээ хэрхэн өрнөв? Сүүлийн мөчид та дүгнээд хэлбэл?
 
-Манай киноны зураг авалт энд дуусч байна. Хамгийн сүүлийн зураг авалтаа Сэлэнгийн Номтын застав дээр хийж байна даа. Үндсэндээ нэг жил зургаан сарын хугацаанд хилийн 10 гаруй отрядод зураг авалт хийлээ. Киноны маань ихэнх хэсгийн зураг авалт өмнөд хилд хийгдсэн. Нийт зургийн 95 орчим хувь гэсэн үг л дээ. Хамгийн сүүлийн хэсэг маань энэ юм. Сүүлийн үед гарч байгаа хилийн зөрчлийн нэг онцлог ч энд гарч ирдэг.
 
-ХЦДБЧ-ын уран бүтээлчид киноны зураг авалтад оролцож байгаа нь бас их онцлогтой юм.
 
- Тийм ээ, бид кинондоо аль болох хил, хилчдийн амьдралын онцлогийг харуулахыг зорьсон. Тиймээс ХЦДБЧ-ыг оролцуулахгүй бол болохгүй шүү дээ. Чуулга маань 70 гаруй жилийн түүхтэй. Бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулж чадаагүй ч яг хилчдэдээ үйлчилж байгаа хэсгийг нь кинондоо оруулсан.
 
-Энэ хугацаанд хичнээн газар, хичнээн цагийн зураг авалт хийгдэв, хичнээн хүн оролцов гээд яривал их сонин байх?
 
-Сонин сонин баримтууд бий л дээ. Бид нийт 40-өөд мянган километр явсан байдаг. Мөн манай кинонд 300 гаруй мэргэжлийн жүжигчин тоглож, 10 гаруй мянган хүн оролцсон. Биднийг зураг авах хугацаанд гурван удаа цэрэг халагдсан байна. Дорнодод зураг авалт хийж байхад шинэ цэрэг байсан хүн Ховдод очсон чинь гэрээт цэрэг болчихсон, “Сайн байна уу, ах аа” гэчихсэн явж байх жишээтэй. Нийт зураг авалтын явцад манай нэг камер л гэхэд бараг 40 орчим мянган удаа REC дарагдсан байгаа юм. 40-өөд мянган удаа кадр явсан байна гэсэн үг шүү дээ. Харин дүрсээ оруулсан компьютерийн хардыг тооцвол 20 гаран тера-гийн дүрс авсан байна. Нэг тера чинь 1000 гега шүү дээ. Тэгэхээр маш их тоо гарч байгаа биз? Киноны монтажин дээр эвлүүлгийн найруулагч, дууны найруулагч хоёр маань сууж байна. Одоогоор монтаж 60-70 хувьтай явагдаж байгаа. Зураг маань ч ингээд дуусч байна. Хөгжим маань зохиогдсон. Кино нийт таван клиптэйгээс өнөөдрийн байдлаар гурав нь гарчихсан байна. Үлдсэн хоёр клипний зургийг энэ зургийн дараа үргэлжлүүлэн авахаар бэлэн болоод байна. Киноны нээлтээс өмнө бүх зүйл бэлэн болно гэж тооцож байна даа. Ажил маш идэвхтэй өрнөж байна. Одоо бол ид буцалж байна. Үйл явдал болгон өрнөж асан тухайн газар нутаг дээрээ явагдаж байгаа юм. Халх голын тулалдаан Халх голд, Байтагийнх Байтагтаа гээд л. Хилийн цэргийн 80 жилийн түүхэнд тохиосон гол гол үйл явдлуудыг гол дүртэйгээ уялдуулаад л энэ киног бүтээж байгаа юм. Кино маань үзэгчдэд нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Телевизийн сериал, нэг ангит кино хоёрын дундах ялгааг үзэгчид мэднэ. Бид энэ зөрүүг аль болох арилгахаар энэ киног хийсэн. Энэ бол бидний хамгийн эхний зорилго байсан. Бүх зураг авалт нэг ангит киноны зарчмаар л хийгдсэн дээ.
-Хилчид маань энэ кинонд маш олон дүр бүтээсэн байдаг. Мэргэжлийн жүжигчид биш учраас олон дахиулах зэрэг хүндрэл гарч л байсан байх. Манайхны бүтээсэн дүрүүд дээр найруулагч хүний хувьд та юу хэлэх бол?
 
-Ер нь манай кинонд 1000 гаруй дүр гардаг. 300 гаруй мэргэжлийн жүжигчинтэй. Тэгэхээр үлдсэн нь хилчид болж таарч байгаа биз. Бид ч хаа байсан Байтагбогдод тэр олон жүжигчнийг авч явна гэдэг боломжгүй зүйл. Тийм учраас хилчдээ тоглуулсан. Мэдээж мэргэжлийн бус хүмүүс учраас янз янзын юм болно л доо. Одоо та нар зурагтаар хараад, “Өө манай тэр байна, энэ байна” гэх л байх. Гэхдээ дүр бүтээх тал дээр аль нь мэргэжлийн жүжигчин, аль нь мэргэжлийн бус хүн бэ гэдэг нь бараг ялгагдахгүй байх гэж би бодож байна. Манай найруулагчийн баг үүн дээр маш сайн ажилласан.
 
-Кино багийнхан маш их ачаалалтай байх шиг байна. Ер нь барагцаагаар хичнээн шөнө нойргүй хонов?
 
-Хэдэн шөнө нойргүй хоносноо мэдэхгүй байна. Жишээ нь Мэнэнд л гэхэд бид дандаа шөнийн зураг авсан. Өглөө 07.00 цагт унтаад, өдрийнхөө зургийг 13.00 цагаас авдаг байв. Урьд шөнө л гэхэд үүрийн 05.00 цагт зураг авалт дуусаад одоо өглөөний 11.00 цагт дахиад л зураг авалтандаа ороод явж байна. Манай кино групп ер нь бол их ачаалалтай ажиллаж байгаа. Өдөрт 4-5 цаг унтдаг нормтой. Аливаа уран бүтээлийг хийхэд золиос шаардагддагийн хувьд хүндрэлтэй гэвэл бас хүндрэлтэй зүйлүүд бий. Эргээд харахад бид маш том ажлын ард гарчээ. Одоо бүх ажил дуусах шатандаа орж байна.
 
-Цаг агаарын хүнд нөхцөлд маш олон зураг авалтууд хийгдсэн байх. Хамгийн хүнд хэцүү үе хэзээ, хэрхэн өнгөрөв?
 
-Алтайн цаадах говьд зураг авалт хийж байх үеэр ёстой шатам халуун байлаа. Элсэн дотор дулаан хэмжигч тавиад л авахад 70 хэмд хүрчихэж байгаа юм. Агаар дээр 34-35 хэм байх жишээтэй. Амьсгалж болохгүй аймшигтай халуунд хилчид маань үүрэг гүйцэтгэж байна гэдгийг л үүгээр давхар хэлээд байгаа юм. Харин Осман, Чойбалсангийн уулзалтын зургийг дөрвөн есийн ид хүйтэн тачигнаж байх үеэр авсан. Мотор яваад дөнгөж таван минут болоход л камерын мотор царцаж эхэлнэ. Ер нь бол камерийн мотор 30 хэмд ажиллах ёстой байдаг. Мотор эргэхээ болиход бид СД дээр бичиж авч хадгалж байв. Та нар бод доо, том камерийн зайгаар бүтэн өдөр зураг авдаг юм. Гэтэл бид 30-хан минут л зураг авч амжиж байлаа. Хүйтэн учраас зайнууд маань бүх хүчин чадлаараа ажиллаад л ачааллаа дийлэхгүй уначихаж байгаа юм. Тэгээд зогсоо зайгүй мотор асаан зайгаа цэнэглэж байж тэр хүйтэнд зургаа авч дуусгасан. Тийм хүйтэнд агаар амьсгалахаар хоолой боогдоод ярьж болдоггүй юм билээ. Үнэхээр аймшигтай хүйтэн байсан. Гадаа зураг авалтын үеэр манай жүжигчид маш их даарсан. Жүжигчин Ялалт Дорж генералын дүрийг бүтээсэн юм. Бид генералын нэрийг кинон дээрээ Мажиг болгож өөрчилсөн. Баруун хилд Дорж генерал чинь Мажиг гэдэг нууц нэрээр ажиллаж байсан юм. Тэгсэн нөгөө генерал чинь саарал шинельтэй, хромон гуталтай. Мань хашир зураг авалт эхлээд, “мотор” гэхэд мундаг зогсч зургаа авахуулчихаад зураг авалт дуусч, “стоп” гэнгүүт гэр лүү гүйгээд явчихна. Тэр үеэр жүжигчний маань хөлийн нь хурууны үзүүр бүгд хайрагдчихсан байсан. Мотор яваад ашигтай дүрс авах гэж ерөнхийдөө таван минут болдог. Тэндээсээ ялгаж зөвхөн 5-10 секундын л план авна. Өвлийн цагт нэг сцень авахад полный гэж байгаа юм. Гэтэл нэг сцень нь ойролцоогоор 2-3 минут л үргэлжилж байгаа юм шүү дээ. Урт сцень бол 4-5 минут үргэлжилдэг. Тавхан хүний хэсэг кинонд бол үзэгдээд л өнгөрнө. Гэтэл түүнийг авахын тулд бид бүтэн өдөр зарж байгаа юм. Бүтэн нэг өдрийг хоёр гуравхан минутын зураг авалтад зарцуулна гэдэг их хүндрэлтэй асуудал шүү дээ. Халуунд зураг авна гэдэг чинь бас там. /Энэ үеэр нэг жүжигчин ирж кинонд хэрэглэгдэх таяг асуув./
-Кинонд ер нь янз бүрийн л юм хэрэг болно биз?
 
-Хөдөө хээр явахдаа бид мод, чулуунд барагтай бол гар хүрдэггүй. Зурган дээр хэрээнээс авахуулаад заавал орохгүй л бол болохгүй жижиг хэрэгслүүд маш их хэрэг болдог. Бид сая бугын толгой хийсэн. Жинхэнээс ер ялгагдахааргүй хийсэн шүү. Хүн харвал буга алчихсан байна гээд аягүй л бол биднийг 20 саяар торгож мэдэх юм. Хээрээс бугын ясан эвэр олоод ямааны арьсаар бүрж түүнийг хийсэн юм л даа. Түүнийг будаж шунхдаад ирэхээр яг л бугын толгой болчихож байгаа юм. Манай киноны зураачид их сайн ажилласан шүү. Зурган дээр бөөн зээр алчихсан юм шиг харагддаг. Гэтэл нөгөөх нь ямаа байх жишээтэй. Бид ямар байцаагч нарын нүдэн дээр ан хийлтэй нь биш дээ. /инээв/ Тийм юм зөндөө. Кино чинь ер нь үзэгчдийг “хулхидах” маягаар хийгддэг зүйл. Зурагтаар харахад яг л буга явж байна. Бид бас зохион бүтээгч нартай ярьж бөмбөгдөгч онгоц хийсэн. Тийм онгоц одоо хаана ч байхгүй. Тэр жижигхэн загвараа баахан нисгэж зураг авалтыг хийсэн дээ. Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээн дээр үзүүлбэр хийсэн тэр онгоц чинь шүү дээ. Түүнийг томруулаад зургийг нь авахад яг л жинхэнэ байлдааны онгоц шиг харагддаг.
 
-Кино хийнэ гэдэг үнэхээр том ажил юм аа.
 
-Манай киноны зохиолч Норов зохиолоо эхнээс нь бүгдийг уншиж үзчихээд над руу ярьсан юм. Тэгээд, “Түвшээ чи ер нь ямаршуу ажлын ард гарчихлаа гэж бодож байна?” гэж асуусан юм. Би хариуд нь, “Бид ч өөрсдөө дүгнэнэ гэж юу байхав. Ард түмэн л дүгнэнэ биз дээ, Норов ах минь” гэсэн чинь, “Би үзлээ. Мөн ч аймаар юмны ард гарчээ. Би ийм юм бичсэн гэдгээ ч мартчихсан байна” гэлээ. Би ч нээрэн тийм зураг авсан гэдгээ мартаж орхисон байна билээ. Монголын түүхэнд дахин ийм кино хийнэ гэдэг хэцүү. Ийм кино урьд нь хийгдэж байгаагүй. Цаашид ч хийхэд хэцүү. Бид маш том ажлын ард гарсан. Манай найруулагчдын баг гэхэд л тав, зургаан хүнтэй ажиллаж байна. Зураглаачийн багт мэргэжлийн хоёр оператор зураг авч байна. Тэд нарын ард тусгай гэрэлтүүлэгч, туслахууд ажиллана. Манай найруулагчийн багт би ерөнхий найруулагчаар, надтай хамт зөвлөх найруулагч, хоёрдугаар найруулагч, ассент найруулагч, туслах найруулагч, эвлүүлгийн найруулагч, дууны найруулагч гээд бүгд л өөр өөрийнхөө ажлыг хариуцан авч явдаг. Кино хийнэ гэдэг энгийн хүний нүдээр харахад их амархан ажил байх л даа. Гэвч тийм биш. Энэ сүүлийн зураг авалтын хувьд бид маш цөөхөн бүрэлдэхүүнтэй явж байна. Сүүлийн зураг маань их амархан дууслаа. Жишээ нь хувцас хэрэглэл дээр яах вэ гэж зовох юм байсангүй. Тиймээс найруулагч, эвлүүлгийн найруулагч хоёр маань эвлүүлэг дээр суугаад үлдсэн. Хилийн 0164 дүгээр ангид байрлаж, хоёр компьютер дээр зэрэг монтаж хийгдэж байгаа. Тэр хоёр тэнд сар гаран монтаж хийж байна.
Өрөөнөөсөө ч гаралгүй хувхай цайсан хоёр хүн л сууж байгаа. Ямар сайндаа л Хилийн 0164 дүгээр ангийнхан, “ийм хүмүүс байгаа юм уу?” гээд гайхаж байхав дээ. Зөвлөх найруулагчаар бид яагаад Нагнайдорж багшийг авав гэхлээр мань хашир чинь том том массовкууд тавьсан, энэ тал дээр хамгийн мундаг хүн байхгүй юу. Би жишээ нь гол дүрүүд дээрээ ажиллаж байгаа юм. Багш бол цаана нь болж байх ёстой тэр орчныг бүрдүүлдэг. Хар л даа, чи бид хоёрыг ярьж байхад энд ямар олон үйл явдал өрнөж байгааг. Амьдрал өөрөө тийм. Таашгүй. Кино ч гэсэн тийм л байдаг. Бүх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Аль тэртээх 1930-1940 оны орчин одоо хаана ч байхгүй. Тэр орчныг бид бүрдүүлдэг. 1960-аад оны байшин оллоо гэж бодоход түүнийх нь цонхны хүрээ, хаалганы бариул гэхэд л орчин үежчихсэн байх жишээтэй. Тийм ч учраас бид маш их чимхлүүр ажлуудыг хийх хэрэгтэй болдог юм. Ер нь бэлтгэл ажилд л гэхэд хоёроос гурван сар зарцуулагддаг. Групп зураг авч л байна, дараагийн групп харин дараагийн зураг авалтад бэлтгэж байдаг юм. Эхлээд зураачтайгаа яриад масштабаа гаргаад өгчихдөг. Юу ч байхгүй цулгуй газар ирээд л энд нь гурван гэр, цаад талд нь чулуун хороо, малын уяа байна гэх зэргээр босгоно. Түүнийг босгохын тулд бид наад зах нь анги, отрядынхонтойгоо ярина. Цаашлаад ХХЕГ-ынхантай ярина. Тэгээд түүнийгээ ангидаа татаж авчирна. Дараа нь зураг авах газарт авчирна гээд л ажил ундарна. Бидний ажил бол үнэхээр толгой эргэмээр их шүү.
 
-Киноныхоо найруулгыг яаж хийсэн бэ?
 
-Манай энэ кино дөрөв, таван жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн юм. “Тусгай салаа” хийгдэхээс өмнө. Тэгээд нэгэнт юм хийх гэж байгаа учраас судалгаа сайтай хийе гэж Норов ах бид хоёр ярилцаад жил орчим хилээр тойрсон. “Дархан хилийн мөнхийн аялгуу” гээд концерт хийсэн дээ? Тэр чинь сайндаа ч биш байхгүй юу. Яг үнэндээ судалгаа хийх журмаар зүгээр явж байхаар нэг юм хийчихье гэж шийдээд түүнийгээ том ажил болгож, Ц.Сэргэлэн генералтай ярьж байж энэ ажлыг хийсэн юм шүү дээ. Энэ чинь киноны урьтал байхгүй юу. Би хилийг эхлээд мэдрэх хэрэгтэй байсан. Үүний тулд л концерт хийсэн. Би харанхуй явж болохгүй, ямар ч газар намайг угтсан би мэдэж байх ёстой. Тийм учраас л зохиолчтойгоо жил орчим хил тойрон явсан даа. Ямар орчинд ямар онцлог үйл явдал болж өнгөрсөн бэ гэдгийг бүгдийг нь судалсан. Бид архивт сууж үзсэн, хилийн холбогдолтой бүх ном зохиолыг уншсан. Одоо бараг докторын зэрэг хамгаалахаар болсон шүү, яг үнэндээ. Кино хийхэд 60-70 хувь нь судалгаа байдаг байхгүй юу. Зохиол гарахын өмнө судалгаа хийнэ гэдэг хамгийн чухал. Хилийнхэн өөрсдөө ч мэдэхгүй баримт материалыг бид архив энэ тэрээс олж уншиж байгаа юм. Тэнд ийм онцлог байна, бид очиж харъя гээд ХХБ-ын удирдлагад товч төлөвлөгөө гарган танилцуулсан. Манай киноны нэг гол онцлог бол энэ киног салгаад монтажлахад 11 тэс өөр кино бүтнэ. Өөрөөр хэлбэл 11 өөр үйл явдал, 11 өөр газар орон, 11 өөр цаг хугацаа гарна. Үүнийг бид гол дүрүүдээрээ зангидаад нэг болгочихож байгаа юм л даа. Зохиолчийн ажлын хувьд маш хэцүү. Та нар манай хамгийн сүүлийн ангийн зураг авалтыг харж байна. Өмнөд хил дээр хууль бусаар эд зүйл хил давуулах зөрчил илэрч байхад хойд хил дээр малын хулгай гарч байгаа юм. Эднийг нэг ангид багтаана гэдэг зохиолчоос маш их судалгаа шаарддаг. Үүнийг базаж нэгтгэнэ гэдэг маш их хөдөлмөр юм.
 
-Ингэхэд та эдгээр судалгааг хийхээс өмнө цэргийн хэргийн талаар хэр мэдлэгтэй байв?
 
-Би ч зайлуул нэг жилийн цэрэг шүү дээ. Хилийн ба дотоодын цэрэг гэж байхад 805-д алба хаасан юм. Тухайн үед адилхан л 0164 дүгээр ангиас хангалтаа авдаг байлаа шүү. Би бэлтгэл ахлагч. Цэргээс бэлтгэл ахлагчаар халагдана гэхээр шаггүй цэрэг байсан байгаа биз?
-Энэ киноны төгсгөлд хил, хилчид танд ямар сэтгэгдэл үлдээв?
 
-Би сүүлийн гурван жил МҮОНТ-ийн найруулагч байж телевиздээ нэг ч нэвтрүүлэг хийгээгүй. Тэгэхээд хүмүүс гайхаж магадгүй. Би үнэнийг хэлэхэд сүүлийн гурван жил хилтэй холбогдлоо. Миний хажууд хилчдийг муулах ч юм уу, хилийн тухай таагүй нэг л юм ярихад би яг хилчид шиг их эмзэг хүлээж авдаг болчихсон. Хил дээр ямар нэг юм боллоо гэхэд би маш их эмзэглэдэг. Яагаад гэвэл би сүүлийн гурван жил хилчид та нартай л адилхан хилийн тогооноос хоол идэж, хамт ажиллаж явна. Яг үнэндээ хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой ч юм уу, Мана уул, Нөмрөгийн гол зэрэг түүхэн газар очиход ийм газар нутгийг авахын төлөө амиа өргөхгүй яахав дээ гэж бодогддог юм. Үүний төлөө амиа өгсөн хүмүүсийн зориг тэвчээр бол гайхамшигтай. Бид хилийн заставууд дээр өвөл ч, зун ч очиж байлаа. Би түрүүнд хэллээ шүү дээ, ямар их тэсвэр тэвчээр шаардагддагийг. Гэтэл бидний явах юу ч биш л байхгүй юу. Бид тэнд нэг сар байж зураг авчихаад л яваад өгнө. Гэтэл тэнд алба хааж байгаа цэргүүд, офицерууд, ахлагч нар маань хэдэн жил ажиллаж байгаа билээ? Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд баршгүй. Би хилчдийн хөдөлмөрөөр үнэхээр бахархдаг. Би Орвог гашууны бор толгой дээр гараад уйлж байсан. Нулимс тогтдоггүй уйлаад байдаг, манайхан бүр гайхаж орхисон. Үгүй тэнд чинь уйлахаас өөр яах юм бэ. Би эх орны хамгийн урд цэг дээр байна. Энэ газрыг хамгаалж байгаа хилчид дээр очиж байгаа хүн шүү дээ. Манай багийнхан ярьдаг юм аа. “Бид энэ киног хийх азтай хүмүүс юм” гэж. Бид үнэхээр үүнийг л хийх тавилантай хүмүүс. Бид үүнийг л хийх гэж төржээ. Манай киног өөр хүмүүс хийлээ гэхэд бидэн шиг хийгээ ч үү, үгүй ч үү. Яахав адилхан л найруулагч, зураглаач, зураач хүмүүс ажиллах байсан байх. Гэхдээ бидэн шиг мэдэрч хийх үү, үгүй юу. Манайхан үнэхээр хилчдээс ялгарахааргүй болсон. Бид их сонин сонин санаачлагууд гаргаж л явдаг юм. Монголынхоо хилээр явахад наад зах нь хятадын тал их сайхан харагддаг. Нэг их гоё тортой. Гэтэл манай тал хамаг мод нь шатаад дуусчихсан, наад талын тор нь бүгд салбайгаад уначихсан харагддаг. Түүнийг цементлэчихэд болдоггүй юм уу? Уг нь улс чадна шүү дээ. Улс чаддаггүй юм бол ард түмэн өөрсдөө хүчтэй. Телевизээр нэг сурталчилаад, байгууллагуудад уриалга гаргачихвал болохгүй гэх газаргүй. Киноны дараа том том ажлууд хийе гэсэн бодол бидэнд бий. Хил маань хаалттай байгаа учраас л нэг цэрэг зүү залгисны төлөө хилийн цэрэг тэр аяараа буруутгагдана гэдэг утгагүй асуудал. Кино дууссаны дараа би Хил хамгаалах байгууллагыг сурталчилах тал дээр өөрийн саналаа хэлнэ гэж боддог. Би хилийг хаяхгүй. Цаашид ажлаа үргэлжлүүлнэ, өөрөө амждаггүй юм гэхэд залуучуудаа ажиллуулна. Одоо чинь бид ард түмэнтэйгээ хамт хилээ хамгаалмаар байна шүү дээ. Хүмүүсийг хилийн зөрчил гаргаж болохгүй гэж хориглохын оронд сэтгэхүйд нь зөрчил гаргаж болохгүй юм байна гэсэн ухамсрыг суулгаж өгөх ёстой юм.
-Хил тойрч явахад үүнийг л ажил хэрэг болгоё гэсэн санаанууд хэр их гарч байна?
 
-Өө зөндөө. Пээ, хил гэдэг чинь өөрөө тэр чигтээ кино. Түүх. Уран бүтээлч хүний шунал гэдэг чинь тэр юм л даа. Нэг заставын амьдралыг харахаар л кино хийчихмээр гоё сэдвүүд гараад ирнэ. Харуул дээр хүртэл бүхэл бүтэн кино хийчихмээр санагддаг юм. Хил бол маш баялаг талбар. Зүгээр л хүн гэдэг утгаар нь, байгаль цаг уур, бүгдийг оролцуулаад кино хийхэд хангалттай. Би өөрийгөө хилийн тухай кино хийж байна гэж ерөөсөө бодохгүй байгаа. Хил байна гэдэг чинь Монгол Улс байна гэсэн үг. Яг үнэндээ манай кино бол Монгол Улсын 80 жилийн түүх юм. Хил гэдэг чинь нийгмийн тусгал. Ард түмэн яаж амьдарч байна, тэр бүхэн хил дээр болж байгаа үйл явдлууд дээр тусна. Зах зээл эхэллээ. Юуны наймаа цэцэглэв? Хил дээр ямар зөрчил гарч байна вэ гэдэг бол нийгмийн цэвэр тусгал. Тийм ээ, хил бол нийгмийн толь. Та бүхэн манай киног хараарай. Чойбалсан, Сталин, Цэдэнбал бүгд гарна. Хилийн асуудлыг хоёр улсын Засгийн газар хооронд шийдэж байна. Энэ бол зөвхөн хилийн түүх биш Монгол Улсын түүх юм шүү дээ. Ерөөсөө хилийн түүх гэдэг чинь Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг асуудлын үндэс суурь нь юм.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Ж.ОЮУН-ЭРДЭНЭ

Н.ЭНХТҮВШИН: Монголын түүхэнд дахин ийм кино хийгдэнэ гэдэг хэцүү  
Үзсэн: 7495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2013-09-11 12:39
Erdenetsagaanii otryad goy shuu 0146-r otryad gej huuhed nas mini tend ungurluu gej
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2013-09-11 12:27
Эрдэнэцагааны отрядод байсан маань санагдаад нэг л сонин, сайхан болчихлоо.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2013-09-11 08:33
Сайхан кино бүтэж байгаан байна даа, бүгдэд нь амжилт хүсье
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-11 01:54
Teneg garuu uguh yu
175.38.204.xxx [175.38.204.xxx] 2013-09-10 23:03
hurdan uzeh yumsan. Umnugoviin Tsagaan Uuliin zastavd haasan maani bodogdood uilah duhluu. Hil aguu. unen unen
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2013-09-10 20:19
үнэхээр мундаг ок

Бидэнтэй нэгдээрэй