Шууд Chart

Прагийн амьтны хүрээлэнгээс тусгай зориулалтын машин бэлэглэв

2015-10-09 16:06:02

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 500 гаруй тахь байдаг. Түүний 200 орчмыг нь Говийн их дархан газрын “Б” хэсэгт үржүүлж байна.  1.2 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан өргөн уудам нутагт тахь үржүүлж, байгаль хамгаалж байгаа мэргэжилтнүүдэд Прагийн амьтны хүрээлэнгээс машин бэлэглэлээ.

Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 10 гаруй мэргэжилтэн ажилладаг. Тэдний хувьд гэрэл цахилгаан хүрээгүй, суурьшлын бүсээс хол хязгаар нутагт амьдардаг. Энэ өвөл цаг агаар хүйтэрч, хүнд өвөл болно гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа үед, туулах чадвар сайтай, хөдөөгийн нөхцөлд таарсан хурдан унаатай болж байна. Прагийн амьтны хүрээлэнгээс санаачлан Б хэсгийн ажилчдын ундны усны асуудлыг ч шийдэж өгөхөөр болжээ.

Манай улсад 1990 оноос хойш тахь нутагшуулж эхэлсэн. Цэргийн тээвэрлэгч онгоцоор Праг хотоос 5 удаа тахийн гүү авчирч Говийн их дархан газарт тавьсан. Дэлхийд зэрлэг хэвээрээ үлдсэн тахийн сүргийг хамгаалахдаа, байгаль хамгаалагчдын хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, амьдралын нөхцөлийг сайжруулахад түлхүү анхаарч байгаа юм.

Энэ талаар Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирислов Бобэк "Энэ бол тахь хамгаалах чиглэлээр бидний өгч байгаа 2 дахь машин. Туулах чадвар сайтай, хойноо идэш тэжээлээ ачаад явах бололцоотой гээд байгаль хамгаалагчдын ажлыг хөнгөвчлөх унаа. Зөвхөн унаа машинаас гадна бид байгаль хамгаалагчдынхаа амьдрах орчныг сайжруулах зорилгоор Говийн их дархан газрын Б хэсгийн Бийжийн аманд эмнэлэг байгуулсан. Цаашдаа ч хүний хөгжилд түлхүү анхаарна" гэж ярилаа.

Бүгд найрамдах Чех улсын зүгээс Монгол Улсад 49 сая америк долларын төсөл хөтөлбөр, тусламж үзүүлсэн байдаг. Тухайбал, байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүүхдүүдэд зориулсан экологийн сургалт зохион байгуулах зэрэг байгаль орчинд чиглэсэн төсөл хөтөлбөр түлхүү хэрэгжүүлсэн гэж байна.

Праг хотын амьтны хүрээлэн тасалбар бүрээсээ 80 төгрөгийг тахь хамгаалах үйлсэд зарцуулдаг байна. 2016 онд Прагийн амьтны хүрээлэнгээс болон Хустайн нуруунаас Говийн их дархан газарт тахь тээвэрлэн авчрах юм байна. Ийнхүү тахийг олон газар нутагшуулж байгаа нь амьдралын чадварыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай болгодог байна.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Прагийн амьтны хүрээлэнгээс тусгай зориулалтын машин бэлэглэв  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй