
“Босго, тотго” киноны сүүлчийн хэсгийн зураг авалтууд ХХЕГ дээр явагдаж байх үеэр нэгэн хошууч генерал сүр бараатайгаар энэ тэрүүгээр алхалж, манайхан ч босож ёслоод л, тойрч зугтаагаад бөөн юм болов. Миний бие энэ үеэр мөн ХХЕГ-ын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан тул “улаан кант”-тай генералыг бууж ирмэгц уулгамч юм шиг годхийн босож ёслох зуураа хууртагдсанаа ойлгосон юм даа. Тэр бол хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин МУСТА Г.Золбоот байв. Дэлгэцийн урлаг гэдэг агуу юм шүү. Нээрэн л түүнийг хэн Хилийн цэргийн командлагч, хошууч генерал биш гэх вэ дээ. Манай кинонд манай командлагч ийм л дүрээр тодорч байгаа юм чинь...
-Сайн байна уу, генерал аа. Дээр ямар зураг аваад байгаа юм бэ?
-Хилийн зөрчил гарсан тул түүнийг яаралтай илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авч байгаа хэсгийн зураг авалт явагдаж байна аа.
-Хилийн цэргийн командлагч, хошууч генерал өөрөө хилийн зөрчил илрүүлэхэд оролцохыг бодоход хил дээр маш том зөрчил гарчээ дээ?
-Тийм, их том хэрэг. Хурдан угсааны адуу хил давж орж ирж байгаа юм. Одоогоор түүнийг таслан зогсоохоор ажиллаж байна даа.
-Сүүлийн үед хилийн зөрчлийн агуулга, хэлбэр улам нарийсч зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна. Хилийн зөрчил гэдэг зүйлийг энгийн хүний хувьд та юу гэж ойлгодог вэ?
-Үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй юм байна. Зураг авалтын явцад харж байхад хилээр орж ирж буй гэмт хэрэг нь ерөнхийдөө зохион байгуулалттай, “дээгүүр, доогуур” хүмүүстэй холбогдсон маягтай зөрчил гардаг юм. Тэгэхээр ер нь элдэв ёс бус наймаа нь манай эрхэм ноёдуудтай л холбоотой юм болов уу гэж бодож байна. Улс гүрэн дамжсан том хэргүүд, контрбанд ингэж л гардаг байх.
-Хилийн албаны талаар та ямар төсөөлөлтэй байдаг вэ?
-Уран бүтээлч хүнийхээ хувьд хилийн заставуудаар тоглолт хийж хэд хэдэн удаа явсан. Манай хилчин залуус үнэхээр гайхамшигтай хилээ хамгаалдаг юм билээ. Заставын дарга л гэхэд залуухан сайхан дарга. Биднийг тоглох үеэр хилчид хил хамгаалалтынхаа тухай, хилчин хүний жаргал, зовлон гээд бүх л юмаа ярьдаг. Тухайн үед хил хамгаалалтыг зохион байгуулж байгаа заставуудын үйл ажиллагаатай танилцахад надад үнэхээр гайхамшигтай санагдсан. Монголын дайчид, монголын дархан хил гэдэг үнэхээр агуу юм байна даа гэсэн бодол төрж байсан даа.
-Та цэргийн алба хааж байсан уу?
-Би Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа 45 хоногийн офицерийн дамжааг дүүргэж бэлтгэл дэслэгч болж ирсэн юм. Дараа нь МҮОНРТ-ийн “Тусгай салаа” кинонд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн орлогчид тоглоход надад бэлтгэл дэд хурандаа цол өгсөн юм. Харин өнөөдөр хошууч генералын хувцас өмсчихөөд зогсож байна. Бас горьдож л байна. /инээв/
-Таны тоглосон кинонууд дунд цэргийн амьдралтай холбоотой, цэргийн хүний дүр бүтээсэн хичнээн кино байдаг вэ?
-Цэргийн гэвэл... “Мойлхон сахиус” киноны Мархай гэж До яамны залуу дэслэгчийн дүр бий. Мөн цагдаагийн “Амилсан чөтгөр” кинонд ахмад цолтой, “Тусгай салаа” киноны ангийн орлогчоор дэд хурандаа цолтой тоглож байлаа. Харин хилчдийн 60 ангит кинонд хошууч генерал болчихсон явна даа. Жижиг туслах дүрүүд ч бас бий нь бий.
-Цэргийн хүний дүр авахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Гоё шүү. Би урьд нь ЦЕГ, ЗХЖШ-ын кинонд тоглож байсан. Одоо Хилийн цэргийн том генералын дүрд тоглож байгаадаа баяртай байна. Ер нь уран бүтээлч хүн, тэр тусмаа эр хүний хувьд ийм сайхан дүрд тоглохгүй байх аргагүй юм. Би XIII, XVIII зууны үеийн түүхэн кинонд ч хүч сорьж үзсэн. “Үхэж үл болно Чингис хаан” киноны Боорчийн дүр, Өвөрмонголын Баасан ахтай хамтарсан “Аравт” кинонд Хөхтөмөр хааны хүү Хархор жанжны дүрд тоглосон. Мөн Казахстаны 25 жилийн ойд зориулсан “Мянган хөвгүүд” буюу “Талын баатрууд” кинонд баатрын дүр бүтээсэн.
-Улаан канттай генералын өмд, хувцас өмсчихөөр хүмүүс танаас их сүрдэж байна уу?
-Үнэхээр гайхамшигтай юм. Мэдээж энэ чинь Хилийн цэргийн мундаг том хошууч генералын хувцас шүү дээ. Намайг сая шатаар уруудаж байхад шатны завсраар нэг хүн харагдаж байснаа миний кантыг хараад буцаад зугтааж байна лээ. Шатны завсраар миний өмдний кант л харагдана шүү дээ. Тэгэхээр энэ чинь мундаг хүндлэл биз? Би сая тамхи татахаар гарахдаа кителиэ тайлдаг юм уу гэснээ өмдний кантаас тэртээ тэргүй айх юм чинь гээд кителиэ өмсчихлөө. Тэгэхээр энэ генерал гэдэг цол Монгол Улсын хилчний мундаг том цол хэргэм юм. Үнэхээр цэрэг, армид ажилладаг хүн бол дальдрахаас өөр аргагүй цол юм даа гэдгийг мэдэрч байна.
.jpg)
-Таны бүтээж байгаа хошууч генералын дүр ер нь ямархуу зан араншинтай хүн бэ?
-Би анх удаа зурганд орох гээд л зогсож байна. Хошууч генерал маань нэлээд зөөлөн, цэрэг дайчидтайгаа их гоё зөвшилцөж ярилцдаг, эх оронч, болохгүй юманд нь командлагч нь тусалъя гэсэн эелдэг сайхан зан чанартай, эерэг харилцаатай хүн юм. Зохиол дээрээс нь харж байхад “Нөхдүүд яахаараа ингэдэг юм” гэсэн хатуу догшин ааш араншин энэ генералын хувьд харагдахгүй л байна.
-Хошууч генерал маань удахгүй хилчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах байх. Таны хувьд өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Бас ОБЕГ-ын 50 ангит кино хийгдэж байгаа шүү дээ. Энэ кинонд би нэг ангийн захирагчийн дүр бүтээж байгаа. Ер нь ингээд бодохоор цэргийн дүрүүд маш их болсон байгаа биз? Тоглосон киноны хувьд гэвэл 50 гаруй МУСК-д тоглолоо. Цуврал гэвэл тав зургаан кино байна. Хамгийн анх “Эзэнгүй айл”-аас эхлээд “Тусгай салаа”, “Огцом эргэлт”, “Босго тотго” гээд нэрлэгдэж байна даа. Нийт тоглосон кино маань 300 гаруй болоод байна.
-Бид нэгэнт хил, эх орны тухай ярилцаж байгаа болохоор танаас нэг асуулт асууя. Та гадаад руу олон явж байсан байх л даа. Тэр бүрт хилчид таны паспорт, бичиг баримтыг шалгаж үдэж, угтдаг шүү дээ. Эх орныхоо хилийг давах, эргэн ирэх мөчид танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Хамгийн гоё юм чинь л тэр байдаг юм билээ. Давахад жаахан “гуриа” байдаг юм аа. Хаяад явчих гэж байгаа ч юм шиг. Ирэхэд бол хичнээн сайхан гээч. Ер нь бол Монголынхоо хилээр их олон орж, гарч байсан. Их урлагийн буян гэж байдаг байх л даа. Ороход “Сайн байна уу” гээд инээмсэглэж угтдаг, явахад “Сайн яваарай” гээд хүндэтгэн үддэг юм. Манай хил, гаалийнхан их сайхан шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд эх орноосоо гарах дургүй. Гадаадад очоод 14 хонож ч чаддаггүй. Гарахад бол яваа ч үгүй байж санах маягтай, харин орж ирэхэд гадаад яваад ирсэн их сүрхий хүн л орж ирдэг юм. Гадаадын хил, гааль дээр биднийг хэн гэж тоохов дээ. Ёстой л Монгол Улсын иргэн гэдэг паспортоороо л орж, гарч байдаг. Харин эх орныхоо хил, гааль дээр ирэх гоё шүү дээ. Сайхан харилцаатай явдаг найз нар ч бий, дүү нар ч бий. Манай Чингис хаан олон улсын нисэх буудал дээр л гэхэд “Долоон бурхан харвадаггүй” киноны жанжин маань /Хилийн 0218 дугаар ангийн хилчин шалгагч Д.Эрдэнэмөнх/ байж байх жишээтэй.
-Та хилийнхээ багана дээр очиж байсан уу?
-Очиж мөргөж байсан шүү. Булганы Тэшигийн отрядын дөрвөн заставт очиж, сүлдэт баганадаа мөргөж байлаа. Дараа нь Сэлэнгийн Зэлтэр, Увсын хилийн хэсгийн сүлдэт баганадаа мөргөж явсан. “Эр хүн байна, сүлдэт баганадаа мөргөөд яв” гээд хилчид маань дагуулан авч явж байлаа. Үүнээс цааш хүний нутаг шүү гэж бодохоор сонин л харагддаг юм билээ. Гэхдээ манай нутаг ч юм шиг, голоор нь яах аргагүй тор татчихсан, сүлдэт багана байж байгаа болохоор энэ нь манай нутаг, энэ нь хүний нутаг юм байна даа л гэж ойлгож байгаа юм чинь.
-Сүлдэт баганадаа мөргөхөд ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Нулимс гарна шүү. Их гоё. Торгон хил дээр ирж сүлдэт баганад мөргөнө гэдэг чинь тэр болгон эр хүнд тохиогоод байх аз биш. Их урлагийн буянд л очиж мөргөж байна даа гэж боддог. Их урлагийн буяндаа мөргөдөг, торгон хилдээ мөргөдөг. Торгон хилийн сүлдэт багананд мөргөхдөө би хийморь минь сэргэлээ гэж ойлгодог доо.
-Таны бодлоор эх орон гэж юу вэ?
-Хүн болгон эх орынхоо талаар ярих дуртай байдаг. Онгон дагшин байгаль нь юу юунаас илүү сайхан. Хүмүүс гадаад яваад ирэхдээ ярьдаг л даа, “Ийм, тийм сайхан газраар очиж үзсэн үү?” гээд л. Харин би өөдөөс нь, “Чи Монгол орныхоо 21 аймаг, 360 сумаар явж үзсэн үү?” гэж асуудаг юм. Тэгэхээр “үгүй” л гэдэг. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүн. Унасан нутаг, угаасан ус минь юм даа. Төрсөн нутгийн байгаль гэдэг хүний бурхан юм гэж би ойлгодог. Газрын зурагт багтаж байгаа эх орон минь миний бурхан шүү дээ.
-Та эх орныхоо бүх аймаг сумдаар явчихсан юм уу?
-Өө, жилд хоёр удаа тойрдог гээд л бодохгүй юу. 21 аймаг, 360 сумдаар үндсэндээ ах нь 24 жил тойрлоо шүү дээ. Хаана ямар газар байдгийг бүгдийг нь хэлж өгч чадна шүү.
-Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг?
-Сайхнаар барах уу. Энд чинь л хамгийн сайхан нь бий шүү дээ. АНУ-ын Чикаго, Сан-Францискод очоод надад нэг их сайхан санагддаггүй. Мэдээж гоё харагддаг л даа. Гэхдээ нэг л бүгчим оргиод, даралт ихсээд, зүрх дэлсээд байх шиг санагддаг. Монголдоо ирэх л сайхан. Ядаж л нисэх дээр ирэхэд ачаа тээш зөөдөг төхөөрөмж нь гацаж байгаа нь хүртэл сайхан харагддаг юм ш дээ. /инээв/ Гадаадынх мэдээж гацахгүй шүү дээ. Манайх бол тэгээд хөөрхөн түгжрээд гацчихдаг.

-Жүжигчин хүний хувьд таны амьдрал үнэхээр сонин, адал явдалтай баялаг байх юм. Нэг өдөр хилчин генерал, нэг өдөр онцгойгийн хурандаа болоод л.
-Урлагийн улс чинь тийм шүү дээ. Урлагийн мэргэжил сонгоогүй байсан бол би нэг л мэргэжлээрээ ажилласаар явах байсан. Уран бүтээлч хүн гэдэг мэргэжил бүхэнд тоглодог юм. Хүн хүний мэргэжилд судалгаа хийнэ, мэргэжил бүхэн л хэцүү. Урлагийн хүний хувьд олны танил болдог нь сайхан.
-Гэр бүлээ танилцуулж болох уу?
-Манай гэр бүлийн хүн хувиараа ажил эрхэлдэг. Бид нэг хүүтэй. Хүү маань Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг төгссөн. Одоо аавыгаа дуурайгаад СУИС-ын кино драмын ангийн гуравдугаар дамжаанд суралцаж байна.
-Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлье гэж зорив?
-Би уг нь сайхан морин хуурч болгоё гэж бодсон юм. Харин хүү маань жүжигчин болох замыг сонгожээ. Манай АЖ Дагиранз гуайг үзэгч түмэн сайн мэднэ. Дагиранз гуай маань сайхан хуур тоглодог, ерөөл магтаал хэлдэг мундаг хүн шүү дээ. Хүүгээ би Дагиранз гуайн шийрийг хатаах сайн хуурч, ерөөлч магтаалч, жүжигчин хүн гарах болов уу гэж бодож байна даа.
-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа.
Ж.ОЮУН-ЭРДЭНЭ
Г.ЗОЛБООТ: Үнэхээр цэрэг, армид ажилладаг хүн бол дальдрахаас өөр аргагүй цол юм даа | ||
Үзсэн: 7443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.