Шууд Chart

Татварын дарамт ба шатахууны үнэ

2015-10-14 15:10:17

Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 50 гаруй хувиар буураад байна. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард нэг баррель газрын тос 106 ам.долларын ханштай байсан бол одоо 50 орчим ам.долларын ханштай байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ийн буурч байгаатай холбоотойгоор шатахууны хилийн үнэ дагаад буурчээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард нэг тонн шатахууны хилийн үнэ 1011 ам.долларын ханштай байсан бол одоо 600 ам.долларт багтаж байна. Шатахууны хилийн үнэ ийнхүү буурч байхад дотоодын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ яагаад буурахгүй байна вэ. Газрын тосны газрынхан үүний гол шалтгааныг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Нэг талаас хилийн үнэ буурсантай холбоотойгоор шатахуун импортлогчдыг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.8 хувийн хүүтэй зээлд хамруулахаа больж, энэ оны эхнээс 16-18 хувийн хүүтэй зээлд хамруулах болжээ. Нөгөө талаас шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор манай улс уг бүтээгдэхүүнд ногдуулах импортын болон гаалийн албан татвараа өсгөсөнтэй холбоотой гэнэ. Тухайлбал, Засгийн газрын энэ оны 18-р тогтоолын дагуу алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортолж байгаа А-80 автобензинд тонн тутамд нь 252 мянган төгрөгийн, А-92 автобензинд 259 мянган төгрөгийн, дизелийн түлшинд 265 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж эхэлсэн.

Үүнээс гадна Засгийн газрын энэ оны 65-р тогтоолоор шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг таван хувь болгож нэмэгдүүлсэн юм. Эдгээртэй холбоотойгоор шатахууны үнэ дорвитой буурахгүй байгаа ч өнгөрсөн сараас эхлэн Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаар жижиглэнгийн шатахууны үнэ 60 төгрөгөөр буурсан. Мөн алслагдсан нутгуудаар импортолж байгаа шатахуун онцгой албан татваргүй орж ирж байгаа учраас баруун бүсийн аймгуудад шатахууны үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурчээ. Харин шатахууны бөөний үнийн тухайд литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан болохыг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Шалтгааныг нь Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ингэж тайлбарлаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжид бөөнөөр борлуулж байгаа шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг болжээ. Ийнхүү дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 50 орчим хувиар буурч, тэр хэрээр шатахууны хилийн үнэ хямдарч байхад дотоодын зах зээлд автобензины бөөний үнэ литр тутамдаа 300 гаруй төгрөгөөр буурсан төдий байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор гаалийн болон онцгой албан татварыг энэ онд өсгөсөн учраас шатахууны үнийг үүнээс илүү бууруулах бололцоо хомс гэдгийг импортлогчдын зүгээс хэлж байгаа. Тэгвэл нөхцөл байдал ийм байхад шатахууны импортын болон онцгой албан татварыг дахин өсгөхөөр төлөвлөснөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа.

Энэ онд манай улсын төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах төлөвтэй байгаа. Тиймээс орлогын тасалдлыг нөхөхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний импортын болон онцгой албан татварыг нэмж 400 гаруй тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдүүлэхээр 2015 оны төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Тухайлбал, А-80 автобензины онцгой албан татвар тонн тутамдаа 252 мянган төгрөг байгааг 452 мянган төгрөг болгож өсгөх,  А-92 автобензиний татварыг 259 мянган төгрөг байгааг 459 мянган төгрөг болгож өсгөх, дизелийн түлш 265 мянган төгрөг байгааг 565 мянган төгрөг болгож өсгөхөөр төлөвлөжээ. Татварын хувь хэмжээг ингэж өсгөхөөр төлөвлөж байгааг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

2015 оны төсвийн тодотголын төслийн дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр шатахуунд ногдуулах импортын болон онцгой албан татварын төлөвлөгөөнд ямар өөрчлөлт орох талаар эргэн мэдээлэх болно.

Нийтэлсэн: А.Энхтуул

Татварын дарамт ба шатахууны үнэ   
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-17 20:24
Газрын тосны газрын дарга гэж мануухай нөгөө л өөрт нь ашигтай хаялагтай нефт импортлогч компаниудаа л өмөөрч хамгаалахаас өөр юм ярьдаг юм уу. Тийм л байсан юм бол татвар нэмнэ гэж төлөвлөхөөс нь өмнө бодитойгоор хямдаруулахгүй яасан юм бэ.Тийм боломж угаасаа байсанштээ. Ард түмэн тэнэг бишшүү.
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2015-10-16 09:05
сайханбалаг сдаак зайлаачээ.сөхөрсөн ард түмэн чинь хямд бензин хэрэглэж болохгүй юу? баярцогт та 2 яахав авилгалаар тасархай баяжчихсан бензин хэд байсан ч яахав.

Бидэнтэй нэгдээрэй