
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг угтсан ажлын түвшний яриа хэлэлцээний сүүлийн шат өчигдөр эхэллээ. Германы Бонн хотод зохион байгуулж байгаа ажлын түвшний яриа хэлэлцээгээр 150 орчим улс НҮБ-д өргөн барьсан хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах төлөвлөгөөг заавал биелүүлэх шинжтэй байх эсэх асуудлыг хөндөх юм байна. Энэ яриа хэлэлцээнд оролцогч орнууд дэлхийд нийт хүлэмжийн хийн 90 хувийг ялгаруулдаг юм байна.
Түүнчлэн яриа хэлэлцээнд хүлэмжийн хий ялгаралтыг бууруулсан эсэхийг шалган баталгаажуулах тогтолцоог хэрхэн үүсгэх талаар хэлэлцэнэ. Мөн энэ хэлэлцээгээр хөгжиж буй орнуудад хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хор хохирлыг арилгахад зориулан олгох санхүүгийн тусламжийн хэмжээг хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна. Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнууд энэ асуудлаар маргаантай байр суурь баримталж байгаа юм.
Хөгжиж байгаа орнууд аж үйлдвэржсэн орнуудын адилаар хүлэмжийн хий бууруулах үүрэг амлалт хүлээх ёстой хэмээн өндөр хөгжилтэй орнууд үзэж байна. Харин хөгжиж байгаа орнууд энэ ажилд санхүүгийн туслалцаа шаардлагатай хэмээн маргаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал ирэх сарын 30-нд Парист эхэлнэ. Уг хурал дээр олон улсын төлөөлөгчид Киотогийн протоколыг орлох олон улсын хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах шинэ конвенцийг хэлэлцэн батлах юм. 2020 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх Киотогийн протоколоор зөвхөн өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хий бууруулах үүрэг амлалт авсан юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна | ||
Үзсэн: 364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.