Шууд Chart

Дэлхийд зартай шоронгууд

2015-10-21 17:40:07

Гуантанамогийн цэргийн бааз бүхий шорон

…АНУ энэхүү цэргийн баазыг 1898 онд болсон Испани-Америкийн дайны үеэр тэнгисийн цэргийн бааз хэлбэрээр ашиглаж эхэлснээс хойш мэдэлдээ байлгаж байгаа. Энэхүү цэргийн бааз нь шоронгийн зориулалтаар ашиглагддаг. Хамгийн сүүлд цэрэг дайны зориулалтаар түрээслэх тухай шинэчилсэн гэрээг 1934 онд хийжээ. 50 хөлөг онгоц, 1500 цэргийн албан хаагч тэндхийн “эзэн”...


Гуантанамод 2002 оны нэгдүгээр сараас эхлэн олон улсад зартай террористуудыг “хадгалж” эхэлсэн байна. Хамгийн анх Афганистанаас талибаны 20 дайчин энд хүргэгдэн иржээ. 2002-2006 оны хооронд энд “үйлчлүүлэгч” гадаадынхны тоо 750 болтлоо өссөн бол тэд зөвхөн Афганистан, Иракаас л ирсэн байх юм. “Аль Каида”, “Талибан”-ы дайчид…

Оросын хоёр иргэн ч бий. Саудын Арабын 132, Афганистаны 125, Йемений 107 хүн байдаг. Гэхдээ энэ хугацаанд тэднээс 250 нь суллагдаж эх орондоо хүргэгдсэн байна. Одоогоор уг шоронд 490 хүн хоригдож байгаа аж. Энд хоригдож байгаа ялтнууд нь цэргийн гэмт хэрэгтэн, алуурчин гэдэг утгаараа өндөр хараа хяналт, онцгой дэглэмд ял эдэлдэг байна.


Иракийн Абу-Грейб… /араб. أبو غريب /

Багдадаас баруун зүгт 20 км-т орших Абу Грейб хотод байрладаг тус улсын хамгийн том, бас хамгийн чанга дэглэмтэй шорон. Иракийн экс-удирдагч агсан Саддам Хуссейний шууд мэдлийн шорон ч гэдэг. Харин Америкчууд тус улсад хараа хяналтаа тогтоосноос хойш Иракийн алан хядагчид, цэргийн гэмт хэрэгтнүүд тэндхийн “үйлчлүүлэгч” болоод байгаа. 1984 онд Саддамын тушаалаар уг шоронд хоригдож байсан дөрвөн мянган хүнийг цаазалсан.

Тухайн үед Иракийн аюулаас хамгаалах тусгай албыг толгойлж байсан Саддам Камель улс төрийн хоригдлуудыг цаазлах ажилд биечлэн оролцдог байжээ. Хоригдлуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарласан байдаг байв. Персийн булангийн дайны үеэр Абу Грейбд Америкийн олзны цэргүүдийг хорьж, зэрлэгээр тамладаг байсан юм.

Харин 2006 оны гуравдугаар сарын 9-нд Америкийн цэргийн удирдлага тус шоронг хаах шийдвэр гарган тэнд байсан хоригдлуудыг Иракийн бусад шоронгууд руу илгээсэн байна. Харин тэр оныхоо есөн сард шоронг Иракийн Засгийн газрын мэдэлд бүрэн шилжүүлсэн аж. АНУ-ын цэргийн албан хаагчид хоригдлуудтай зүй бусаар харьцаж байгаа ихэнх гэрэл зураг, бичлэг энэ шоронд хийгдсэн юм. Үүнтэй холбоотой 12 цэргийн албан хаагч буруутгагдан шийтгэлээ хүлээгээд байгаа.


“Домогт” Алькатрас…

…Энэхүү The Rock буюу “хад” хэмээгддэг Алькатрас арал Калифорнийн Сан-Францискод оршдог. Уг арал дээрх цэргийн шоронд оргон зайлах өндөр магадлалтай онц хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хорьдог байлаа. Харин одоо бол Алькатрас нь музей болоод байгаа билээ...

Аралыг нээснээс хойш буюу 1861 оноос тус арал дээр Америкийн анхны иргэний дайны үеэр бүх мужаас ирсэн цэргийн олзлогдогсдыг авчран хорьж байсан бол 1898 онд Испани-Америкийн дайны үед хоригдлуудын тоо 26-аас 450 болтлоо өссөн байна. Харин 1906 онд хотын бараг ихэнх хэсгийн сүйтгэсэн газар хөдлөлт Сан-Францискод болох үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс бусад төрлийн гэмт хэрэгтнүүдийг арал дээр олноор шилжүүлэн авчирч байв. Харин 1920 он гэхэд арал дээр гурван давхар шоронгийн барилга барьж дууссан бөгөөд нэг сул өрөө үлдээгүй гэдэг. Маш хатуу чанга дэглэм үйлчилж байсан уг шоронд 1920 оны сүүлээс дэглэмийг бууруулж бейсболын талбай байгуулж бүр хоригдлуудыг хувцас хэрэглэлтэй ч болгож. Баасан гарагийн үдэш болгон хоригдлуудын дунд бооцоотой боксийн тэмцээн зохион байгуулдаг болсон гэдэг. Уг тэмцээнийг үзэхээр Сан-Франциско хотоос ч зочид ирдэг болжээ.

Гэвч 1934 онд Америкийн Батлан хамгаалах яам уг шоронг маш их зардал өртөгтэй хэмээн үзээд хаах шийдвэрийг гаргасан байлаа. Гэтэл 1920-1930-аад оны их хямралын үеэр зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл тус улсад асар ихээр бий болж зэвсгийн наймаа, архины хууль бус худалдаа газар авч эхэлжээ. Томоохон мафийн бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө дайн зарласнаар энгийн иргэдийн амгалан тайван байдал бүр амь насанд ч ноцтой аюул тулгарч эхэлсэн юм. Гангстерууд бараг бүх хотын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж байсан цаг үе.

Иймээс тэдний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахын тулд Засгийн газар Алькатрасыг эргэн нээж ингэхдээ холбооны шоронгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болжээ. Гэмт хэрэгтнүүдийг шийтгэх, хашраах гол аргын нэг нь энэ байлаа. Ингээд шинэ Холбооны шоронгийн захирагч Санфорд Бэйтс, ерөнхий прокурор Гомер Каммингс, Роберт Берж нар шоронг шинэчлэх, хамгаалалтыг өндөржүүлэх, барилгын бүтцийг сайжруулах төсөл дээр ажиллаж эхэлжээ. Үүний үр дүнд зөвхөн барилгын суурийг үлдээгээд үлдсэнийг нь шинээр сэргээн барьсан байна. 1934 оны дөрөвдүгээр сард цоо шинэ өнгө төрхтэй алдарт шорон “үйлчлүүлэгчдээ” хүлээн авахад бэлэн болоод байв.

Камер бүр цахилгаан гүйдэл бүхий хаалга хаалттай, бүх цонх төмөрлөсөн, зэвсгийн бүхэл бүтэн складтай болоод байв. Хоолны зааланд байнга зодоон гардаг тул тусгай хий цацах хоолой байрлуулж, харуулын цамхагийн хамгийн хэрэгтэй гэсэн газар бүрт босгосон байна. Бүх хаалганууд цахилгаан удирдлагаар онгойж хаагдана. 600 камерыг В, С, Д гэсэн блокт хуваав. Ингээд эргэн тойрон хүв хүйтэн далайн усаар хүрээлдсэн Алькатрас буюу Холбооны шорон ажлаа эхлүүлжээ.

Алькатрасийн хоригдлууд шүүхээс ял авдаггүй. Тэд зөвхөн Америкт онц аюултайд тооцогддог хоригдлууд бусад шоронгоос ирнэ. Хэн ч Алькатрасыг өөрийн дураар сонгох эрхгүй, бас хугацаанаасаа өмнө гарах боломжгүй. Гэхдээ хоригдлуудад бага зэрэг эрх бий. Камерт нэг нэгээрээ байх, хоол, ус, хувцсаар хангагдах, эмнэлгийн тусламж хүртэх гээд... Харин хувийн эд зүйлс гэж юу ч байлгах ёсгүй. Шоронгийн номын сан тэдэнд байнга үйлчилнэ. Ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном сонин харин онц хориотой. Захидлыг нь шоронгийн захирагч өөрөө биечлэн уншиж шалгана.

Шаардлагатай бол үг, өгүүлбэрийг хасаж болдог. Ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн ганстерууд бүгд энд цаазлагдсан. Шоронгийн дүрэм зөрчсөн этгээдүүд барилгын зүүн хэсэгт байх тусгай камерт хоригдох болдог. Бие засах газар нь гэж зүгээр нэг нүх. Дээгүүрээ огт хувцас өмсөхгүй. Маш хүйтэн, ямар ч гэрэлгүй тас харанхуй өрөө. Хаалганы доод талд хоол оруулж өгдөг ганц л нүх байна. Ихэнх тохиолдолд тэнд 2-3 хонуулна. Хэдийгээр хүйтэн байлаа ч гэсэн зөвхөн шөнө болоход дэвсэх матрас өгдөг байжээ. Хамгийн дээд зэргийн шийтгэл нь энэ байлаа. Хоригдлууд үүнээс болон галзуурч эсвэл үхлийн өвчин тусдаг байсан аж.

Харин 1963 оны гуравдугаар сарын 21-нд шоронг дахин хаажээ. Арал дээр хоригдож байгаа хүмүүст маш их хөрөнгө мөнгө зарцуулж байжээ. Тэгээд ч шоронд засвар хийхэд наад зах нь 3-5 сая доллар шаардлагатай болоод байв. Хаагдсанаас хойш арлыг цаашид ямар зориулалтаар ашиглах талаар олон санал гарч байсан гэдэг. Гэтэл 1969 онд индианчуудын хэд хэдэн омгийнхон арал дээр суурших болж барилгууд тэдний орон гэр болж эхэлсэн байна. Тэд ил гал түлэх болсноор төв байр, шоронгийн камерууд, харгалзагч нарын орон гэр багагүй сүйдэж эхэлжээ. Гэвч индианчууд арал дээр тийм ч их удаан оршин суурьшсангүй. 1971 онд Америкийн Засгийн газрын шийдвэрээр тэднийг арлаас хөөн зайлуулжээ. Индианчуудын барилгын ханан дээр зурсан зураг, үлдээсэн ул мөрийг одоо ч харж болно. Ингээд 1971 оноос арлыг “Алтан хаалга” хэмээх амралт зугаалгын бүс болгосон билээ. Энэ ч утгаараа 1973 онд жуулчдад зориулан Алькатрас үүд хаалгаа нээснээс хойш өнөөг хүртэл жилдээ ойролцоогоор сая орчим хүн домогт газарт ирж сонирхдог ажээ.


Алькатрасаас оргосон нь...

Уг шорон байгуулагдаад 29 жил болоход тэндээс нэг хоригдол оргож чадаагүй байсан юм. Гэхдээ 34 хоригдол 14 удаа оргох гэж оролдсон байлаа. Тэдний хоёр нь хоёр удаа оргох гэж, долоо нь буудуулж, хоёр нь живж, тав нь ор сураггүй алга болсон бол үлдсэнийг нь эргүүлэн шоронд нь авчран хорьжээ. Хоёр хоригдол арлаас сэлж зугтаж чадсан хэдий ч нэг нь 1945 онд нөгөө нь 1962 онд баривчлагджээ. Харин 1946 онд түүхэнд “Алькатрасын төлөөх тулаан” хэмээгдэх болсон орголт зохион байгуулагдсан билээ. Тэр хэрэг явдлын улмаас таван хоригдол, хоёр хамгаалагч цаазлуулсан билээ.

Жижиг орголтууд:

1937 оны 12 дугаар сарын 16-нд Теодор Коул (Theodore Cole) болон Ральф Роу (Ralph Roe) нар төмөр эдлэлийн цехэд ажиллаж байгаад зэмсэг ашиглан цонхны торыг авч ус руу үсэрчээ. Гэвч тэдэнд аз таарсангүй. Тэр өдөр маш хүчтэй шуурга дэгдсэний улмаас тэр хоёр Сан Францискогийн эрэг хүрч чадалгүй живж үхжээ. Тэдний цогцсын олоогүй бөгөөд өнгөө хүртэл сураггүй алга болсон хэмээн үздэг.

1938 оны тавдугаар сарын 23-нд модны цехэд ажилладаг байсан Жеймс Лимерик (James Limerick), Жимми Лукас (Jimmy Lucas) мөн Руфус Фрэнклин (Rufus Franklin) нар зэвсэггүй байсан харгалзагчийг цохиж унагаад цамхаг дахь харгалзагч руу дайрчээ. Тэр үед харгалзагч Гарольд Стайтс (Harold Stites) тэдэн рүү шууд гал нээсэн бөгөөд Лимерик газар дээрээ үхэж, харин нөгөө хоёр нь баригджээ. Тэднийг харгалзагчийн амь насыг хороосон хэмээн бүх насаар нь хорих ял оноосон гэдэг.

“Док” хэмээх хочтой Артур Баркер, Дэйл Стэмфилл, Уильям Мартин, Генри Янг, Руфус Маккейн нар 1939 оны нэгдүгээр сарны 13-нд мөн л цонхны төмрийг эвдэн онгойлгож гараад эргийн орчмоор завь хайж байлаа. Хамгаалагчид тэднийг арлын баруун хэсгээс илрүүлжээ. Ингээд Мартин, Янг, Маккейн гурав газар дээрээ бууж өгсөн бол Баркер, Стэмфилл хоёр эсэргүүцсэн боловч буудуулан шархадсан байна. Баркер нь сүүлд эмнэлэгт нас барсан юм.

1941 оны тавдугаар сарын 21-ний өдөр Джо Кретцер (Joe Cretzer), Сэм Шокли (Sam Shockley), Арнольд Кайл (Arnold Kyle) болон Ллойд Баркдолл (Lloyd Barkdoll) нар хүмүүжлийн ажлын үеэр хэд хэдэн харгалзагчийг барьцаанд авчээ. Харин тэдэнд харгалзагч Пол Мэдиган (Paul Madigan) яагаад ч энэ арлаас зугтах арга байхгүй гэдгийг сайн ойлгуулснаар хоригдлууд өөрсдөө сайн дураараа бууж өгсөн байна. Пол хожим нь тус шоронгийн гурав дахь захирагч болсон билээ.

1941 оны есдүгээр сарын 15-нд орчны цэвэрлэгээ хийж байх үеэр Жон Бэйлесс (John Bayless) оргохоор завджээ. Тэр хэдийгээр усанд хүрч чадсан ч цаад талын эрэг хүртэл сэлж чадсангүй. Мөс мэт хүйтэн ус түүнийг эргэн арал дээр ирэхээс өөр аргагүй болгосон юм. Дараа нь түүнийг Сан-Францискод аваачин шүүх хуралд оролцуулж байх үед тэрбээр шүүхийн танхимаас зугтаах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.

1943 оны дөрөвдүгээр сарын 14-нд Джеймс Борман (James Boarman), Гарольд Брест (Harold Brest), Флойд Гэмильтон (Floyd Hamilton) мөн Фред Хантер (Fred Hunter) нар хоёр харгалзагчийг барьцаалан шоронгийг бүсээс гаран эргийн ойролцоо хүрчээ. Гэтэл тэр үед нэг харгалзагч тэднээс зугтаж чадсанаар түгшүүр зарлажээ. Харин түгшүүр аван харгалзагчид тэднийг эрж хайх үер оргодлууд аль хэдийнэ арлаас холдон сэлж байлаа. Ингээд харгалзагчид тэдэн рүү гал нээсэн бөгөөд үүний үр дүнд хоёр нь баригдаж, хоёр нь живж үхжээ.


Фрэнк Моррис болон ах дүү Энглин нарын орголт

Энэ шоронгийн түүхэн дэх хамгийн алдартай орголтын эзэд бол Фрэнк Моррис (Frank Morris) болон ах дүү Джон (John Anglin) Кларенс Энглин (Clarence Anglin) нар юм. Энэхүү алдарт гурав 1962.06.11-ний өдөр өөрсдийн хоригдож байсан камераасаа оргожээ. Маш төгс боловсруулсан төлөвлөгөө. Шоронгийн В корпусын камеруудын хананы цаана нэг метрийн өргөнтэй ямар ч хамгаалалтгүй, албаны зориулалтын туннель байдаг байж.

Ингээд үүнийг мэдсэн тэр гурав тунелль руу орохын тулд бетонон хананаас нэг хэсгийг нь л авахад хангалттай гэж үзжээ. Үүний тулд тэдэнд гар аргаар хийсэн өрөм хэрэгтэй байжээ. Түүнийгээ мань гурав металь мөнгөн халбага болон 10 центийн зоосон мөнгө, тоос сорогчноос авсан мотор зэргээр хийжээ. Дуу чимээ гарах байсан тул тэд хөгжим тоглох нэг цагаа ашигладаг байлаа. Тэгээд хананд нүх бэлэн болоход гурван оргодол орондоо хүүхэлдэй бэлдэн орхиод туннель руу орсон бөгөөд нүхээ цаанаас нь тоосгоор таглажээ. Ингээд цаашаагаа агааржуулагчаар дамжин дээвэр дээр гарч ирээд шууд ус руу орон тасралтгүй сэлжээ. Гэвч… Тэд эрэг хүртэл сэлж чадаагүй юм. Хүйтэн усанд живж үхсэн гэх бөгөөд одоог хүртэл тэр гурвыг сураггүй алга болсонд тооцдог. Харин зарим эх сурвалжуудын үздэгээр бол тэднийг эрэг дээр хүрээд нуугдсан ч гэдэг.


“Алькатрасын төлөөх тулаан”

Энэ бол 1946 оны тавдугаар сарын 02-нд хийсэн оргох гэсэн оролдлого юм. Тэр явдлаас болж хоёр харгалзагч, гурван хоригдол үхэж, 14 харгалзагч, нэг хоригдол шархаджээ. Банк дээрэмдсэн хэргээр 20 жилийн аван хоригдож байсан Бернард Кой (Bernard Coy) гэгч шоронгийн баруун хэсэгт байх зэвсгийн агуулахын харуул хамгаалалт сул гэдгийг мэджээ. Тавдугаар сарын 2-ны өдрийн хоёр цагийн үед тэрбээр харгалзагчийг хууран зорилгодоо хүрснээр агуулах руу нэвтэрч “Спрингфилд” винтоваар зэвсэглэжээ. Мөн хамтрагчиддаа автомат буу, хаалганы түлхүүрүүд, хийн гар бөмбөг, бороохой зэргийг тараан өгчээ. Зэвсэглэсэн хоригдлууд есөн хамгаалагчийг барьцаалан авч нэгэн камерт хийн түгжжээ. Хоригдлуудын төлөвлөснөөр бол тэд завь олзлох байжээ.

Гэтэл ингэхийн тулд тэдэнд шоронгийн нөгөө корпуст хүрэх шаардлагатай байжээ. Харин тэнд хүрэх хаалгануудын түлхүүр тэдэнд байсангүй. Ингээд Бернард Кой болон түүний хамтрагч Джозеф Крецер нар хамгаалагчдаас хэрэгтэй түлхүүрийг шаардахад тэд өгөхийг хүсээгүй байна. Харгалзагчийг нэг нэгээр буудаж эхлэхэд тэдний нэг болох Билл Миллерт запас түлхүүр байсныг олж авчээ. Хоригдлууд эхний хаалгыг нээн цааш гарах гэхэд хамгаалалтын хаалтууд автоматаар хаагдаж тэд гацаанд оржээ. Ингээд түгшүүр зарласнаар шоронд эргийн хамгаалалтынхан, ТТГ-ынхан, ХМТ гээд бүгд ирэв. Ингээд гацаанд орсон хоригдол, шорон руу орох гэсэн хамгаалалтынхан нарын хооронд ширүүн буудалцаан эхэлжээ. Далайн явган цэргийнхэн тэдэн рүү эхлээд нулимс асгаруулах хий цацжээ... Ингээд дөрөвний өдрийн өглөөний 09.45 минутанд Крецер, Кой болон Марвин Хаббард нарын цогцсыг оллоо. Энэ хэрэгт оролцсон гэх Миран Томпсон (Miran Thompson), Сэм Шокли (Sam Shockley) нарыг 1948 онд Сан-Квентиний хорт хийн камерт цаазалжээ.


Зартай хоригдлууд:

Роберт Страуд (Robert Stroud) нь 1942 онд Алькатрасд ирсэн. Тэр 17 жил хоригдсоныхоо зургааг нь D хэсэгт, 11-ийг нь шоронгийн эмнэлэгт өнгөрүүлжээ. 1934 онд Аль Капонег Алькатраст ирэхэд түүнийг бурхан адил тахин шүтэн, хүндэтгэж байв. Харин пулемётчин Жорж 1934 оны есдүгээр сарын 04-нд иржээ. Шоронгийн дарга Жонстон түүнийг хамгийн боловсролтой нь хэмээдэг байлаа.


Алькатрас урлагт:


-“Алькатрасаас оргосон нь” кино 1979 онд бүтээгдсэн. Гол дүрд нь клинт Иствуд

-“Хад” хэмээх кино 1996 онд бүтээгдсэн бол гол дүрд нь алдарт Шон Коннери, Николас Кейж нар тогложээ.

-“Хараал идсэн Алькатрас” /2007/ Фил Остин, Жесси Камачо, Жереми Гилкрист, Аарон Харви, Жо Жонс нар тогложээ.

-Tony Hawk's Pro Skater 4 тоглоом нь Алькатрасаас сэдэвлэсэн.


Шпандау шорон

Цэргийн гэмт хэрэгтнүүдийн шорон болох Шпа́ндау (нем. Kriegsverbrechergefдngnis Spandau) шоронг Берлины бүс нутагт байгуулжээ. Тэнд 1946-1987 онд Нюрнбергийн шүүхээс янз бүрийн хугацаатай хорих ял авсан немецийн цэргийн гэмт хэрэгтнүүд хоригдож байв. Шпандау шоронг 1876 онд Вильгельмштрассе гудамжинд байгуулсан бол 1979 оноос цэргийн шорон гэсэн зориулалтаар ашиглах болжээ. Гэхдээ 1919 он гэхэд тэнд иргэний болон эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог болоод байлаа.

Харин 1933 онд Рейхстагийг шатаасныхаа дараа националь-социалистууд Шпандауг гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэх магадлалтай хэрэгтнүүдийг хоморголон хорих лагерь болгон өөрчилжээ. Тухайн үед уг шоронд нацизмийн эсрэг тэмцэгч Эгон Эрвин Киш, Карл фон Осецкий нар хоригдож байв. Дэлхийн II дайны өмнө Шпандауд 600 хоригдол байсан бол дайны дараа Нюрнбергийн шүүхээс ял авсан нацист цэргийн гэм хэрэгтнүүдээр дүүрсэн байна. Тэгвэл хоригдох хугацаагаа дуусгаад тэдгээрийн ихэнх нь суллагдсаны дараа тэнд ердөө долоон нацист үлдээд байжээ. Харин 1966 онд Шпандаугаас Альберт Шпеер и Бальдур фон Ширах хоёр суллагдахад насаараа хоригдох ялтай Рудольф Гесс нацистуудаас ганцаараа үлджээ. Ер нь шоронгийн цорын ганц хоригдол нь болсон гэхэд болно.

Улаан тоосгоор барьсан шоронгийн хананы өндөр нь 5-10 метр, цахилгаан гүйдэл бүхий төмөр утсаар хүрээлэгдсэн. Дохио өгөх харуулын цамхаг арван метр бүрт байрлана. Шоронгийн гадна талд эргэн тойронд нь автомат буугаар зэвсэглэсэн 60 орчим цэргээр хамгаалагдсан. Камерийн урт нь 3 м, өргөн нь 2.7 м, өндөр нь 4 метр байжээ. Шоронгийн дотоод журам тухайн үеийн өөр шоронгуудтай харьцуулахад маш харгис байжээ. Хоригдлууд сардаа гэр бүлийнхэндээ нэг л удаа захиа бичиж болдог. Тэдний хувьд хоорондоо ярих, сонин унших, өдрийн тэмдэглэл, дурсамж бичих зэрэг хориотой. Харин эргэлтээр ирсэн хүмүүстэй хоёр сард нэг удаа 15 минут л уулзана. Шөнө 15 минут тутамд гэрэл асаан тооллого явуулна.

Түүнээс хойш Шпандау нь хүйтэн дайны үед цэргийн хүчний дөрвөн холбоотны мэдэлд шилжсэн бөгөөд тэдгээр нь сар бүр ээлжлэн шоронг захирдаг болжээ. 1987 онд цор ганцаараа үлдээд байсан Рудольф Гесс үхсэний дараа шоронг бүр мөсөн хааж түүний суурин дээр хүнд машин техникийн зогсоол барьжээ. Харин Смутсагийн казарм байсан газарт Их Британийн цэргийн бааз бүхий худалдааны төвийг байгуулсан аж. Тэгвэл 1994 оноос «Aldi», «Kaiser’s Tengelmann» болон «Media Markt» зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа эхлүүлжээ.


Зартай хоригдолуудаас нь нэрлэвэл:

1.  Бальдур фон Ширах


20 жил 1966 онд суллагдсан Вена дахь Германы рейхийн залуучуудын байгууллагын тэргүүн 1974 онд нас барсан


2.  Карл Дёниц


10 жил 1956 онд суллагдсан Сүүлчийн рейх-ерөнхийлөгчийн үед Германы тэнгисийн цэргийн флотын командлагч байсан. Адмирал. 1980 онд нас барсан


3.  Барон Константин фон Нейрат


15 жил 1954 онд суллагдсан 1932-1938 онд гадаад хэргийн сайд, 1939-1941 Богеми болон Морави дахь элч төлөөлөгч байсан 1956 онд нас барсан


4.  Эрих Редер


Бүх насаараа 1955 онд суллагдсан Кригсмаринийн цэргийн ерөнхий командлагчаар 1943 он хүртэл ажилласан 1960 онд нас барсан


5.  Альберт Шпеер


20 жил 1966 онд суллагдсан. Эзэнт улсын цэргийн үйлдвэрлэлийн сайд, нийслэлийн ерөнхий архитекторч 1981 онд нас барсан


6.  Вальтер Функ


Бүх насаараа 1957 онд суллагдсан Эзнт гүрний санхүүгийн сайд, Рейхсбанкийн ерөнхийлөгч 1960 онд нас барсан


7.  Рудольф Гесс


Бүх насараа Шоронд нас барсан 1941 он хүртэл фюрерын орлогч байсан 1987 онд нас барсан

Нийтэлсэн: Р.Слава

Дэлхийд зартай шоронгууд  
Үзсэн: 4764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-22 14:55
Лханаагийн Мөнхтөрийн, мөн Молекул Батбаярын бичдэг солиотой уянгын халилуудыг бодвол сонирхолтой л түүх байна, үнэн шаасан бол
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2015-10-22 13:00
түүх юм даа сонирхолтой мэдээлэлүүдбна,баярлалаа,

Бидэнтэй нэгдээрэй