
Дэлхийн дулаарлыг зогсоох, Төвдийн өндөрлөг нутгийн байгаль орчин, Гималайн нурууны мөсөн голыг хамгаалахад олон улсын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлэхийг 14-р Далай лам уриаллаа. Төвдийн хилийн чинадад гарсан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн дулаарлын эсрэг аяны хүрээнд Далай лам энэ уриалгыг гаргасан байна. Энэтхэгийн Дарамсала хотод байрлаж байгаа Төвдийн Засгийн газар энэ жил болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын уулзалт хэлэлцээний турш энэ аянаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн тус Засгийн газар ирэх сарын 30-нд Парист эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд санал өгөх эрхгүй ч гэсэн өөрийн бие төлөөлөгчөө илгээхээр болсон байна. Дэлхийн дээвэр гэгддэг Төвдийн өндөрлөг бүсийн цаг агаар бусад бүс нутагтай харьцуулахад 3 дахин хурдтай дулаарч байгаа юм байна. Өнөөгийн байдлаар Төвдийн цаг агаарын дундаж градус 50 жилийн өмнөхөөс 1,3 градусаар дулаарсан гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.
Жилийн турш цас мөстэй байдаг уулс, өндөрлөг газар олонтой, түүнчлэн дэлхийн дулааралд бусад нутгаас илүү өртөх эрсдэлтэй учраас Төвдийг Өмнөд, Хойд туйлтай адилтган 3 дахь туйл хэмээн нэрлэх болсон юм. Ийнхүү дэлхийн дулаарлыг зогсоох асуудал тус бүс нутгийн хувьд хамгийн тулгамдаж байгааг үндэслэн Төвдийн хилийн чинад дахь Засгийн газар энэ асуудалд ихээхэн анхаарч байна.
Төвдийн Гималайн нурууны мөсөн голуудад дэлхийн цэвэр усны нөөцийн 40 хувь байдаг. Эдгээр мөсөн голоос Хятад, Балба, Энэтхэг, Пакистан болон Бангладешийн нутгаар дамнан урсдаг 7 том гол, мөрөн эх авдаг юм байна.
Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой ажил хэрэгжүүлэхийг Далай лам уриалав | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.