
Өнөөдөр цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа. Дэлхий даяар цоохор ирвэсийн нийт тоо толгой сүүлийн 16 жилийн хугацаанд 20 гаруй хувиар цөөрөөд байгааг энэ 7 хоногт Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэвлэсэн тайланд анхааруулсан байна.
Өнөөгийн байдлаар цоохор ирвэс манай улсыг хамруулан нийт 12 улс оронд нутагшиж байгаа юм. Эдгээр орон хамтран цоохор ирвэсийг хамгаалах, өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх Даян дэлхийн шинэ санаачилга болон Даян дэлхийн цоохор ирвэсийн экосистемийг сэргээх хөтөлбөр боловсруулан баталжээ. Цоохор ирвэсийн тоо толгой цөөрөхөд хүний нөлөө хамгийн их байдаг юм байна. Үслэг эдлэл, уламжлалт эмчилгээний салбарын эрэлтийг хангахын тулд цоохор ирвэсийг агнадаг. Түүнчлэн цоохор ирвэсний тоо толгой уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цөөрч байна.
Цоохор ирвэс далайн түвшнээс дээш 3000 орчим метрийн өндөрт орших Төв Азийн бүс нутгийн хадархаг уулсаар нутагшдаг юм. Хэрэв дэлхийн дулаарал энэ хэвээр үргэлжилвэл цоохор ирвэс амьдрахад тохиромжтой нийт бүс нутаг өндөр уулын экосистемийн 1/3 үгүй болно гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. 1980-аад оны дунд үеэс Байгаль хамгаалах олон улсын холбоо нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэсэн цоохор ирвэс эдүгээ зэрлэг байгальд 4000 орчим л үлдээд байна.
Дэлхий багахан дулаарахад л цоохор ирвэсийн нутагшдаг өндөрлөг бүсэд тариалан эрхлэх хүмүүс олширч, улмаар тэдний мал сүрэг рүү дайрсан цоохор ирвэсийг эргүүлэн агнаснаар, цоохор ирвэсийн тоо улам буурсаар байгаа юм байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, мөнх цаст уулсын цасан бүрхэвчийг хамгаалах яаралтай арга алхам хэрэгжүүлээгүй нөхцөлд цоохор ирвэс тун удахгүй устаж үгүй болно гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сан анхааруулж байна.
Цоохор ирвэсийн тоо цөөрсөөр байна | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.