Шууд Chart

Парисын бага хурлын бэлтгэл уулзалт үр дүнгүй өндөрлөв

2015-10-24 17:01:16

Ирэх 11 дүгээр сарын сүүлээр Парист эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын бэлтгэл уулзалт Германы Бонн хотод 5 өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ уулзалтаар өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөгчид хамтран Парисын бага хурлаар хэлэлцэн батлах дэлхийн дулаарлын эсрэг шинэ суурь конвенцийн төслийг эцэслэн боловсруулахаар зорьж байсан юм.

Харамсалтай нь, 2020 оноос хойш Киотогийн протоколын халааг авах учиртай энэхүү шинэ суурь конвенцийн төслийг боловсруулах явцад хөгжиж байгаа болон хөгжингүй улс орнуудын төлөөлөгчид хэд хэдэн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд аж үйлдвэржсэн болон хөгжлөөр буурай улс орнуудад адил хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэх, түүнчлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хор хохирлыг арилгах, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад хэдий хэмжээний тусламжийг хөгжингүй улс орнууд олгох ёстой тухайд талууд ялгаатай байр суурь баримталж байна.

Үүнээс үүдэн Боннд 5 өдөр үргэлжилсэн бэлтгэл уулзалт төдийлөн үр дүнд хүрч чадалгүй өндөрлөлөө. Шинэ суурь конвенцийн төслийг өөрчлөн боловсруулж, өчигдөр буюу уулзалтын сүүлийн өдөр дахин танилцуулсан. Гэвч өөрчлөн боловсруулсан энэ төсөл анхны хувилбараасаа харьцангуй нуршуу болсон учраас Парисын бага хурлаас өмнө дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал угтсан хамгийн сүүлчийн бэлтгэл уулзалтаар ийнхүү улс орнууд суурь конвенцийн төслийг эцэслэн боловсруулж дуусалгүй өндөрлөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын бага хурлын бэлтгэл уулзалт үр дүнгүй өндөрлөв  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй