Шууд Chart

Нийслэлд энэ онд хууль бус ан агнууртай холбоотой 60 орчим зөрчил бүртгэгджээ

2015-11-18 18:30:14

Улсын хэмжээнд хууль бус ан агнуурын хэрэг нэмэгдсээр байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэлд хууль бусаар агнасан ан амьтдыг оруулахаар завдсан зөрчил их илэрч байна. Нийслэлд энэ онд хууль бус ан агнууртай холбоотой 60 орчим зөрчил бүртгэгджээ.

Хамгийн сүүлийн баримт бол Сонгинохайрхан дүүргийн нутагт катар иргэд хууль бусаар их хэмжээний идлэг шонхорыг хашаандаа нууж байсан хэрэг. Иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид очиж шалгалт хийхэд 61 толгой идлэг шонхорыг барьсан байсан. Тэд байгаль орчны яамнаас 35 шонхор барих зөвшөөрөлтэй байсан ч ийнхүү хууль зөрчин нэг дахин илүү шонхрыг барьжээ. Хууль ёсоор бол зөвшөөрлийн тооноос давсан шонхруудыг буцаан тавих ёстой.

Мөн хууль бусаар агнасан тарвагыг нийслэлийн нутаг дэвсгэрт оруулж ирэхийг завдсан хэрэг зөрчил нийтлэг илэрч байгааг хяналтынхан мэдээлж байна. Энэ тохиолдолд торгуулийн арга хэмжээ аваад л өнгөрдөг байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бус ан агнуураас гадна хууль бус мод бэлтгэлд хийсэн шалтгалтынхаа дүнг мөн танилцуулсан. Хууль эрх зүйн орчин сайжирсны үр дүнд хууль бус мод бэлтгэл өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй гарчээ.

Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх арга маш нарийн болсон гэж албаныхан мэдээлж байна. Өмнөх жилүүдэд гарал үүслийн гэрчилгээгүйгээр шууд хууль бус мод бэлтгэж тээвэрлэх зөрчил их гардаг байсан. Харин одоо баримт бичгийн холбогдолтой хэрэг их бүртгэгджээ. Ийм төрлийн хэрэг зөрчилтэй тэмцэхийн тулд хуулийн хэрэгжилтийг дагаж мөрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтынхан мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлд энэ онд хууль бус ан агнууртай холбоотой 60 орчим зөрчил бүртгэгджээ  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй