Шууд Chart

Чинийхээ тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь

2015-11-25 09:06:12

Ойрд Монголчуудын үндэсний үзэл сэргэж, өв соёлынхоо тухай бичиж, дуулж, бас санаа зовж байгаад сэтгэл сэргэж, санааны мухарт олон жилийн турш нойрмоглон байсан Монгол хүний бахархал сэрж, омогшсон зүрх цээжээ дэлдэн цовхчиж байна.

Зуун, зууны турш Манжийн дарлалд нухлуулсан ч, далан жил хойд хөршийн хараан дор бөхөлзсөн ч, хоёр их гүрний дунд халаасны өрөө шиг жижигхэн орноо бүтнээр нь хадгалж үлдэх гэж амь насаа хайрлахгүйгээр тэмцсэн өвгөдөөрөө бахархаж байна. Ядарсан задарсан, сэргэсэн мандсан  түүхтэй, ялагдсан, ялсан, бадарсан удамтай, яг одоо Монгол хүн гэдэг энэ үгээр би бахархаж байна.

Мориноос өөр унаагүй, тахир сэлэм, махир нумнаас өөр зэвсэггүй, махнаас өөр хоолгүй тал нутгийн зоримог эрс ертөнцийн  талыг морин туурайгаараа тамгалж, дэлхийн дайдыг эзэлж түүхтэй.

Суут тайж Цогт Дуутын хаданд шүлгээ сийлж, “согтуу” хутагт нүцгэн говьд дуулалт жүжиг дэглэж, Өндөр гэгээн монгол бүсгүйн үзэсгэлэн гоог бурхан болгон сарны гэрэлд урлаж, өвөг дээдэс маань тусгаар тогтнолоо амиараа дархалж, цусаараа сийлж үлдээсэн байна. Тужийн нарсанд Цагаан дээлт Дамдины хүү дөрвөн зуухан цэрэгтэй эх орноо  түмэн дайснаас чөлөөлж, тусгаар улсынхаа төлөө  монголчууд  Халхын голд  самуурайчуудыг бут цохин өөрсдийн алтан амийг өргөж, хорьхон жилийн өмнө царцаж хөшсөн социализмын хөшгийг цэл залуухан монголчууд Жанжны талбай дээр хуу татаж, мандаж сэргэж Монголчууд сэрж байна.

Монголчуудаа одоо бидэнд  Монгол хүн гэдгээрээ бахархах цаг ирээд байна. Туулсан зууны гашуун үнэнийг ухаарч, тойрч үл чадах цаг хугацааг давж гарахын тулд үндэсний үзлээ сэргээж, өөрөө өөрөөрөө бахархаж, өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэх тийм л үе бидэнд тулж ирээд байна. Монголын говьд дараастай алт эрдэнэсийн төлөө дэлхийн баячууд нүдээ ч ухаад өгөхөөс ч үл буцаж, хоёр сая гаруйхан хүн амтай, хоёр их гүрний дунд хавчигдан оршиж байгаа жижигхэн гүрний түүх соёлыг газрын хөрстэй хамт хуулж хаяхыг нэг бус хүн санаархаж байгаа энэ царцанги хөшингө цаг үед Монголчууд бид Монгол хүн гэдэг үндэсний үзлээ л сэргээх цаг ирээд байна.

Уудам талын дуучин бүсгүй Хонгорзул уртын дуугаараа Нобелийн шагнал олгох ёслолын ажиллагааг нээж, харьд сурч байгаа Бямбасүрэнгийн дипломын ажлаар “Ингэний нулимс” баримтат кино “Оскар”-т өрсөлдөж, малчин Найдангийн хүү Олимпоос алтан медаль хүртэж, бардам ихэмсэг хөгшин Англичуудыг гайхшруулсан Оюунгэрэл бүсгүй Гиннессийн номонд нэрээ бичүүлж, Монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж байна. Монгол хүн л Монголын баялаг нь, бас Монголын ирээдүй нь гэдгийг бид өнөөдөр өөрсдөө ухаарах цаг болсон бололтой.

Цоодолын Хулан:

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь

Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана

Цогтын балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг нулимс шиг хавж унана

Ирээдгүйгээс би Илядыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ

Их засаг тогтнуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн  зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ би

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би

Ирээдүйгээс би

Норовлон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодогтой төрийн минь алга тэнийж одонгоор шагнахыг үзнэ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнэ

Ирээдүйгээс би

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө

Тусгаар тогтнолоо цагаан лавайн эгшгээр

Айл гэрийнхээ хойморыг би дуу шигээ дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнана аа Ирээдүйд

Тиймээ. Үнэхээр чиний тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь. Монголчууд бид бие биендээ, бас эх орондоо хайртай байх тийм цагийг тэсч ядан хүлээж байна. 

Б.Цоожчулуунцэцэг. 2010 он

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Чинийхээ тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь  
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2015-11-28 10:40
Mongolooroo baharhah geheer hulgaichiin tur zasag ni buzalachihaad baih ymdaa
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2015-11-27 09:57
minii mongolchyyd evtei baihdaa hychirheg baisan ium shyy...evlej gemeene l hojino.mandan badranaaaaaa
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-25 17:24
хүний шүлэг хуулж тавьчихаад гарчигаа ч олигтой өгч чадахгүй эх орноо чи гэдэг чи хэн юм, хайрлахын зовлон гэж уянгын халил ухаантай юм байхдаа зайлуул
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-25 10:56
гарчиг чинь оновчто й биш байна, нийтлэл ч ухаантай юм бол энгийн донжтой гарчиг өгч сур, эх орноо чи гэдэг, эх орноо хайрлах нь зовлон болдгийг ч ойлгохгүй юм байна, эсвэл нийтлэгчийн бичснийг 100 жилийн дараа хүмүүс ойлгох юм болов уу
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-11-25 10:36
Үг үсгийн алдаагаа шалгаачээ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-25 09:25
Өөрсдөө сонгочихоод төрөө муулаад байх нь зохимжгүй, сонгуулийн шоундоо Зоригийн хэргийг босгож ирж байгаа төрийнхөн увайгүй харагдаж байна, байнга худлаа ярьдаг Ерөнхийлөгч ч онцгүй байна, АТГ-т байцаагдаж байгаа цагаан захтнууд төрийг гутааж байна, хэдэн малчид, мал минь л Монголчуудыг өлсгөөгүй дээ л дайн гарахгүй байна, эв эеээ хичээ, бие биеэ дэмж, урвагчдаас хол бай, бүү сонго, одоо юм тараагаад далчигнаад байгаа нөхдүүдийн өгснийг аваад ард нь саналаа битгий өг, хашраг

Бидэнтэй нэгдээрэй