Шууд Chart

Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар хэлэлцлээ

2015-12-02 16:45:41

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу сүүлийн үед уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөж байгаа талаар орон нутгийнхан шүүмжлэлтэй хандаж байна. Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог Тостын нуруу орчмоор "Улаан ном"-д орсон 50 орчим зүйлийн амьтан, 10 зүйлийн ургамал бий гэсэн судалгаа байдаг.

Байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтны өлгий нутаг болсон энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар өнөөдөр салбарын яам, орон нутгийн иргэд, судлаачдын байр суурийг илэрхийлсэн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн гуравны нэг нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Харин үлдсэн хэсэгт нь уул уурхайн үйл ажиллагаанаас болж сөрөг нөлөө бий болж байгааг тус сумын Засаг дарга хэлэлцүүлгийн эхэнд танилцуулж байв.

Дэлхий ховор амьтдын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн нэн ховор амьтад Тост, Тосонбумбын нуруу орчмоор нутагладаг. Мөн ховордсон туурайтан амьтдын нүүдэллэх, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлсэн газар гэж судлаачид хэлж байна.

Дээрх газар нутгийг судалгаа шинжилгээний лаборатори-эталон нутгаар сонгож гадаад, дотоодын хэд хэдэн байгууллага хамтран цоохор ирвэсний удаан хугацааны цогцолбор судалгааны ажлыг хийсэн байдаг. Олон улсын түвшинд Тост, Тосонбумбын нурууг ирвэсний судалгааны суурин төв болгон тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.   

Өмнөговь аймгийн 1000 гаруй иргэн тус сумын газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан. Тэдний төлөөлөл ч өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байв. Манай улс нийт газар  нутгийн 30 хувийг тусгай хамгаалалттай болгох зорилго тавьсан. Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар хэлэлцлээ   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2015-12-02 17:59
tusgai hamgaalaltand avah heregte. hairan shn gazar shoroo mine. bas l neg gadni hunii hool bolj bidni or nemegdene. oor yamarch sn zuil bgui n todorhoi

Бидэнтэй нэгдээрэй