Шууд Chart

Жаран жил исгэсэн, иссэн “Дарс”

2015-12-16 15:28:19

Амбасэлмаа сэтгүүлч маань энэ жил 83 нас хүрчээ. Сайхан нас ...  Бор ногоон өнгийн нимгэн тэрлэг, яг түүнийхээ өнгө дагуу жижигхэн өсгийтэй ногоон туфль өмсөж, шилэн оймсоор гангарсан нь илүү дутуу, гялгар цалгаргүй бөгөөд эрхэмсэг, хээнцэр. Ёжтойхон үг шидэлж, зөөлөн  цөмцгөрхөн алхах нь донжтой. Цагтаа АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн  бэр байж, дээдсийн дунд заларч, Москвагийн их сургуулийн оюутны үдэшлэгт залууст уригдаж, Монголын радио, телевиз болон Монголын сэтгүүлзүйн их ертөнцөд тэргүүн зэргийн сэтгүүлч гэгдэж яваа түүнд хэнд ч давтагдашгүй, хэнээс ч гарахгүй авьяас билгийн их охь бий.

Радио, телевиз, сонин гэсэн гурвалсан мориор оюун санааны их орон зайг туулдаг Монголын чадварлаг тоотой хэдхэн сэтгүүлчдийн нэг бол Д.Амбасэлмаа.

Энэ хавар юм даа... Тавдугаар сард амралтаа аваад “Найрамдал” зуслангийн баримтат киноны зохиол бичих далимаар хэд хоногоор явахдаа Амбасэлмаа сэтгүүлчийг хамт амрахыг урьсан юм. Зөвшөөрч байна аа... “Амбалайнх нь  нь астам  хөдлөөд юун ашгүй юм, үеийнхэнтэйгээ амрахаар баахан өвчин ярьсан улс, санаа нийлэх хүнтэй хэд хонох минь” гэснээр бид хоёр “Найрамдал” зуслангийн тохилог өрөөнд хаврын хавирга нэвт шуурсан хэдэн өдрийг халуун дотно яриагаар сүлж өнгөрөөсөн юм. Ясны цэгцтэй, яхирдуу зангаас нь бэргэж байсан ч бид хоёрыг мэргэжилдээ хайртай сэтгэл, сэтгүүлчийн “араншин” улам, улам ойртуулж байлаа. Зүрх нь түүнийг гашуун юмнаас хойш чангааж байгаа боловч тэрээр зүгээр байсангүй. Амралтын дэд захирал н.Отгонбат бид хоёртой ганц нэг хундага хатуу юм  татлаа. Дөрөв дэх хундаган дээр хорих маягтай үг хэлсэн чинь “Сурсан юмыг сураар боож болдоггүй юм аа. Үлдсэн  насанд  маань үлдсэн сэтгэл, үлдсэн элэг, үлдсэн зүрх хангалттай” гээд “томорч” байна. Нэртэй төртэй сэтгүүлчтэй амрах сайхан. Над шиг өчүүхэн амьтанд тун ч завшаантай.  СГЗ сэтгүүлч Дорждулам, сэтгүүлч Сумьяа, Д.Сайнбаяр болон шавь  нар нь тасралтгүй эргэн ирж, миний бие буянтны буянд “юм, юмаар” тасрахгүй сайхан байлаа.  

Амбалай маань домог мэт сайхныг үлгэр мэт амилуулж ярина. Түүний хормойдож өссөн  Дүгэр эмээ нь яг Амбалай шиг цэгцтэй, ухаалаг нэгэн байсныг Баянцагааныхан дурсаж  байна лээ. Бас тэрээр миний багад “Доржзовд”, “Үлгэрийн далай” залаагүй айл манай  Баянцагаанд байдаггүй байлаа гэж ярина. Их судар, их өвгөдийн дэргэд өссөн болохоор Амбасэлмаа сэтгүүлчийн үг өдий насанд ийн тод яруу, ухаан санаа нь ялгуун цэлмэг байдаг биз. Энэ хэдэн хоногт Амбалайгаас их ч юм сонссон, бас ч үгүй жижиг тэмдэглэл бичиж өөртөө хадгалав. Ирээд л домог болсон энэ хүнээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэх санаагаа СГЗ, сэтгүүлч Г.Золжаргалд тавьсан ...

Насаараа бусдын төлөө бичиж, бусдын төлөө дуугарч, бас бусдын тухай хэдэн зуун хөрөг найруулал хийж сэтгэл оюунаа нэрсэн тэрээр өөрийнх нь тухай нэвтрүүлэг хийгдэх болсон тухай дуулгахад телевизийнхэндээ, Наранцэцэг шавьдаа их баярласан. “Хутга хэдий хурц ч ишиндээ хүрдэггүй” гэдэг юутай үнэн үг вэ. Тэр хэзээ ч өөрийнхөө тухай бичиж, ярьж байсангүй. Нэг өгүүлбэр нь миний тархинд хэзээ ч арилахааргүй шингэж. Энэ л бодол тархинд аргамжаатай явдаг юм. “Жинхэнэ сэтгүүлч хүний тархи зам хөндлөн гарахдаа  амиа аврах бодол руу шилждэг юм. Бусад цагт тэр л бичиж байгаа сэдэв, гарчиг, түүнийгээ яаж сонин болгох вэ гэсэн бодлоор дүүрэн явах, нэг бодлын тамын ажил даа” гэж билээ. Зураг авахаар Төв аймгийн Баянцагаан суманд очсон, багынхаа найз нартай уулзлаа, төрсөн буурин дээрээ очлоо, их догдоллоо. Тэр уйлж, уярч, баярлаж, дурсаж, дуулж, өнгөрсөн бүхий л амьдралаа эргэж нэг харах шиг санагдсан ... Бас СГЗ сэтгүүлч  Гүнсэнгийн хамт “Зориг” сангийн байрны гадна зургаа татуулж, 1958 он, Монголын радио, залуу нас руугаа нэг очсон.

Баяртай, гунигтай борхон өдрүүдийг үдэж, эрээнтэй бараантай 80 гаруй жилийн амьдрал дундуур “туучсан” ахмад сэтгүүлчийн маань амьдрал уран бүтээлийн түүх хутгаад авахад ус шиг арвин ч гэлээ, ухаан эвээр тайлах амаргүй зангилаа байдаг юм. Монголын сэтгүүлзүйд 60 жил иссэн, исгэсэн дарс шиг аагтай, амттай, аатай бүтээл туурвисан, одоо ч гандахгүй туурвисаар яваа эмэгтэй сэтгүүлч бол Дүгэрийн Амбасэлмаа яах аргагүй л мөн дөө ...

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Жаран жил исгэсэн, иссэн “Дарс”  
Үзсэн: 4044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-12-17 10:20
гайхамшигтай
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-12-17 09:34
Манай босоо улаан ч сайн бичнэдээ баярлалаа бие биенийхээ төлөө ингэж дуугарах нь ховор болждээ өөрсдийгөө л магтаад байхаас биш Оюунчимэг мэтийн шалихгүй сэтгүүлчид өөрсдийгөө магтаад байхаас ийм юм хийнэ гэж байхгүй шүү үнэндээ амбалаагийн хажууд хэн билээдээ зайлуул
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-12-17 09:34
Манай босоо улаан ч сайн бичнэдээ баярлалаа бие биенийхээ төлөө ингэж дуугарах нь ховор болждээ өөрсдийгөө л магтаад байхаас биш Оюунчимэг мэтийн шалихгүй сэтгүүлчид өөрсдийгөө магтаад байхаас ийм юм хийнэ гэж байхгүй шүү үнэндээ амбалаагийн хажууд хэн билээдээ зайлуул
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-12-17 09:34
Манай босоо улаан ч сайн бичнэдээ баярлалаа бие биенийхээ төлөө ингэж дуугарах нь ховор болждээ өөрсдийгөө л магтаад байхаас биш Оюунчимэг мэтийн шалихгүй сэтгүүлчид өөрсдийгөө магтаад байхаас ийм юм хийнэ гэж байхгүй шүү үнэндээ амбалаагийн хажууд хэн билээдээ зайлуул
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-16 16:24
Энэ сэтгүүлч харин их цэгцтэй аятайхан зүйл бичсэн байна, зарим нь Чингэс тэгэж бодож байгаад гэж ирээд л хамт байсан юм шиг тааж бичдэг юм
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-16 16:21
Яг Баянцагааны, Дэрэнгийн, Боржгины өөрөөр хэлбэл Төв Халхын, хөдөөнийхний эвдрээгүй зан, саруул ухаан, зан ааш, яриа хөөрөө энэ хүнээс мэдрэгдээд байдаг юм.
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2015-12-16 16:10
bnbb
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-12-16 16:10
Tiimee uneheer gaihaltai emegtei. Mash ih taalagddag. Hairtai shu.

Бидэнтэй нэгдээрэй