Шууд Chart

Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг үлддэг

2015-12-22 11:01:15

Саяхан би ажил төрлийн шугамаар Африкийн орноор яваад ирлээ. Африк, Африк... Яг л бид тэдний араас орчихжээ. Баянхонгор аймгийн иргэн, ойн мэргэжилтэй Тунгалагийн үгс хэрдхийлгэж орхив. Ярихаас бичих нь хавьгүй ултай үлдэцтэй хэмээн үзэг, цаас нийлүүлэн тэрлэсэн маань энэ.  

... Бидний ирээдүй  бол Африк юм байна. Бид Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна. Энэ мэт үгс бидний амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон газар хөл тавилаа. Нүд эрээлжлэм тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй,  нүдэндээ цоггүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, сайр даг болсон хөлтэй, харцанд нь сүүдэр буусан, цоргисон хурц нүдтэй бяцхан жаалууд, хагсарч, хатсан хувхай хөрс шороо, даанч дээ гэмээр  саарал орчлон угтлаа.  

Нигер  гэдэг нэрийг бүгд л сонссон. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Өөрийн орны хамгийн том, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр улсаа нэрлэжээ. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркино-фош, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг яг манайх шиг далайд гарцгүй орон.  
Нутаг дэвсгэрийн хувьд 1.270.000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс. 16 сая хүн амтай, тэдний дийлэнх нь нутгийнхаа өмнөд, баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамай нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой, зовлон зүдгүүр, гуниг харууслаар дүүрэн хот. Дэлгүүр хоршоо гэж бараг байхгүй. Хотын хэмжээнд ганц “захархуу” юмтай, тэргэнцэртэй наймаа үргэлжилнэ. Тэнд элсэн чихрийг 20 граммаар зарж байна. Яг л манай захын гэр хорооллуудад есийн тос граммладаг шиг. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэдэг цөлийн элсээр бүрхэгдсэн хийгээд алга дарам газарт нь ч цөлжилтийн харанга дэлджээ. Аль ч бүс нутаг, ямар ч тивийг гамгүй залгих цөлжилт бол газар дэлхийн ДОХ юм. Ийм л гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч байгаа, аж төрж буй хүмүүсийн нүднээс баяр төрөх, инээд хөөр гэрэл гэгээ үгүй бөгөөд хүн сүлд нь ч яг л газартайгаа адилхан хөхөөр хатжээ.

Монголд ч гэсэн хүүхдийн зулай шиг эмзэг, Хөвсгөлийн их тайга, Дархадын хотгорт цөлжилтийн аюул нүүрлэсэн аймшигт мэдээ сэтгэл ороолгож, аюул энүүхэнд ирснийг, босгоны цаахан талд чимээлж буйг мэдэрч, шимширч суулаа...
 Африк тив юм, юмтай баян тансаг орон байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч дурсан ярьдаг. Яг л манай орон шиг. Гэвч тэр дурсамж болон үлдэж.  

Жишээ нь, Нигер улс уранаар маш баялаг орон. Энэ улсын эдийн засаг газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гээд асуу даа!  
Далайд гарцгүй гачлантай байрлал, урагш муутай Засгийн газар, увайгүй эрүүлийг хамгаалахын бодлого, хүн амын боловсролын түвшин, байгаль орчны аймшигтай сүйрэл... Ийм  хариулт өгдөг. Гэтэл  яг үнэн хариулт нь амьдрал дээр шал өөрөөр гардаг. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид, уул уурхайн компаниуд ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд  нүдээр үзлээ.

Тэд дээрэмдээд,  дээрэмдээд л, ухаад, ухаад л гараад явчихдаг юм байна. Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг, цөлжсөн, төнхүүлсэн газар нутаг дээрээ ам нь ангалзсаар хоцордог аж. Нигерт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан 10 гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүнээс сонсоод эрхгүй цочирдсон. Энэ үг бол тун удахгүй Монголын маань газар нутаг “Алдагдсан ертөнц” болохын дохио юм.

Та энэ орон яагаад харийн олз хайгчдад ингэтлээ тонуулсан юм бэ, төр засаг, түүний бодлого гэж байдаггүй юм уу гэж асуух биз. Тусгаар тогтнолоосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, мэдээллээс хол мэдлэг боловсрол муутай аж. Тэгсэн атлаа англи, франц хэлээр тивээрээ ярина. Гэвч энэ нь тэдэнд хөгжил дэвшил авчирсангүй. Харин ч эх хэл, эх орноосоо холдож, ёс заншил, элгэн нутгаа хайрлах сэтгэлийг нь арчсан байна. Одоо манайд гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахам хавчин хээнцэрхэж байна. Төр засаг нь тогтворгүй ард түмний амьдрал дорой ийм нөхцөлд гадаадын дээрэмчдэд эх орноо худалдах, үйлчлэх “урвагчдын баг” тэр дороо гараад ирдэг. Энэ бүхэн манай оронд бодитоороо нүүрлэж байна.

... Эрчүүд нь хаачсаныг бүү мэд. Авгай хүүхнүүд гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйж зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг аж.
Өнөөдөр энэ улсын газрын хөрс, хүн хоёр яг л адилхан хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжиж дууссан энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа гэж их ярьдаг болсон. Байгалиа хамгаалах гэж тэр юм гэнэ. Энэ нь тийм ч зөв шийд биш бололтой. Байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй.

Энэ улсын сульдсан нэг шалтгаан бол Лалын шашин. Өдөржин мөргөл, үр дүн юу ч үгүй. Энд мод магнаг болжээ. Бараг бүх модод нь мөчирлүүлж эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу харагдах нь нүд халтирмаар. Сүйрсний гол шалтгаан нь кока кола, үнэртэн хоёрын гол түүхий эдийг эндхийн моддын давирхайнаас гаргаж авдагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэх бөгөөд энэ давирхайнаасаа болж ой модод дайрлагад өртжээ. Дээрэмчид хөрсөн доорхийг нь ухаж, хөрсөн дээрхийг цөлмөөд одсон байна.

Хэвлийдээ “бөмбөрцөг”- тэй, нуруундаа бас нэгийг нь үүрсэн хүүхнүүд зовлон гунигаа нуух гэсэн юм шиг тод өнгийн цэцгэн хуартай бошинз намируулан алхах нь юутай гунигтай.
Шулуухан хэлэхэд энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд ийм зүйл хийж байна даа гэж хэлэх, өөр нүдэнд өртөх юм алга.
... Ганц Нигер ч биш, Африк тивд хүүхдүүд өлсөж бас өвчнөөр хэдэн зуугаараа хорвоог орхиж байна.   
        .... Би төрөхдөө хар байсан
        Би томроод хар л байсан
        Би нарны туяанд ч хар л байсан
         Би айсан ч хар л байдаг
        Би өвдсөн ч хар л байдаг
        Би үхэхдээ ч хар л байх болно
Харин цагаан залуу чи :
        Төрөхдөө ягаан
        Томрохоороо цагаан
        Нарны туяанд улаан
        Даарахаараа хөх
        Айхаараа шар
        Өвдөхөөрөө ногоон
        Үхэхээрээ саарал
Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудах
. Африк хүүгийн бичсэн шүлэг өр өвтгөнө...  
Африк бол газар нутгийн хэмжээгээрээ ЕвроАзийн дараа ордог том тив. Африк тивд оршдог 50 гаруй улсын ихэнх нь хагас зуун жилийн өмнө Европын том гүрнүүдийн эрхшээлд багтсан. Байгалийн эд баялаг, эдийн засгийг нь сорон томорч байсан тэр л эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж байсныг түүх гэрчилнэ. Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялсан ч, туйлдаа хүрсэн ард түмэнд эргээд сэхэх тавилан даанч хол. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч тугийн дор өндийх тэнхэлгүй болжээ.

Дээрэмчид колончлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас ард түмний дунд хагарал үүсч, хүн хүндээ итгэхээ больж, энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүсчээ.
Сая, сая Африк иргэн ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэжээ. Эзэн нь үгүй нутаг ямар байдалтай болох, тэнд юу нүүрлэх нь тодорхой...

“Зүүн Африкийн нутгаас олдсон чулуужсан олдворууд нь анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл, Африк тив бол хүн төрөлхтний өлгий нутаг гэсэн үг. Тийм болохоор дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөөсэй билээ” гэж нэгэн африк залуугийн хэлсэн үгийг би мэднэ. Би ч гэсэн тэгж хүсэж байна.
Амин хайртай нутаг, алаг нүдний цөцгий шиг Монгол эх орон минь ийм болчих вий гэж их зовних юм. Хүн ийм л аминчхан амьтан юм даа гэж Тунгалагийн ярьсан сэтгэлээс үл гарах.  

Яг үүн лугаа миний эх орон бусдад “Хүний л нутаг”. Яаж туйлж, яаж ухаж, яаж нураах нь тэдний л дур. Орхон, Байдраг, Туул, Өлзийт, Шийрт голуудын үржил шимт, цэцэг алагласан нугууд хонхойн харлаж, булаг ундарга нь ширгэж, татран, амин хайртай хүүгээ алдаж “Үрийн зовлон” үзсэн өвгөд лугаа Хөшөөт, Баян-Айраг, Бүрэнхааны уулс хүнхийн харлана. Эцэг дээдсийн булш бунхан, аавын минь адууны бэлчээр, ээжийн минь аргал түүж явсан нутаг дээр уул уурхайнхан ган өрмийн шүдээ зоочихоод дээд газрын зөвшөөрөлтэй гээд хэнэг ч үгүй бохь зажлаад зогсож байдаг. Яг миний төрсөн нутаг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян-Айраг гэдэг өвгөдийн минь өвөлжөө, дээдсийн минь оршуулгын газар Эрдэнэ толгойг өөрсдийгөө “Баян-Айраг” эксплурашн гэх  гадаад, дотоодын луйварчид ухаж, цианат алдсан нь жижиг шувууд, мэргэч амьтанд муугаар нөлөөлсөөр л байна. Завхан аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Уул уурхай ороогүй цоо бүтэн аймаг бол Завхан аймаг”  гэж худлаа ярьсаар их хуралд гарсан. Гэтэл Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн  гол түүхий эд болсон Завхан “Буурал” омгийн ямааны бэлчээр нутаг уул уурхайд эзлэгдсээр ...

Аль ч төрийн үед улааныг үзэж урваж, шарыг үзэж шарваж төрийн тамга дор луйвар хийсэн монгол ноёд хотын байр хаус, жийп машин, эрх мэдлээр эх орныг минь худалдсаар л байна. Тэр дарга авлига авсан, тэр малчин өвөлжөөгөө зарсан, тэнд тийм ченжүүд ирсэн, тэр нутгийнхан нүүсэн гэх яриа бодит байдалд шилжлээ. Монголчууд дотроо ингэж хагарч үймэх тусам газар шорооны дээрэмчдэд нэн ашигтай. Хурдан унаа сайн морь, ажлын түр байр амлаж, нутаг усныхаа, хил хязгаарын эзэн болсон малчдыг үймүүлж сэтгэл санаагаар нь тоглодог юм байна. Газар дээрх болон газрын доорх үнэт баялгийг ухаж хүн сэтгэлийг нь хордуулж байж  тэд санасандаа хүрдэг. Энэ өндөрлөгт хүрэхэд хойд насандаа “алтан авсанд” хэвтэх хүсэлтэй сувдаг, тэнэг ноёд түшмэдийн хувь нэмэр тун их.

Дээрх бүхэн Тунгалагийн ярьсан Нигерийн ард түмний зураг төөрөгтэй адилхан хувь тавилан  бидний хажууханд айлсаад буучихсан юм шиг муу ёрлоод сэтгэл жихүүцүүлж байна. Цөлмүүлсэн орны ард түмэн нээрэн л цөмүүлсэн боргоцой шиг хоосон хонхорцог болон үлддэг юм байна...

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг үлддэг   
Үзсэн: 2935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-23 14:09
ТВ-ийн эрхэм хүндэт найруулагч нараас хүсэх зүйл байна. Энэ нийтлэлээр мундаг сайхан нэвтрүүлэг хийж үзэгчиддээ хүргээч ээ. Жирийн уншигч миний чадахгүйг та нар минь чадна шүү дээ.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-12-23 10:02
МАШ БУРУУ ОРЧУУЛСАН БАЙНА ЭНЭ БОЛ АФРИКИн заяа а
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-12-22 22:15
Яанаа.уул уурхайг зөв ашиглана,популистууд саад болж байна гэсээр бгаад африк болгох бий гэдэг айдас төрлөө.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-12-22 17:48
Үнэхээр зөв сэдэв хөндсөн байна. Олон сэтгүүлчид энэ сэдвээр бичиж эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаасай. Африк шиг болох цаг тун ойрхон байна шүү үүүүү
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2015-12-22 15:56
П.Алтанцэцэг зөв сайхан сануулга өгчээ
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-12-22 14:58
Uneheer unen niitlel bichjee. Oyutan baihad Afrik naizuud maani heldeg baisan, tsagaan aristanuud ehleed gegeenten tuslagchiin dureer irdeg yum, tegeed avilgal heel hahuul, uvchin zovlon delgeruulj hoorond daituulan doroituulj hamag bayalgiig ni soron muljdug yumaa gej. Mongolchuud min bidnii huvid arai ch bas oroitoogui bna, hoorondoo evtei baij eh ornoo hudaldalguigeer bugdeeree eh ornoo hugjuultsgeeie. Songuulia uguhduu nam gej taltsalguigeer jinhene Mongoliinhoo tuluu tsohiloh zurhtei humuusiig songotsgooiyo. Bie bienee demjisgeeie, neg Mongol hun sain baival ergeed eh orond min heregtei, herev eh oron sain baival ergeed bidend bugded maani heregtei.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-12-22 14:10
Энэ маш үнэн юм бичжээ. Манай орныг гадныхан ингэх гээд л төрийн шуналтангуудтай зууралдаад, салахгүй байна. Тэд ч баяжаад сайхан амьдрах вм шиг бодож яваа. Одоогийн энэ төрийн луйварчид юу ч хийхээс буцахгүй болчихож. Дараагийн сонгуулиар зөв хүмүүсээ сонгохыг ард түмэн минь сайн бодох хэрэгтэй юм. Одоогийн эд нар юу ч амлаж болно. Тэдэнд бүү итгэ. Харин мөнгө болон хөрөнгөөр хахууль өгвөл аваад бай. Саналаа зөвхөн өөрийн зөв гэсэн хүндээ л өг. Тэр халууль өгсөн хүн чинь чиний, таны ах дүү, үр хүүхэд, хэн ч байсан хамаагүй. Зөв хүнээ л сонго. Мөн ер нь манайд энэ 76 ямар хэрэтэй юм бэ? Үүний оронд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм биш үү? Энэ 76-г гадныхан ашиглахад их амархан юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бид ганц ерөнхийлөгчтэйгээ хариуцлага ярина биз дээ. Хамгийн гол нь газар нутгаа л бүрэн бүтэн байлгах нь чухал юм.
103.20.152.xxx [103.20.152.xxx] 2015-12-22 13:58
монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүнийг яаж жинхэнээр ялгаж танин сонгох вэ. Хамгийн гол нь сонгогдчихоод ард түмнээ мартахгүй.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-12-22 13:36
Уул уурхайгаа цөөлөж зогсоож хүрэцээгээрэй тооцож ашигтай ажлуулж ард түмний мэдэлд байлгая. Хувьд бол ард түмэнд юу ч хүртэхгүй. Энэ эргүү төрийн малнуудыг сонгуулиас өмнө зайлуулж шинэ шудрага зориглотой төртөй болох юмсан.
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-22 13:32
МУГЖ дуучин С.Жавхлангийн "Улс үндэстэн маань мөхвөл, Уулын чинээ алттай ч байгаад яах юм бэ" гэдэг үгтэй нэг дуу байдаг биз дээ.Үүнийг ард түмэндээ маш сайн ойлгуулмаар байна.Тэгээд 2016 оны сонгуульд намыг нь харж биш хүнийг нь маш сайн харж, судалж сонгох хэрэгтэй. Тэгвэл гайгүйхэн төр засаг тогтвол бидэнд сайхан амьдрах хувь ерөөл бий. Тэгэхгүй дахиад өнгөрсөн 4 жил шиг явбал энэ Африкийн араас явна шүү...Ард түмэн минь сонголтоо зөв хийгээрэй. Сонгуулийн хуульд намаас нэр дэвшүүлэн сонгуульдагийг болиулж, хөдөөд намчирхалгүй иргэд өөрсдөө засаг даргаа шууд сонгодог болгож хуульчилмаар л байна даа...Ерөнхийлөгчийн засаглалд орсон ч дээр болох байх шүү...
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-22 13:32
МУГЖ дуучин С.Жавхлангийн "Улс үндэстэн маань мөхвөл, Уулын чинээ алттай ч байгаад яах юм бэ" гэдэг үгтэй нэг дуу байдаг биз дээ.Үүнийг ард түмэндээ маш сайн ойлгуулмаар байна.Тэгээд 2016 оны сонгуульд намыг нь харж биш хүнийг нь маш сайн харж, судалж сонгох хэрэгтэй. Тэгвэл гайгүйхэн төр засаг тогтвол бидэнд сайхан амьдрах хувь ерөөл бий. Тэгэхгүй дахиад өнгөрсөн 4 жил шиг явбал энэ Африкийн араас явна шүү...Ард түмэн минь сонголтоо зөв хийгээрэй. Сонгуулийн хуульд намаас нэр дэвшүүлэн сонгуульдагийг болиулж, хөдөөд намчирхалгүй иргэд өөрсдөө засаг даргаа шууд сонгодог болгож хуульчилмаар л байна даа...Ерөнхийлөгчийн засаглалд орсон ч дээр болох байх шүү...
146.185.28.xxx [146.185.28.xxx] 2015-12-22 13:14
Газар шороо, уух ус алтнаас үнэтэй гэдгийг мөнгөний үнэр авсан хүмүүс ойлгодоггүй бололтой. энэ ардчилагчид нэртэй мөнгөний үнэр авсан хүмүүс эх нутгаа зарж дуусгах бодолтой байна. үүнээс сэргийлэх хэрэгтэй байна ард түмэн минь
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-22 12:58
анх ардчилсан гэгэдэх хэдэн залууст чамд монголын бүх баялаг оногдоно гэж ану хөөргөсөн бизээ тэдэнд 400 мянган доолэ өгсөн ч үнэн хэрэгтээ хэдэн саяыг өгөө биз санаа нь эхлээд ардчилал хүний эрх гэдэг зүйлээр тархий угааж замбараагүй болгож талцуулж байгаад баялгий нь цөлмөх л ганц зорилготой байсан шүү дээ тэгээд засгийн эрхийг Баяр л Элбэгдорж болон тэрний хамсаатанд өгсөн түүний тулд муу энхбаярыг авилгалын загалмайлсан эцэг хэмээн нийгэмд пиар хийж зайлуулсан тэгээд өөрсдөө аваа биз дээ
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-22 12:57
Ali ert mongoliig afrikjuulah uil ajillagaa ehelsiish dee. Dornodiin tamsag ehleed tam bolno daraa ni dornogoviin uran french hulgaich arevagiin GARAAR DASHIIN SHOG tegeed oyu tolgoi tavan tolgoi geh metiig tord bgaa luivrchid gadnii hulgaich nartai huivaldaj ideed ard tumen ni 1000 talkhiig 4/1 hudaldaj avdag tiim l yaduuu yag tsomuulsen samar shig l gazar nutagtai uldeh magadlaal 200% bolson
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-12-22 12:53
сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд л улс төрийн өнгө аясаар бүх зүйлд ханджээ. Манайханд ч өөр хийх, ярих зүйл алга болжээ
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2015-12-22 12:34
БИД ХӨГЖИЖ БАЙГАА ХОЁР ИХ ГҮРНИЙ ДУНД БАЙЖ ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНАА?
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-22 12:28
2016 оны сонгуулийн дараа хэдэн хүн баярын араас явах бол доо
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-22 12:27
Баяр Элбэгдоржтой нийлж Энхбаярыг дарж авсан гавьяагаараа ялгүй яваа юм, гэхдээ айдастай учраас Америкт толгой хоргодож байна, тэндээ үхэх биз
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-22 12:19
Амеркийн хар машинаар улс төрд гарсан хар улс төрчид Монголыг маань хар тивийн араас оруулах гэж байна Одоо 16 оны сонгуулиар хар машиныхаа луйварыг яаж хийхээ програмчилчихаад хүлээж байна
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-22 12:18
Амеркийн хар машинаар улс төрд гарсан хар улс төрчид Монголыг маань хар тивийн араас оруулах гэж байна Одоо 16 оны сонгуулиар хар машиныхаа луйварыг яаж хийхээ програмчилчихаад хүлээж байна
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-22 11:57
Энэ Лханаагийн Мөнхтөрийн уянгын халилтай нийтлэлийг бодвол амьд нийтлэл байна, яг л ийм хувь заяа биднийг хүлээж байгаа, одоогийн УИХ-ын гишүүд яг л Баяр шиг Америк явна, ард нь зовсон цөлмүүлсэн ард түмэн үлдэнэ, Онгийн голын Мөнхбаяр шар хадны данстай Гүндалай, Батбаяр, Батзандан нарыг бодвол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн шүү, Онгийн гол улаан нуур энэ хүний буянаар сэргэсэн

Бидэнтэй нэгдээрэй