
Карри ба түүний нөхөд аварга боллоо
69 дэх удаагийн улирлын аваргаар өнөө цагийн хамгийн шилдэг мэргэн бууч алдрыг хүртээд буй “Хүүхэд царайтай хөлсний алуурчин” хочит Стефан Карри тэргүүтэй “Голден Стейт Уорриорз” тодорч, 40 жилийн дараа Оклэнд хотдоо Ларри О Брайений нэрэмжит цомыг заллаа. “Алтан мужийн дайчид” улирлын тоглолтод хамгийн шилдэг болох 67-15 гэсэн амжилтыг үзүүлж, плей-оффт “Нью-Орлен Пеликанс”-ыг 4:0-ээр, “Мемфис Гриззлис”-ийн 4:2-оор, “Хьюстон Рокитс”-ийг 4:1-ээр буулган авснаар “Өрнөд” бүсийн аварга болсон. Харин NBA-гийн аваргын төлөө “Хаан” Леброн Жеймс тэргүүтэй “Кливлэнд Кавалеьрс”-ыг 4:2-оор буулган авснаар түүхэндээ дөрөв дэх удаагаа NBA-гийн аваргын цомыг гардсан юм.
Франц бүсгүй шуугиулсан Контиолахтигийн зам
Өвлийн спортын сонирхолтой төрлүүдийн нэг биатлоны 47 дахь удаагийн ДАШТ гуравдугаар сарын 5-15-нд Финландын Контиолахти хотод болсон. 11 зайд аваргаа тодруулсан тус тэмцээнийг багийн дүнгээр Франц, Герман тус бүр гурван алт, хоёр мөнгөн медальтай тэргүүлсэн. Биатлоны спортын өөрийн гэсэн агуу школьтой Оросын “буутай цаначид”-ыг 30 настай Екатерина Юрлова хэмээх бүсгүй тахалсан. Зодог тайлахаа түр хугацаагаар хойшлуулсан орос бүсгүй цуваа гараатай 15 км-ын уралдаанд өнгөлж, эх орныхоо цорын ганц алтан медалийг энгэртээ зүүсэн юм. Түүнчлэн ДАШТ-ээс өмнө үрийн зулай үнэрлээд зургаан сар болсон Францын Мари Дорен Абер энэ жилийн ДАШТ-д хувийн хоёр төрөлд өнгөлснөөс гадна холимог буухиа болон эмэгтэйчүүдийн 4х6 км-ын буухиад аман хүзүүдэж Финландын ДАШТ-ий гол баатраар тодров.
“Хар харцагууд”-ын зургаа дахь түрүү
Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 98 дахь удаагийн улирлын аварга багаар “Чикаго Блэк Хоукс” тодорсон. Ингэснээр Патрик Кейн, Жонатон Тэйвз, Данкан Кэйт, Мариан Хосса гэсэн шилдгүүдтэй “Хар харцагууд” зургаан жилийн гуравт нь Стэнлийн цомыг хүртэв. Чикаго хотын баг аварга болох замдаа “Нэшвилл Предаторс”-ыг 4:2-оор, “Миннесота Уайлд”-ыг 4:0-ээр, “Анахайм Дакс”-ыг 4:3-аар, “Тампа Бэй Лайтнинг”-ийг тус тус буулган авсан. “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч, хоккейн супер од “Орос пуужин” хочит Александр Овечкин 53 шайбаар өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар 50 гоолын босгыг зургаа дахиа алхсан нь онцлох үйл явдал байсан.
Усайн Болт харих болоогүй
Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ наймдугаар сарын 22-30-нд БНХАУ-ын нийслэл Бээжингийн алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Таван тивийн 205 орны 1781 тамирчин 48 багц медалийн төлөө өрсөлдөж, Африк тивийн буурай орон Кенийн хөнгөн атлетикчид их гүрнүүд болох АНУ, ОХУ, БНХАУ, Германы тамирчдыг ардаа орхиж, түүхэндээ анх удаа багийн дүнгээр тэргүүлсэн нь яахын аргагүй энэ жилийн гол сенсааци болсон. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Ямайкын Усайн Болт 100, 200, 4х100 метр гэсэн гурван зайд түрүүлж, харих болоогүй гэдгээ нотолсон. Түүний нутаг нэгт “Эмэгтэй Болт” гэгддэг Шелли Анн Фрейзер Прайс мөн дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гүйгч гэдгээ Бээжинд тодоор харуулж чадсан юм.
“Барса” дэлхийн шилдэг баг
Испанийн Каталон үндэстний бахархал “Барселона” 2015 оны дэлхийн шилдэг багаар зүй ёсоор нэрлэгдэнэ. Лионель Месси, Луис Суарес, Неймар гэсэн шилдэг довтолгооны гурвалтай “Барса” энэ онд ЕХБХ (UEFA)-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”, Европын супер цом, ОУХБХ (FIFA)-ноос зохион байгуулдаг клубүүдийн ДАШТ, Испанийн лиг болон цом гэсэн таван фронтод түрүүлсэн юм. “Барселона” 2015 онд 176 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, багийнхаа түүхэн амжилтыг тогтоосон бөгөөд Месси, Неймар, Суарес гэсэн довтолгооны супер их гурвал нь 122 гоол оруулсан нь мөн рекорд амжилт байлаа.
Серб эрийн ноёрхолын жил
Теннисний ертөнцөд 2015 онд Сербийн Новак Жоковичийн ноёрхолын жил болж өнгөрлөө. Жокович энэ жилийн “Их дуулга”-ын “Ролан Гаррос”, “Уимблдон”, US Open”-д түрүүлж, Австралийн нээлттэй тэмцээнд үзүүрлэж, шилдэг найман теннисчин өрсөлддөг “ATP World Tour Finals”, “Мастерс”-ийн Майами, Парис, Индиан Уэллс, Монте Карло, Шанхай болон Ром, “China Open”-д түрүүлсэн. 28 настай серб эр өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн спортын академийн хамгийн нэр хүндтэй “Laureus”-ын эзэн болсон юм. Жокович спортын “Оскар”-ыг өмнө нь 2012 онд хүртэж байсан билээ.
Льюис Хэмилтон гурав дахиа дэлхийн аварга боллоо
Автоспортын хаан уралдаан “Формула-1”-ийн нэг багийн хоёр нисэгчийн давамгайлал дор болж өндөрлөсөн. Тухайлбал, “Мерседес” багийн хамтрагч Их Британийн Льюис Хэмилтон, Германы Нико Росберг хоёр өрсөлдөөн 66 дахь удаагийн “Их хурд”-ыг чимлээ. Дэлхийн аварга цолыг гурав дахиа хүртсэн Хэмилтон энэ жилийн 19 гарааны аравт нь өнгөлж, түүний хамтрагч Росберг зургаад нь торгон жолоо өргүүлсэн юм. Зохион бүтээгчдийн цомд Германы “Мерседес” 703 оноотой тасархай тэргүүлж, Италийн “Феррари” 428, Их Британийн “Уильямс” 257 оноотой удаалав.
2015 онд дэлхийн спортод болсон онцлох үйл явдал | ||
Үзсэн: 394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.