
Кёльн хотод эмэгтэйчүүдэд халдсан хэргүүдийн мөрөөр Герман улсын хуулийг чангатгах боломжтой гэж үзэж байгаагаа канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Христосын ардчилсан Холбоо намын төв удирдлагын хуралдаан дээр тэр ингэж мэдэгдсэн байна. “Хатуу чанга хууль журам”-д түшиглэн дүрвэгчдийг нийгэмшүүлэхтэй холбоотой хуулиудад юуг нь “засч сайжруулах” шаардлагатайг шийдэх хэрэгтэй гэж Меркель ярьжээ. Тухайлбал, цагаач иргэн ямар нөхцөлд Германы нутаг дээр оршин амьдрах эрхээ хасуулж болох вэ гэдгийг хэлэлцэхийг тэрээр улстөрчдөд санал болгосон юм.
Кёльн хотын төмөр замын төв буудлын өмнөх талбай болон ойролцоох гудамжуудад шинэ жилийн шөнө болсон баярын үеэр 90 орчим эмэгтэй бэлгийн халдлагад өртсөн гэж цагдаад гомдол гаргасан талаар өмнө нь ил болсон юм. Меркель үүнийг “аймшигтай явдал” гэж нэрлээд, “дахин ийм зүйл болох ёсгүй” гэж мэдэгджээ. Өөр өөр газар, өөр өөр цагуудад болсон дээрх халдлагуудад 1000 орчим хүн оролцсоны дийлэнх хувь нь “араб эсвэл хойд африк маягийн гадна төрхтэй” хүмүүс байсан аж.
Цагдаа нарыг тарах шаардлага тавихад тэд хэсэг бүлгээрээ хуваагдаж, эмэгтэйчүүдийг бүслэн дундаа хийж, дээрэмдэж, хүчирхийлжээ. Кёльн хотод шинэ жилийн шөнө дэгдсэн эмх замбараагүй явдалтай холбоотой нийт 106 өргөдөл хууль сахиулах байгууллагад ирсэн байна. Тэдний 75 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэл, доромжлолтой холбоотой байгаа юм. Шинэ он гарсны дараах эхний цагуудад 90 орчим эмэгтэй Кёльны цогчин дуган болон галт тэрэгний төв буудлаас холгүй согтуу эрчүүдэд дээрэмдүүлсэн, айлган сүрдүүлэг, бэлгийн халдлагад өртжээ.
Гамбург, Берлин, Дюссельдорф, Штутгарт зэрэг Германы бусад хотод ч бас үүнтэй төстэй тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд цагдаа нар одоо нийгмийн сүлжээнд хяналт тавьж, хэргийн газарт авсан дүрс бичлэг, гэрэл зургууд дээр ажиллаж байгаа юм.
Герман цагаач дүрвэгчдийн тухай хууль тогтоомжоо чангатгаж магадгүй | ||
Үзсэн: 1758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.