
Монгол охид, бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал, массажийн газруудад аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ.
Сэжигтэй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж, улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан нь хохирогчдын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Дээрх этгээдүүд 2015 оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр Монгол Улсын иргэн 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд 500 мянгаас 2 сая орчим төгрөгийн урамшуулал бэлэн авдаг байсан байж болзошгүй байдал тогтоогдож байна.
Хохирогчдыг олох ажлыг Улаанбаатар хотод амьдардаг “Б” гэгч хариуцан гүйцэтгэж, Монгол Улсын иргэн “Н” Малайз улсад хохирогчдыг ирэх үед хүлээн авч охид, эмэгтэйчүүдийг цааш нь Малайз улсын иргэн “А” гэгчид шилжүүлэн биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажийн газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулдаг нь тогтоогдсон ажээ.
Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож, захиалагч “Н”-ийг энэ сард Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрээс, сэжигтэй этгээд “Б”-г энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Малайз улсад хүн худалдаж байсан бүлэг этгээдийг илрүүллээ | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.